Танилцуулга

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН
ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Орчин цагийн цагдаагийн байгууллага нь 1921 оны 03 дугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлсний дараа Түр засгийн газар, Монгол ардын намын Төв хорооны хамтарсан хурлаар Засгийн газрын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж дотоод, цэргийн, сангийн гэсэн 3 яам байгуулж, Цэргийн яамны дэргэд хэв журам, энх амгалан байдлыг сахиулах салаа байгуулагдаж Хиагт хотын комендант Лаварын Дэмбэрэлийг даргаар нь томилсон.

Ардын Засгийн газрын 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар “Цагдаагийн тухай” асуудлыг хэлэлцэж дээрх салааг өргөтгөн “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр цэргийн яамны бүрэлдэхүүнд байгуулжээ.

Цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Богд хааны зарлигаар Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газрын даргаар ажиллаж байсан гүн Сүнгээг дуудан ирүүлж, арван тавны цагдаагийн аппаратыг татан буулгасныг мэдэгдэж, контор, буу зэвсэг, уналга бусад зүйлийг цэргийн яаманд шилжүүлэн авч Нягт гүн Ганжуурын Гүрсэдийг 1921 оны 10 дугаар сарын 11-нд Цэргийн яамны дэргэдэх “Сэргийлэх цэрэг”-ийн даргаар томилж, Нийслэл хотын комендантыг хавсран гүйцэтгүүлжээ.

Ардын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар хурлын шийдвэрт  “Ардын цагдаа нь цэрэгтэй адилгүй, гэр орондоо байж, 9 лангийн цалин авна” гэж заасан 1924 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Ардын Засгийн газрын хурлаас цагдааг 27 лангийн цалинтай болгож шинэ шинэ үүргүүд хариуцуулсан байна. Ардын цагдааг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, эдлэх эрхийг тодорхой болгон шинэчлэх зорилгоор Засгийн газрын жинхэнэ орлогч сайд Б.Цэрэндоржоор удирдуулсан комисс “Цагдан сэргийлэхийн эрх хэмжээний дүрэм”, “Цагдан цээрлүүлснийг зөрчсөнийг яллах хууль”-ийг боловсруулж Засгийн газрын 1923 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар хурлаар батлуулсан нь цагдаагийн байгууллагын болон захиргааны хариуцлагын тухай хуулиудын эх үндэс болжээ.
Цагдан сэргийлэх байгууллага зөвхөн Нийслэл хүрээнд ажиллаж байсан ба Ардын намын төв хороогоор уламжлан Залуучуудын хорооноос Улиастай хотноо комендант хэмээх цагдан сэргийлэх газар байгуулах саналыг шийдвэрлэх талаар 1924 оны 7 дугаар сард Ардын Засгийн газраас Цэргийн яаманд даалгаж байжээ. Улмаар Монгол Улсын арван дөрөвдүгээр оны илүү арван сарын 30 бөгөөд аргын тооллын 1924 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ардын Засгийн газрын 46 дугаар хуралдаанаар “Үүний урьд Ардын намын төв хороогоор уламжлан Залуучуудын хорооноос Улиастай хотноо комендант хэмээх цагдан сэргийлэх газар байгуулахаар ирүүлсэн нэгэн хэргийг гүйцэтгэн шийдэж хариу ирүүлнэ үү хэмээсэн тухайд манай Засгийн газраас харьяат Улиастай хот хэмээвээс энэ хэр цэрэг үлэмж үгүй тул комендант байгуулах явдалгүй. Гагцхүү олон овгийн хүн, иргэн нийлээд цугларсан бөгөөд хэрэг будлиан эрх биш байх учир тийнхүү залхай самууныг ариутгахын учир зөвхөн цөөн цагдаа цэргийг суулгаж цагдан сэргийлбээс зохих учир төлөвлөн ирүүлж тогтоон шийдүүлэхээр зохих газар явуулсан болой. Одоо дотоод яамнаас Улиастай хотод суугаа гадаад, дотоодын хүмүүсийг хэчнээн болох зэргийг тодорхойлон мэдүүлэн ирүүлэхээр тушаасан зүйл буй тул тухай бүр нарийвчлан хянаж захиргаа байгуулан гүйцэтгэх бөгөөд энэ удаа цагдаа цэрэг дөрвийг томилон суулган цагдан сэргийлэх ба харьяат цагдаа цэргийг тус хотын сайдад захируулан тэдний цалин, хэрэглэлийг мөн яамны ирэх оны зарлагын данснаа оруулбал болох эсэхийг тогтооно уу хэмээн ирсэн хэргийг хэлэлцээд харьяат яамнаас ийнхүү төлөвлөсөн нь зүйтэй болох учир уг төлөвлөсөн цагдаа хүн дөрвийн дээр дарга нэгэн орныг нэмэн баталж дотоод яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов” хэмээн шийдвэрлэснээр орон нутагт орчин цагийн цагдаагийн байгууллагын анхны суурь тавигдаж анхны бага даргаар Завхан аймгийн харьяат Н.Жамъянмижид томилогдон ажилласан байна.

Улиастай хотод 1935 оныг хүртэл зөвхөн хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр бага дарга 1, цагдаа 4 ажиллаж байснаас өөр цагдан сэргийлэх байгууллагын бүх төрлийн үүргийг хамтран хариуцсан тийм байгууллага орон нутагт байгаагүй юм хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

Улсын Цагдан сэргийлэх байгууллагыг 1936 оноос дахин өргөтгөн 1938-1940 онуудад Цагдан сэргийлэх байгууллагын олон албад бие даан төрөлжиж, орон нутагт анги салбаруудыг байгуулж дуусгах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Түүний нэг нь Дотоод Явдлын яамны сайд, маршал Х.Чойбалсангийн 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаалын хавсралтаар БНМАУ-ын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын Завхан аймаг дахь Цагдан сэргийлэх анги болон өргөжиж байжээ.

Цагдан сэргийлэх ажилтны анхны курсийг зохион байгуулан түүнийг төгсөгчдөөс орон нутгийн ангиудад дарга нарыг томилон ажиллуулсан бөгөөд Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангийн анхны даргаар дэслэгч Маамын Даржаа томилогдон ажиллаж байжээ. Тус анги нь дарга 1, төлөөлөгч 1, цагдаа 9 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдийг хар тамхи хэрэглэх, мөрийтэй тоглох, хулгайн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гадаадын иргэдийг бүртгэх, Монгол банкийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байв.                   

     1942 оноос Сэргийлэх хэсэг, Улсын өмч хамгаалах гэрээт гэсэн 2 чиглэлээр үүрэг гүйцэтгэх болжээ. Энэ үеэс эхлэн тус цагдан сэргийлэх ангийн дэргэд 200 гаруй адуу, 20 гаруй үхэр тэрэг, 2- 3 га тариалангийн талбай бүхий туслах аж ахуйг бий болгож  хүнсний хэрэгцээгээ хангах ажлыг шийдэж байсан байна.

1947 оноос Цагдан сэргийлэхэд туслах тавт, аравтын бригад гэсэн нэртэй иргэдийн сайн дурын бүлгэмүүдийг олноор байгуулан социалист өмч хамгаалах, хүүхэд, авто, галын, олон нийтийн байцаагч, өмчийн зөвлөл, галын сайн дурын бүлгэм, өсвөрийн сэргийлэгчид  гэсэн чиглэлээр  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг илрүүлэх ажилд 3000–6000 орчим иргэнийг татан оролцуулж  ажилласан байна.

1946-1959 онд Цагдан сэргийлэх ангид сэргийлэн хамгаалах, паспорт, иргэний гэр бүлийн бүртгэл,  мөрдөн байцаах,  хэрэг илрүүлэх, өмчийн  гэсэн албадууд  нэмэгдэн гүйцэтгэх үүрэг нь нэмэгдсэн байна.МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын Завхан аймаг дахь Цагдан сэргийлэх анги гэсэн нэршилтэй болж байсан. 

1957 оны 07 дугаар сард болсон “Онц сэргийлэгч, гал сөнөөгчдийн  анхдугаар зөвлөгөөн”-ий  үеэр  тус цагдан сэргийлэх ангийн ахмад Т.Баатар Улаанбаатар хотын 100 айл хятадын 8 дугаар гудамжинд ЗХУ-ын нэг иргэн хятадуудад хар тамхи зарж борлуулж байсныг илрүүлэн  Монгол Улсын “Онц сэргийлэгч”, ЗХУ-ын “Онц сэргийлэгч“ цол тэмдгээр тус тус шагнагджээ. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1958 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Завхан аймаг дахь Цагдан сэргийлэх анги гэсэн нэршилтэй болсон. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан хурлын 170/160 дугаар “Нууц” тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Завхан аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяа Завхан аймаг дахь Цагдан сэргийлэх анги гэсэн нэршилтэй болсон байна. 1959 онд Цагдан сэргийлэх ангийг өргөтгөн Тосонцэнгэл суманд Цагдан сэргийлэх групп байгуулан ажиллуулж эхлэв. 

1964 онд иргэдийн гар дээр байгаа галт зэвсэг, хүйтэн зэвсэг, жад гэх мэтийг бүртгэж үнэмлэх олгох ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 420/660 дугаар тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс гэж нэрлэх болж ангийн даргыг аймгийн чуулганаар баталж галын алба, хэрэг бүртгэгч, хүүхдийн төлөөлөгч зэрэг шинэ албадыг бий болгон 2-3 сумын дунд нэг хэсгийн төлөөлөгч ажиллуулж эхэлсэн нь алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд цагдаагийн ажил үйлчилгээг ойртуулсан олны талархал хүлээсэн ажил болсон байна. 

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоол, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны  1965 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Завхан аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяа Цагдан сэргийлэх анги болгон байгуулж, ангийн даргыг НАХЯамны хэлтсийн цагдан сэргийлэхийн асуудал эрхэлсэн орлогч дарга болгон өөрчилж байсан.

1969-1980 онд Иргэний  паспортын орон тооны алба, эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч, сэргийлэгчид, хөдөө аж ахуйн машин механизм хариуцсан байцаагч, өмчийн ахлах төлөөлөгч, урьдчилан сэргийлэх албаны ахлах байцаагч,  улс төрийн орлогч зэрэг албадыг орон  шинээр бий болгож, аймгийн 22 сумыг хэсгийн төлөөлөгчтэй болгожээ.
1968 онд “Алтан гадас” одонгоор
1969 онд  В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн үүрд хадгалагдах дурсгалын туг,
1978, 1980, 1981 онд жил дараалан Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газраас зарласан болзолт уралдаанд  тэргүүн байр эзлэн үүрд хадгалагдах улаан тугаар шагнагджээ.
Мөн Цагдан сэргийлэх байгууллагын 60 жилийн ойгоор  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаар зарлигаар  цагдан сэргийлэх ангийг “Алтан гадас” одонгоор  шагнасан байна.

БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөж, хэлтсийн дарга нарт тухайн дэвсгэр нутагтаа улс орны аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцуулж байжээ.

     БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс, 
БНМАУ-ын Засгийн Газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын Завхан аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “Алтан гадас” одонт Цагдаагийн хэлтэс гэсэн нэршилтэй болж хэлтсийн бүрэлдэхүүнд гал унтраах анги 2, галын гэрээт хэсэг 2, жижүүрийн биеэ даасан  алба, эргүүлийн хэсэг, мөрдөн байцаах тасаг, хэв журам, галын, авто, паспорт, эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах, өмчийн ,  хүүхэд, холбоо, дүн шинжилгээ мэдээлэл, шинжээч, улс төр боловсон хүчин, аж ахуй санхүүгийн  албадтай, томоохон туслах аж ахуйтай ажилчдын амралтын газартай болж бэхэжсэн байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” Монгол Улсын Хуулийн дагуу Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх “Алтан гадас” одонт Цагдаагийн хэлтэс, Мөн Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газрын Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх “Алтан гадас” одонт Цагдаагийн хэлтэс гэсэн нэршилтэй хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын  даргын 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар тушаалаар Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийг орон тоо, цалингийн санд нь багтаан Цагдаагийн газар болгон зохион байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Цагдаагийн газар болж өөрчлөгдсөн. Эдүгээ 97 жилийн түүхтэй орон нутгийн цагдаагийн ууган байгууллагын даргаар Завхан аймгийн харьяат н.Жамъянмижид /1924 оноос/, дэслэгч Маамын Даржаа /1938-1940 он/, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Аюушийн Буджав /1940-1943 он/, н.Нямдарь /1943-1946 он/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат хошууч Лувсангийн Доржготов /1946-1949 он/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын харьяат  хошууч Цогтын Намхай 1949-1951 он/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат ахмад Сампилдоржийн Долгорсүрэнжав /1951-1953 он/, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат дэд хурандаа Чойжилжавын Дамдинсүрэн /1953-1954 он/, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат хурандаа Лувсангийн Дэндэвноров /1954-1958 он/, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат хурандаа Майнаахүүгийн Загдсамбар /1958-1961 он/, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат хурандаа Лувсанцэрэнгийн Гүнчин-Иш /1963-1969 он/,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат хурандаа Цагааны Мишигдорж /1970-1975 он/ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат хурандаа Ланган Төвсүрэн /1972-1978 он/, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат хошууч генерал Данзангийн Сандаг-Очир /1978-1982 он/, Улаанбаатар хотын харьяат дэд хурандаа Пүрэвсэдийн Болд /1984-1988 он/ Увс аймгийн  Давст сумын харьяат цагдаагийн дэд хурандаа Гэндэнгийн Тэгшээ /1991-1992 он/,  Завхан аймгийн Яруу сумын харьяат цагдаагийн хурандаа Хувцагааны Батдорж  /1992-1996 он/, Баянхонгор сумын Хүрээмарал сумын харьяат цагдаагийн хурандаа Шаахүүгийн  Довдон /1996-1998 он/, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат цагдаагийн хурандаа Пэлжээгийн Мягмарсүрэн /1998-2008 он/, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат цагдаагийн хурандаа Шийтэрийн Даваасүрэн /2008-2011 он/, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат цагдаагийн хурандаа Арслангийн Батбаяр /2001-2012 он/, Улаанбаатар хотын харьяат цагдаагийн хурандаа Гантөмөрийн Эрдэнэбаатар /2012-2016 он/, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат цагдаагийн хурандаа Сандагийн Цэрэнсамбуу /2016-2020 он/, Улаанбаатар хотын харьяат цагдаагийн дэд хурандаа Наранбаярын Отгонжаргал 2020 оноос ажиллаж байна.

Завхан аймгийн Цагдаагийн газар нь Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх гэсэн зохион байгуулалтын 7 тасаг, Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Тэс, Отгон, Завханмандал сумдад сум дундын цагдаагийн тасаг, Сонгино сумд Цагдаагийн хэсэг гэсэн бүтэцтэй, батлагдсан 216 албан хаагч, ажилтны орон тоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, гүйцэтгэлийн төлөвлөгөө, удирдах дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэл, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Бидний тухай