ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулан аймгуудыг олшруулан, хошуудыг татан буулгаж, 13 аймгийн шинээр байгуулахад Дотоод явдлын яамны 1930 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тушаалаар шинэ Говь-Алтай аймаг дахь ангийг анх байгуулжээ. БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1942 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалаар БНМАУ-ын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Говь-Алтай аймаг дахь Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр анх байгуулагдсан. 1992 онд “Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, 2014 онд “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар”, 2022 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор “Тайширын усан цахилгаан станц”-ыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад 2021 оноос шилжүүлж, объектын хамгаалалтын орон тоо, зардлыг шийдвэрлэхийг үүрэг болгосноор “Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбар” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Объект хамгаалалтад хүлээн авах тухай” А/18 дугаар тушаалаар “Тайширын усан цахилгаан станц”-ыг, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны А/09 дүгээр тушаалаар “Алтай хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад тус тус хүлээн авч хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна.