АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Архангай аймгийн цагдаагийн газар нь анх Цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр 1938 оны 05 дугаар сарын 10-нд офицер 3, цагдаа 9, бүгд 12 хүний орон тоотойгоор байгуулагдаж, аймгийн Банк, Түүхий эдийн газар, Орхон, урд, хойд Тамирын голуудын гүүр, Биофабрик, Архины үйлдвэрийг хамгаалах, хар тамхины болоод хятад буу нэртэй мөрийтэй тоглоом зэрэг элдэв хэргийг илрүүлэн тэмцэх, Цэцэрлэг хотод хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэхээр ажиллаж ирсэн байна.
Анхны даргаар нь Дамбын Дэмчиг дэслэгч цолтойгоор томилогдож, төлөөлөгчөөр бага дэслэгч Лувсанжамц, салаан даргаар ахлах дэслэгч Самбуу, цагдаагаар Дагдан, Должин, Дамиранжав, Дүвжир нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан байна.
1937 оноос эхлэн паспорт, хэв журам хамгаалах, гал түймэртэй тэмцэх албадууд шинээр бий болсноор анхны есөн цагдаагийн дотроос Дагдан нь тушаал дэвшиж, ахлах дэслэгч цолтойгоор сэргийлэн хамгаалах, паспортын байцаагчийн алба хашиж байжээ. Цагдан сэргийлэх анги нь анх Булган уулын хошууны бага сургууль байсан модон байшинд байрлаж, тус байшинд НАХХ, Цагдан сэргийлэх анги нийтдээ 51 жил байрлаж ажил үүргээ гүйцэтгэж иржээ. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны 420/660 дугаар тогтоолын дагуу 1963 оноос Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цагдан сэргийлэх хэлтэс болж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоол, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 1965 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаалаар Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх анги нэртэй болсон байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаар тушаалаар “Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны “Цагдан сэргийлэх хэлтэс” болж БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “Архангай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “Цагдаагийн хэлтэс” болж Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс болсон.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр тушаалаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар болж Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар “Архангай аймаг дахь цагдаагийн газар” болгон тус тус өөрчлөн зохион байгуулсан.
Тус газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалаар нийт төсөвт 126, гэрээт 4, хөдөлмөрийн гэрээгээр 3 нийт 133 алба хаагчийн бүтэц орон тоотой батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбогдуулан Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч 1, экологийн асуудал хариуцсан мөрдөгч 1, экологийн асуудал хариуцсан байцаагч 6 нийт 8 орон тоог, мөн даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313, А/316, 12 дугаар сарын 24-ний өдрийн А/319 дүгээр тушаалаар хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, хэсгийн байцаагч 3, зохицуулагч 3 нийт 8 орон тоог тус тус шинээр баталж нийт 149, мөн даргын 2022 оны А/272 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн тасгийн бүтцэд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг” байгуулан эрүүгийн мөрдөгч 1 орон тоог, мөн даргын 2023 оны А/204 дүгээр тушаалаар “Нягтлан бодогч” 1 орон тоог тус тус шинээр баталж нийт 151 алба хаагчийн бүтэц орон тоотой ажиллаж байна.