ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1939 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 525 дугаар тушаалаар эх орны өмнөд хязгаар Өмнөговь аймагт цагдан сэргийлэх ангийг 16 орон тоотойгоор байгуулсан үеэс өнөөгийн цагдаагийн газрын тулгын чулуу тавигдсан түүхтэй. Ийнхүү өмнийн цэнхэр говьд цагдаагийн байгууллага хэмээх нэгэн өрх бүл нэмж, энэ л үеэсээ эхлэн говь нутгийнхаа зон олны энх амгаланг хангах, ард иргэдийн хийгээд улс хоршооллын эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, уурын тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй байдлыг нь хангуулах зэрэг олон талт ажил үүргийг гүйцэтгэх болжээ.
Монгол оронд 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр нөлөөгөөр нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо руу шилжсэн түүхэн цаг үед Өмнөговь аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс татан буугдаж, Цагдан сэргийлэх анги биеэ даасан санхүү аж ахуй, бүтэц зохион байгуулалттай болж, улмаар Аймгийн депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны дэргэдэх Цагдаагийн хэлтэс, мөн оны 11-р сараас аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс гэж нэрлэгдэн, үйл ажиллагааны хувьд өргөжин хөгжих, боловсронгуй болох эхлэл тавигдсан билээ. Эдгээр он жилүүд нь манай цагдаагийн байгууллагын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн сацуу их бүтээн байгуулалт өрнөсөн хөгжил дэвшлийн он жилүүд байв.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай” Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яамны “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 673 дугаар тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар” 2023 онд “Өмнөговь аймгийн цагдаагийн газар” болон тус тус зохион байгуулагдсан.
Тус цагдаагийн газар нь Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Замын цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 827 дугаар тусгай салбар Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын Цагдаагийн тасаг, Гурвантэс сумын Цагдаагийн тасаг, 11 суманд хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байна.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын стратегийн ач холбогдолтой томоохон орд газарт уул уурхай, бүтээн байгуулалт дагасан иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэж аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өсөж байгаа үед аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, нутгийн зон олныхоо амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байна.