Цагдаагийн байгууллагаас 2020 онд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан  урьдчилан сануулах арга хэмжээ 77, тодорхой үйлдлийг хязгаарлах 6, биечилсэн хамгаалалт 10, мэдээллийн нууцлалыг хангах 1, тусгай техник хэрэгслээр хангах 4, аюулгүй газарт түр байрлуулах 6 нийт 104 хамгаалалтын арга хэмжээгээр шүүгч 4, прокурор 3, гэрч 6, хохирогч 82, хамаарал бүхий этгээд 6 нийт 101 хүнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн хуулийн хийдэл, давхардлыг арилгах, шинээр бий болсон зарим харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлагын дагуу боловсруулсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хууль батлагдсанаар сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, гэрч хохирогчид үзүүлэх нийгмийн бусад тусламж үйлчилгээг тодорхой болгох, түүнд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд байгуулах зэрэг чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдсэн.

Нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт, цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журам, гэрч, хохирогчийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэрэг эрх зүйн баримт бичгийг боловсруулж, батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор батлагдсан “гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлэх 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, 92.3 хувийн биелэлттэй хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн бусад байгууллагын алба хаагч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Өвөрхангай, Ховд, Орхон, Хэнтий аймагт бүсчилэн зохион байгууллаа.

Гэрч, хохирогчийг хамгаалах хууль, тогтоомж, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа, аюулгүй байдлын болон сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ,  гэрч, хохирогчид өгөх зөвлөмж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ажлын танилцуулга 7 төрлийн брошур, хамгаалалтын арга хэмжээний үйл ажиллагааг сурталчлах 6 төрлийн богино хэмжээний кино /шторк/-г хийж, олон нийтэд сурталчиллаа. 

 

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос