Танилцуулга

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг баталж, уг хуулиар цагдаагийн байгууллагад харьяалуулсан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газраас удирдлага, зохион байгуулалтын олон талт арга хэмжээнүүдийг авч, ажиллаж ирсэн. Дээрх хуулиуд батлагдсантай холбоотой улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо тасралтгүй өссөн төдийгүй тэдгээрийг шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/132 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд “Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэс”-ийг байгуулжээ.
     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар Хэрэг бүртгэх албаны орон тоог Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэст шилжүүлж, уг албаны харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах ажилтан орон тоог зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэлт явуулах дагнасан чиг үүргийг гүйцэтгүүлэхээр томилон ажиллуулсан байна.
Улмаар 2022 онд хийгдсэн (сүүлийн 5 жилийн) цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол, мэдээллийн байдалд дүн, шинжилгээний дүнгээр хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, мэдээллийн 65.0-75.0 хувийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж байсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах дагнасан чиг үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулж, хүний нөөцийн нэгдмэл байдлыг хангах хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлжээ. Дээрх судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар “Зөрчлийн хэрэг бүртгэх газар”-ыг Захиргаа, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс, Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтэс гэсэн зохион байгуулалтын 2 нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст “Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг”-ийг тасгийн дарга, чиглэлийн ахлах байцаагч, байцаагч албан тушаалын орон тоотой байхаар шинээр зохион байгуулсан байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх газрын үйл ажиллагааны явцад түүний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, боловсронгуй болгох, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/307 дугаар тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх газрын “Захиргаа, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс”-ийг “Захиргааны удирдлагын хэлтэс” болгон, “Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс”-ийг шинээр байгуулан, тус газрыг зохион байгуулалтын 3 нэгжтэй болгон өөрчлөлт оруулжээ.

Бидний тухай

АЛБАНЫ АЛСЫН ХАРАА
Зөрчлийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэгч мэргэжлийн албаны жишигт хүрнэ.

АЛБАНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
Зөрчлөөс иргэн, хуулийн этгээд, нийгэм, улсын эрх ашгийг хамгаалж, олон нийтийн итгэлийг хүлээсэн мэргэшсэн хамт олон байна.

АЛБАНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны цахим хуудсаар зочилж буй эрхэм Танд талархал илэрхийлж, энэ өдрийн амрыг эрж, мэндчилье.
Манай алба Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, тэдгээрт хийгдэх хэрэг бүртгэлтийн ажиллагааг хариуцан явуулах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл, даалгавар хүргүүлж, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах, түүнд дүн шинжилгээ, судалгаа хийх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хариуцан гүйцэтгэж байна. Байгууллагынхаа үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, цагдаагийн байгууллагаас иргэнд үзүүлэх үйлчилгээ, шаардлагатай зарим төрлийн судалгаа, тоо баримт, мэдээ, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү цахим хуудсыг ажиллуулахыг зорилоо. Бидний үйл ажиллагаа, хариуцсан чиг үүргийн хүрээнд санал, зөвлөгөө өгч, мэдлэг, мэдээллээ хуваалцан, хамтран ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Тус алба нь Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, тэдгээрт хийгдэх хэрэг бүртгэлтийн ажиллагааг хариуцан явуулах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл, даалгавар хүргүүлж, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах, түүнд дүн шинжилгээ, судалгаа хийх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.