Цагдаагийн албанаас 2020 оны Нэгдүгээр улиралд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан 41 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 30 хүнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс 2020 оны 01 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор зэрэг байгууллагуудтай хамтран орон нутгийн шүүх, прокурор, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Өвөрхангай, Ховд, Орхон, Хэнтий аймгуудад бүсчилэн амжилттай зохион байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэр тус бүрээр 6 төрлийн богино хэмжээний кино /шторк/ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчиллаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу алба хаагчдын гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2020 оны 03 дугаар сард “Оролцогчдын сэтгэл зүйн онцлог”, "Гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчтай харилцах ажиллагааны үеийн онцлог”, “Насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэнтэй харилцах ажиллагаа” сэдвүүдээр цахим сургалтыг явуулж, 598 алба хаагчийг хамрууллаа.
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС