Цагдаагийн байгууллагаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 2020 оны эхний хагас жилд 69 хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж, 64 хүний аюулгүй байдлыг ямар нэгэн эрсдэлгүй зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах журам, стандарт, гэрээний загварыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус хэлтсийн даргын тушаалаар байгуулж, Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт, Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч хохирогчийг хамгаалах журам, Хамгаалалтад авагдсан гэрч, хохирогчтой болон хамтран ажиллах байгууллагатай ажиллах гэрээний загварыг тус тус шинээр, Гэрч, хохирогчийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хамгаалалтад авсан гэрч, хохирогчид нийгмийн туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлын төсвийн төслийг боловсрууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд дадлагажуулах, мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран орон нутгийн Хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын 123 алба хаагч, ажилтнуудад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Өвөрхангай, Ховд, Орхон, Хэнтий аймагт тус тус бүсчлэн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Сэтгэл зүйн проектив судалгааны аргууд номыг 100 ширхэг, Хамгаалалтын арга хэмжээ гарын авлагыг 300 ширхэг, Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааны тойм 500 ширхэг, 7 төрлийн танилцуулгыг 2450 ширхэг, 6 төрлийн хамгаалалтын арга хэмжээний үйл ажиллагааг сурталчлах богино хэмжээний кино /шторк/-ийг тус тус хийж сургалтад хамрагдсан алба хаагч ажилтнуудад олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулсан.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран “Оролцогчдын сэтгэл зүйн онцлог, Гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчтай харилцах ажиллагааны үеийн онцлог, Насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэнтэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалтыг Цахим сургалтын нэгдсэн систем /testserver.police.gov/Moodle/ программд байршуулж, 538 алба хаагчийг хамруулан зохион байгууллаа.