Танилцуулга

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь анх 1942 онд одоогийн Бөмбөгөр сумын төвд “Худаг сүүж” гэдэг газар Дотоод явдлын яамны сайдын 1942 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 тоот тушаалаар ДЯЯ-ны харъяа Баянхонгор аймаг дахь Цагдан сэргийлэх анги нэртэйгээр байгуулагджээ. Энэ тушаалаар Цагдан сэргийлэх ангийн даргаар Дамдинжавын Батсэнгээ томилогдож, түүний мэдэлд жинхэнэ, туслах төлөөлөгч, сэргийлэн хамгаалах байцаагч, цагдаа гуравтайгаар бүгд 7 орон тоотой зохион байгуулагдсанаар тус цагдаагийн газрын түүхэн замнал эхэлсэн. Баянхонгор аймаг байгуулах газар нутаг үзэх Засгийн газрын комисс олон газар нутаг үзэж байгаад 12 дугаар сарын 28-нд одоогийн Бөмбөгөр сумын төв “Худаг дэнж”-ийг сонгож, аймгийн цагдан сэргийлэх, шүүх, хоршоо, сургууль, эмнэлэг зэрэг 12 байгууллагын шавыг тавьж зураглан буулгаж, хараа сайн хүрэх төвийн өндөрлөг зүүн дэнжид Цагдан сэргийлэх ангид нэг гэр барьж, хамгаалах, бүртгэх, хэл болох, аюулгүй ажиллагааг сануулах эрхтэйгээр төлөөлөгч н.Самданг үлдээснээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар анх байгуулагдсан гэж аймгийн анхны даргын дурьдатгал болон аймгийн архивын баримтуудад тэмдэглэгдсэн байдаг. Архивт хадгалдагдаж буй Дотоод явдлын яамны сайдын 1942 оны тушаалыг шүүж үзэхэд: 1942 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 дүгээр тушаалд: “...Бөмбөгөр / Баянхонгор/ аймагт Аюулаас хамгаалах хэлтсийн орон тоог дурьдан даргаар нь Дамдинжавын Батсэнгээг томилсон байна.

Мөн 1942 оны 1 сарын 12-ны Дотоод Явдлын Яамны сайдаас гаргасан 15 дугаар тушаалаар Бөмбөгөр аймаг дахь Цагдан Сэргийлэх ангийн даргад гүйцэтгэх хэлтсийн ахлах төлөөлөгч бага лейтенант Загдын Самдан, жинхэнэ төлөөлөгчид Ховд аймгийн паспортын байцаагч Чойжилын Шагдар, паспортын байцаагч бөгөөд гадаадын харъяат нарыг бүртгэх байцаагчид Дамцагийн Зандар гэсэн орон тоотойгоор баталсан баримт байдаг. Бөмбөгөр /одоогийн Баянхонгор аймаг/ аймгийн төв нь 1942-1943 онд одоогийн Баян-Овоо сумын нутаг Гучингийн гол, Цагаан эрэг, Галуут сумын төвүүдэд шилжин суурьшиж байсан ба 1961 онд одоогийн төвлөрсөн “Номгон хайрхан”-ы ар хормойд тунгалаг урсгалт Түйн голын зах дээр нүүдэллэн ирсэн.

 

Бидний тухай

     Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс нь 1961-1970 он хүртэл гэр контортой, эсгий бэржентэн амбаараар мөрдөн, зооны байрыг хийж, ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 1969 онд улсын хөрөнгө оруулалтаар 10 өрөө бүхий мөрдөнгийн байр, 1970 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хэлтсийн 2 давхар албан конторын барилга, 1992- 1993 онд хэлтсийн өргөтгөлийг Цагдан хорих байрны хамт, 2006 онд Эрүүлжүүлэх саатуулах байр, 2016 онд цагдаагийн газрын конторын шинэ барилгыг, 2018 онд албаны бэлтгэлийн “Угалз” клубын тус тус ашиглалтад оруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 426 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгож, тус газарт Бууцагаан, Жаргалант, Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийг тус тус байгуулан 2023 онд Жаргалант, Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн конторын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулж ашиглалтад оруулсан.  Баянхонгор аймгийн цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Удирдлагын баг, 7 тасгийн бүтэцтэйгээр  хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.