СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ургах нартай золгодог, эх орны зүүн өмнөд хязгаар Дарьгангын тал нутагт 1942 онд “Жавхлант шарга” буюу одоогийн Сүхбаатар аймаг байгуулагдсан үеэс аймгийн Цагдаагийн байгууллагын түүх эхэлдэг. Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага анх ДЯЯ-ны сайдын 1942 оны 01 сарын 12-ны өдрийн тушаалаар “Цагдан сэргийлэх” анги нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар тус аймгийн Түвшинширээ сумын уугуул Равжаагийн Рэгдэл томилогдон ажиллажээ.
1953 оны 12 сарын 28-нд мөн яамны сайдын тушаалаар НАХЯ-ны хэлтэст нэгтгэн 1957 оны 02 сард цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөсөн байна. Монгол улс хил хамгаалах журмаа өөрчлөх, хязгаарын цэргээс татан буулгахад “Бунхант”, “Бичигт”-ийн пунктыг НАХХ-т харьяалуулж, улсын хилийн асуудлыг шийдвэрлэх комиссараар хэлтсийн даргыг томилжээ. МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 1957 оны 07 сарын 02- ны өдрийн тогтоолоор хоёр хэлтсийг нэгтгэж, гүйцэтгэх 1-р тасаг, Цагдан сэргийлэх асуудал эрхэлсэн 2-р тасаг, аж ахуйн пункт гэсэн зохион байгуулалттай, 65 нэгжийн орон тоотой болгож 1958 онд хорих ангийг Хэнтий аймгийн хорих лагерт, 1967 онд хилийн пунктуудыг Дорноговь аймаг дахь хилийн төлөөлөгчийн аппаратад тус тус шилжүүлжээ.
МАХН-ын Төв хороо БНХАУ-ын сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 сарын 30-ны өдрийн хавсарсан тогтоолоор НАХХ, УАХГ-ын төлөөлөгчийн аппарат болгон Цагдан сэргийлэх ангийг салгаж АДХГЗ-ны “Цагдан сэргийлэх” хэмээн нэрлэх болжээ. 1965 оны 5-р сард хоёр хэлтсийг дахин нэгтгэж цагдан сэргийлэх анги болгон даргыг нь НАХ хэлтсийн орлогч болгожээ. Ийнхүү цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь Аймгийн НАХХ-ийн түүхтэй 1990 оныг хүртэл салшгүй холбоотой явж иржээ. НАХЯ болон цагдаагийн хэлтэс дайны хүнд жилүүдэд байгуулагдсан тул өөрийн үндсэн үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн эрх ашиг, ар талыг хамгаалах, хэв журам сахиулах, алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх, шаардлага тохиолдвол эх орноо хамгаалах үйлсэд зэвсэг барин тэмцэхэд бэлэн байхаар ажлаа зохион байгуулж байжээ.
Тус байгууллагын түүхэнд эх орноосоо урван тагнуул үйлдэх, иргэдийг мухар сүсгийн нөлөөгөөр хууран мэхлэх, улс, хоршооллын өмч хөрөнгийг зальт аргаар ашиглан шамшигдуулах зохион байгуулалттай бүлэг хулгай, хүний амь биеийг жигшүүрт аргаар бүрэлгэсэн зэрэг олон тооны хэргүүдийг мэргэжлийн ур чадвар, ГА-ын арга хэрэгслийг ашиглан илрүүлсэн баримт архивт хадгалагдан үлдсэн байдаг. Монголын цагдаагийн анхны дарга нарын нэг Магсархурцын Дугаржав /1923-1926/ НАХЯ-ны сайдаар 1961-1962 онд ажиллаж байсан генерал Цэвэгийн Нансалжав, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Монголын цагдаагийн Эрүүгийн тагнуулын албаны анхны дарга хошууч /энхжүүлэгч/ цолтой Цэвээний Галт, 1966 онд Улаанбаатар хотод болсон гамшигт үерээс олон хүний амь аварч цагдаа болон зон олны талархлыг хүлээн гайхагдаж явсан алдарт усч, уулын спортын мастер Цагдаа тагнуулын байгууллагын домогт дарга хурандаа Дамбын Дорж, Монгол улсын “Гавьяат хуульч” Сампилын Дамдин, гэмт хэрэгтний хойноос мөшгиж яваад харамсалтайгаар амиа алдсан түрүүч Гомбосүрэнгийн Жаргал нараараа манай хамт олон бахархаж байдаг. НАХХ-ийн харьяа гал команд 1972 онд байгуулагдсан нь галын байгууллага, ОБГ-ын эхлэл болж анхны даргаар хашир туршлагатай ажилтан хошууч Н.Жарантай томилогдон ажиллажээ. Тус алба тухайн үедээ галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг богино хугацаанд, хохирол багатай унтраах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ НХЖ сахиулах, эргүүл шалгалт, нэгдсэн арга хэмжээнд цагдаагийн ажилтны нэг адил оролцож байжээ. УЦСЕГ-т 1976 онд Улс төрийн хэлтэс байгуулагдаж 1980 аад оноос 60-аас дээш алба хаагчтай анги хэлтэст улс төрийн орлогч ажиллах болж хошууч Д.Жамбалдорж томилогдон намын үүрийн даргын үүргийг давхар гүйцэтгэж, сургалт соён гэгээрүүлэх болон сэргийлэхийн ажилтны ёс зүйг төлөвшүүлэх хамт олны дотор “Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийн төлөө” зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн улс, төрийн болон хүмүүжлийн, спорт урлагийн олон талт ажлыг явуулж тодорхой үр дүнд хүрч байсан түүхтэй.
Цагдаагийн байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдээс төрийн хэрэгт оролцох нэгэн хэлбэр болох гэмт хэрэгтэй тэмцэх ажилд албан байгууллага, баг, хорооны иргэдийн хүч оролцоог зохион байгуулалттайгаар татан оролцуулах зорилгоор 1961 онд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын СНЗ-ыг 189/253 дугаар тогтоолоор “Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад”-ын дүрмийг батлан гаргажээ.
Эрх зүйн дээрх баримт бичиг гарсан нь иргэд олон түмний идэвх санаачилгыг өрнүүлж цагдан сэргийлэх байгууллагын ажилд туслах иргэдийн оролцоонд урам зориг өгсөн чухал арга хэмжээ болсон юм. 1981 онд “Ардын нөхөрлөл” хэмээн нэрлэх болж ардын нөхөрлөлийн гишүүд, цагдан сэргийлэхийн ажилтнуудтай хамтарсан болон бие даан гудамж талбай, олон нийтийн газруудад эргүүл шалгалт хийх, зам тээврийн хэрэг, зөрчилтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ухуулга яриа хийх, хэрэг зөрчилд холбогдож болзошгүй этгээдүүдийг судлан, хяналт тавих зэрэг ажлыг зохион байгуулж байв. 1968, 1974 онуудад ЦСБТОНБ-ын гишүүдийн улсын зөвлөгөөнийг хийж байжээ. ЦСБТОНБ нь 1940-1990 оныг хүртэл ЦСБ-д гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, туслах хүчний үүргээ сайн гүйцэтгэж байсан нь архивын баримтад тэмдэглэгджээ. Тус аймагт ЦСБТОНБ-ын гишүүн Т.Ласран, Ж.Дамиран, Б.Мядагмаа, Ш.Ичинхорлоо нарын олон гишүүд идэвх зүтгэл гарган ажиллаж байлаа.
Цагдан сэргийлэх байгууллагын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар 1978 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь орон нутагт нэг загварын барилгууд барихаар шийдвэрлэж, тус аймгийн цагдаагийн хэлтэс шинэ байртай болж, гадна дотно орчны тохижуулалтыг бие бүрэлдэхүүний хүчээр хийж гүйцэтгэсэн нь өнөөгийн тав тухтай тохилог байдлын эхлэл тавигдсан юм.
Байгуулагдсан цагаасаа Цагдан сэргийлэх анги нэртэйгээр төр, түмнийхээ өмнө хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх журамт үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж, БНМАУ-ын ЗГ-ын 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэс, БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Сүхбаатар аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны өдрийн 11 сарын 05-ны өдрийн 735 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс нь Сүхбаатар аймаг дахь “Цагдаагийн газар” болон үйл ажиллагаа нь өргөжсөн юм.
Түүнээс хойш Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/293 дугаар тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад сум дундын цагдаагийн тасаг, Мөнххаан суманд сум дундын цагдаагийн хэсэг гэсэн бүтэцтэйгээр нийт 119 /офицер 70, ахлагч 46, энгийн 3/ орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.