Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасан чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас 2019 онд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 144 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 134 гэрч, хохирогч, иргэний амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалж ажиллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс цагдаагийн байгууллагын алба хаагчдаас гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 26 удаагийн 78 цагийн сургалтыг зохион байгуулж 938 алба хаагчийг хамруулсан байна.
Тухайлбал:
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан байгууллагын Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил хариуцсан алба хаагчийн сургалтад 60 байгууллагын 82 алба хаагч,
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэл, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын болон Төмөр замын цагдаагийн хэлтэс зэрэг 16 нэгжийн 612 алба хаагчид Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгуулжээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасны дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн.
Хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, чуулганд оролцсон гишүүдийн 51,3 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд Гэрч, хохирогч түүний хамаарал бүхий этгээд, Насанд хүрээгүй гэрч, хохирогч, хорих болон цагдан хорих байранд хоригдож буй гэрч, хохирогч түүний хамаарал бүхий этгээдийн аюулын эрсдэлийн түвшинг үнэлэх маягтыг шинэчлэн боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөж байна.

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос