Танилцуулга

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар нь Дотоод явдлын яамны Улсын цагдан сэргийлэх газрын даргын 1940 оны 223 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын “Баян-Өлгий аймаг дахь цагдан сэргийлэх анги” нэртэйгээр анх байгуулагджээ.
- БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын түүх /1921-1980/ номын 84 дүгээр талд “1940 онд Баян-Өлгий аймгийн цагдан сэргийлэх анги байгуулагдсан”,
- Цагдан сэргийлэхийн тухай түүхэн өгүүлэл /1979 он Р.Гүнсэн, Б.Сэнгэдорж/ 66 дугаар талд “...1940 онд Баян-Өлгий...аймагт цагдан сэргийлэх анги байгуулсан”,
- “Монгол төрийн цагдаагийн уламжлал, түүхэн хөгжилт,” II боть /А.Думбурай/ номын 146, 147  дугаар талд“...1940-12-23-нд Говь-Алтайд, 1940-08-22-нд Баян-Өлгий аймагт, 1940 оны хавар Увс аймагт цагдан сэргийлэх ангиуд байгуулснаар бүх аймгууд цагдан сэргийлэх ангитай болжээ” гэж тус тус дурдсан байна.

     Архивт хадгалагдсан баримтуудаас тушаалын дугаар олдоогүй боловч 1941 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дэслэгч О.Халхабай, төлөөлөгч н.Буянцог нарын бичсэн илтгэх хуудасны 2 дугаар нүүрэнд “Тус цагдан сэргийлэх анги нь 1940 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 орон тоотойгоор /ахлах дарга 1, дунд дарга 3, жинхэнэ цагдаа 5/, Цагааннуурын Цагдан сэргийлэх салаа нь 23 орон тоотойгоор /дунд дарга 1, бага дарга 2, жинхэнэ цагдаа 20/ байгуулагдсан гэж дурджээ. Цагдан сэргийлэх ангийн анхны даргаар Ховд аймгийн харьяат ахмад Сүхийн Даржаа, сэргийлэгчээр н.Ядам, н.Хавдолда, н.Сапах, н.Орныхан нар томилогдон ажиллаж байжээ.

Тус цагдаагийн газрын 1943 оны орон тоонд дарга 1, төлөөлөгч 1, гадаадын харьяат нарыг бүртгэх байцаагч 1, бага дарга 1, уурын тэрэгний байцаагч 1, цагдаа 8, галч, цэвэрлэгч 1, 1944 оны орон тоонд дарга 1, төлөөлөгч 1, паспортын байцаагч 1, цагдаа 4, галч, цэвэрлэгч 1, 1946 оны орон тоонд ангийн дарга 1, жинхэнэ төлөөлөгч 1, туслах төлөөлөгч 1, хэсгийн төлөөлөгч 1, цагдаа 3 гэсэн орон тоогоор ажилласан байна. Үүнээс өмнөх бүтэц орон тоо болон томилгоотой холбоотой баримт байхгүй байна.
- МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Баян-Өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги”,
- МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1958 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Баян-Өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги”,
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Баян-Өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги”,
- МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 420/660 дугаар тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”,
- МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоол, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 1965 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Баян-Өлгий аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяа Цагдан сэргийлэх анги” зэрэг нэршил, зохион байгуулалт, бүтцийн хувьд өөрчлөгдөж байсан байна.

     Яамны сайдын 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 308  дугаар тушаалаар Баян-Өлгий, Хэнтий аймгуудад гал команд байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. 1990 он хүртэл Цагдан сэргийлэх анги нь НАХ хэлтсийн харьяанд байсан ба орон тоо цөөхөн, хоёр байгууллагын жолооч, холбооны инженер, бичиг хэргийн эрхлэгч зэрэг албан тушаалуудад нэг л хүн ажиллаж байж. БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаар тушаалаар тус аймгийн Цагдан сэргийлэх ангийг бусад аймгуудын нэгэн адил БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны “Цагдан сэргийлэх хэлтэс” болгон өргөтгөн зохион байгуулсан байна.
- БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэс”,
- БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэс” болгосон тодорхой шийдвэрүүд гарсан байна.
- БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс” болгон Гүйцэтгэх, Мөрдөн байцаах, Хэв журам, Замын цагдаа, Паспорт, Захиргаа, аж ахуйн албатай болгон бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс” гэж нэрлэх болсон байна.

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 651 дүгээр тушаалаар тус хэлтсийг Удирдлага, Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэв журмын тасаг, Замын цагдаагийн тасаг, Ногооннуур сумын цагдаагийн тасаг, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэцтэй 113 орон тоотой зохион байгуулалтыг шинэчилсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай” 672 дугаар тушаалаар Удирдлага, Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэв журмын тасаг, Замын цагдаагийн тасаг, Ногооннуур сумын цагдаагийн тасаг, Улаанхус сумын цагдаагийн хэсэг, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэцтэй нийт 113 орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймгийн хүн амын өсөлт, зах зээлийн харилцаа, аялал жуулчлал, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар тушаалаар тус хэлтсийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар” болгон өргөжүүлэн зохион байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон тоо батлах тухай” 267 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын орон тоо, албан тушаал цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан бөгөөд Удирдлага, Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг, Улаанхус сум дахь цагдаагийн хэсэг, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэцтэй нийт 122 орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулж эхлэв.

Хууль зүйн салбар түүний дотор цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хууль, дагалдан өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо батлах тухай” 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Уг тушаалаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар” гэсэн нэршлийг “Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар” болгон өөрчлөв. Цагдаагийн газрын бүтэц, орон тоог Удирдлага, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Дэмжлэг үзүүлэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасагт, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Ногооннуур сум дахь цагдаагийн хэсэг, Улаанхус сум дахь цагдаагийн хэсэг, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн нийт 122 орон тоотой баталсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/279 дугаар тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн бүтэц, орон тоог шинэчилсэн бөгөөд Цагдаагийн газрыг Удирдлага, Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг, Улаанхус сум дахь цагдаагийн хэсэг, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэцтэйгээр нийт 123 орон тоотой баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийг цагдаагийн гэрээт хамгаалалтанд байх объектын жагсаалтанд оруулсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гэрээт хэсэг байгуулах, орон тоо батлах тухай” Б/179 дүгээр тушаалаар тус аймаг дахь цагдаагийн газрын Цагааннуур тосгон дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсгийг шинээр байгуулсан.

Тахарын ерөнхий газрыг 2016 онд татан буулгаж, хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн “Зарим нэгжийн бүтэц орон тоо батлах тухай” Б/437 дугаар тушаалаар шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсэг байгуулж, хэсгийн дарга 1, харуулын цагдаа 6, нийт 7 орон тоотой ажиллахаар батлагдсан. Тухайн үед Цагдаагийн газар нь Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг, Улаанхус сум дахь цагдаагийн хэсэг, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэцтэйгээр нийт 147 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан.

Дотоодын цэргийн тухай хууль 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, Дотоодын цэргийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, цагдаагийн цол хураах тухай” Б/493 дугаар тушаалаар Цагааннуур тосгон дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсгийн зарим алба хаагчдыг албан тушаал /ажлын байр/-аас чөлөөлж, цагдаагийн цол хурааж, Дотоодын цэргийн штабын мэдэлд шилжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “Дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ыг баталж, мөрдүүлсэнтэй холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах Дотоодын цэргийн тусгай салаа /гэрээт/-г салааны захирагч 1, харуулын дарга 3, харуулчин 12, жолооч 1, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” А/135 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Орон тоонд өөрчлөлт оруулах тухай” А/58 дугаар тушаалаар тус Цагдаагийн газарт “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг 3 орон тоотой байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нутаг дэвсгэр хариуцсан байгууллагад Шуурхай удирдлагын тасаг байгуулах, албан тушаал, орон тоог, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай” А/212 дугаар тушаалаар Цагдаагийн газарт “Шуурхай удирдлагын тасаг”-ийг 12 орон тоотой тус тус байгуулсан байна.

Одоо тус Цагдаагийн газар нь Удирдлага, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Ногооннуур сум дахь цагдаагийн тасаг, Улаанхус сум дахь цагдаагийн хэсэг, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, Дотоодын цэргийн тусгай /гэрээт/ салаа гэсэн бүтэцтэй 152 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Тамешкений Менгельс 1992 онд орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарын дотроос түүхэнд анх удаа “Цагдаагийн хурандаа” цолоор шагнуулсан түүхэн үйл явдал болжээ. Мөн тус Цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн алба хаагчдаас Т.Менгельс, С.Халидолда, Т.Костёр, Т.Бакыт, К.Женисгүл, М.Батболд, Б.Батхүү, Б.Наранбаатар, А.Бахыт, Т.Ганбат, Н.Ууганбаяр нар “Цагдаагийн хурандаа”, Д.Тойжамц, Ж.Сейтахмет, Ш.Мурат нар “Хурандаа” хэмээх эрхэм цолыг хүртжээ. Цагдаагийн  хурандаа К.Женисгүл 2012-2013 онд тус Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Цагдаагийн байгууллагын түүхэнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг удирдсан анхны эмэгтэй дарга болсон байна. 1997 онд Цагдаагийн хэлтсийн Буянт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Мурат аймгийн баяр наадамд 8 даван 2 дахь удаагаа түрүүлж, Аймгийн хурц арслан цол хүртсэн бол 2005 онд хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хугацаанд Кураш бөхийн барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “үнэмлэхүй” жинд түрүүлж, Олон улсын хэмжээний мастер цолоор шагнуулсан зэрэг өндөр амжилтыг гаргасан байна. Тус Цагдаагийн газар нь ажил, хөдөлмөрөөрөө 2014 онд аймгийн төв Өлгий сумын “Манлайлагч байгууллага”-аар, 2015 онд “Аймгийн шилдэг байгууллага”-аар, 2018 онд “Аймгийн Тэргүүний байгууллага”-аас тус тус шалгарч байсан. Тус Цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/344 тушаалаар 75 ойг байгууллагын хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

 

 

Бидний тухай

Community