Танилцуулга

ТӨМӨР ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Энэ зууны эхээр буюу олноо өргөгдсөний дөрөвдүгээр /1915/ онд Монгол улсын эзэн хаан VIII богд Жавзандамба хутагтаас улсын дээд хурлын сайд, түшмэдэд өргөн барьсан бичигт “Уул уурхайг хөгжүүлэх, Төмөр зам барих тухай дэвшүүлж байсан” санааг Монгол Зөвлөлтийн Засгийн газруудын хооронд 1936 оны 03-р сард байгуулсан хэлэлцээрийг үндэслэн Улаанбаатар Налайхын хооронд нарийн цармын төмөр замыг 1938 онд ашиглалтад оруулснаар  “Монголын Төмөр зам”  хэмээх их айл үүсжээ. Төмөр замын байгууллага үүсэн байгуулагдсан цаг үеэс улбаатайгаар төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам хангах ажил  зайлшгүй шаардагдаж байсныг тэр үеийн төр засаг анхааралдаа авч Зөвлөлд Холбоот улсын /хуучин нэрээр/ хүч хөрөнгөөр Наушка-Улаанбаатарын чиглэлд 402 км урт төмөр зам тавьж, 1949 оны 11 дүгээр сард  ашиглалтад оруулснаар улс ардын аж ахуйн шинэ салбарт өөрийн  онцлогоос  үүсэн гарч болох гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулах мэргэжлийн алба байгуулах үүргийг Засгийн газраас Дотоод явдлын яаманд  өгчээ.

Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, галт тэрэгний  хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, Монгол-Оросын хамтарсан нийгэмлэгийн өмч хөрөнгийг халдлагаас хамгаалах үүрэгтэй анх 1950 онд Дотоод Явдлын яамны сайд хошууч генерал н.Дүйнхэржавын баталсан Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын орон тооны барим бичигт “Төмөр замын пунктэд” дарга 1, цагдаа 9 орон тоог баталж сайдын  1950 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 тоот тушаалаар  байгуулагдсан. Анхны даргаар дэслэгч Г.Рэнцэндорж томилогдон ажиллажээ.

Цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангах талаар төр засгаас авч явуулсан бодлогод хамрагдаж Төмөр замын цагдан сэргийлэх группийг ДЯЯ-ны Сайдын 1951.08.01-ний өдрийн 614 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газарт Төмөр замын цагдан сэргийлэх тасгийг байгуулсан тухай, НАХХЭЯ-ны сайдын 1956.01.31-ний өдрийн 33 дугаар тушаалаар Төмөр замын 4 дүгээр хэлтэст тасаг байгуулсан, НАХЯ-ны сайдын 1961.01.16-ний өдрийн 20 дугаар тушаалаар Төмөр замын шугамын тасгийг татан буулгаж Улаанбаатар хот дахь тасагтай нэгтгэсэн, НАХЯ-ны сайдын 1963.01.15-ны өдрийн 25 дугаар тушаалаар Төмөр замын  хэлтсийн дотор тасаг групп байгуулсан, мөн сайдын 1965.10.09-ний өдрийн 521 дүгээр тушаалаар Улсын аюулаас хамгаалах газрын 2 дугаар хэлтсийн Төмөр замын тасаг, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Төмөр замын хэлтсийг нэгтгэж Төмөр замын хэлтэс байгуулагдсан.

 

 

Бидний тухай

     Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/294 дугаар тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар болон 74 офицер, 101 ахлагч 7 энгийн нийт 182 алба хаагчийн орон тоотойгоор төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл 6 аймаг /Говьсүмбэр, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон/, 6 дүүргийн /Багахангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, хэлтэс/ нутаг дэвсгэр дамнасан 1115 километр урт, 78 өртөө, зөрлөг, точик, 8 салбарласан зам, салаа замууд болон төмөр замын 56 аж ахуй нэгжид/ үүнээс нийслэлд 31, урд хойд чиглэлд 24, Дорнод аймгийн Баянтүмэн суманд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа болон урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй “Хамгаалалтын гэрээ”-г  жил бүр байгуулж ажилладаг. Төмөр замын цагдаагийн газар нь бүтцийн хувьд Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг гэсэн 6 тасагтай, урд чиглэлд Замын-Үүд, Сайншанд зангилааны цагдаагийн  хэсэг, хойд чиглэлд Дархан, Сүхбаатар  зангилааны цагдаагийн хэсэг гэсэн дэд  хэсэгтэй.

Тус цагдаагийн газрын төв байр нь Улаанбаатар хүрээний цагдаагийн нутаг дэвсгэрт байрладаг, бүтцийн хувьд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газарт хамаардаг. Алба хаагчид салбар зам дагуу өртөө, зөрлөгт суурин ажиллаж, Улаанбаатар хотоос өдөр бүр орон нутгийн 9 чиглэлийн суудлын галт тэргэнд давхардсан тоогоор долоо хоногт 100-102 цагдаагийн алба хаагч 24-48 цагийн үүрэг гүйцэтгэдэг.