САНХҮҮ АР ТАЛЫН АЛБАНЫ АВТОБААЗЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
БНМАУ-ын Засгийн газрын шууд харъяа Дотоодыг хамгаалах газрын Ерөнхий хэлтэс 1924 оны 10-р сарын 16-нд уурын тэргийг агуулах байшинг засварлан, жолоочийн сарын цалинг 200 төгрөгөөр тогтоон, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр Автобааз үүсэн байгуулагдсан гэж үздэг юм. 1924 онд сард 200 төгрөгний цалинтай уурын тэрэгний нэг жолоочтой анх байгуулагдсан Автобаазад 1926 онд 5 орон тоотой, Доож маркийн хоёр машинтайгаар одоогийн “Урт цагаан” нэртэй барилгын баруун талын шар дэлгүүрийн урд талд авто аж ахуй болон өргөтгөжээ. Улс орны эдийн засаг хөгжих тутам өсөн нэмэгдэж байгаа ачаа, зорчигчид тээвэрлэлтийг морин өртөө, ердийн хөсгөөр залгуулж чадахгүйд хүрсэн учраас орчин үеийн тээврийн төрлүүдийг хөгжүүлэх талаар төр засаг олон чухал арга хэмжээ авч эрэгжүүлсэнээр, 1925 оны 7-р сард “Улсын Тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулан, “Америк, Герман, Франц” улсад үйлдвэрлэсэн хурд, хүч, даац багатай автомашинуудаар 1928 он хүртэл Улаанбаатар-Алтанбулаг хот болон тэр үеийн Хан Хэнтий уулын аймгийн яам руу өргөөний албыг залгуулах, Улаанбаатараас Алтанбулаг, өмнө зүгт Чуулгат хаалга хүртэл ачаа бараа тээвэрлэж байжээ. Орчин үеийн тээврийн хөгжилд хийсэн дараагийн чухал алхам нь 1929 оны 12-р сард тэгш эрхийн үндсэн дээр Монгол Зөвлөлтийн тээврийн аж ахуйнуудыг нэгтгэсэн Монголын тээвэр, зам харилцааны хувь нийлүүлсэн улсын нийгэмлэг “Монгол транс”-ыг байгуулсан явдал байлаа.
Тус Автобааз нь 1930 он хүртэл жолооч нараас нэг нь даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан ба ДХГ-ын даргын 1930 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 168 тоот тушаалаар тус газрын жолооч Нямааг жолооч нарын даргаар томилон, сар бүр 180 төгрөгийн цалин олгож эхэлсэнээр анхны дарга болсон байна. 1932 оны 2-р сард “Цагдан сэргийлэх газар“-ыг ДХГ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн бөгөөд 1936 оны 02 дугаар сарын 27-нд БНМАУ-ын Бага хурал Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаар ДХГ-ыг Дотоод явдлын Яам болгон өргөтгөсөн байна. 1934 оноос засварчид, ерөнхий механик, захиргааны сургагчаар зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж, монгол ажилтныг дагалдуулан сургаж, өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ сэтгэл харамгүй зааж сургасан нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан боловч 1941 онд Фашистын Герман ЗХУ-д халдан довтолж, эх орны дайн эхэлсэн учраас 1942 онд нутаг буцсан билээ. Энэ үед ДЯЯ-ын сайдын 1939 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот тушаалаар төв грашын дэргэд 30 сурагийн орон тоотой 10 сарын хугацаатай жолоочийн түр сургуулийг анх байгуулан, 04 дүгээр сарын 01-нээс хичээллүүлж эхэлсэн бөгөөд 1939 оны 10-р сард грашыг Автобааз болгон өргөтгөн зохион байгуулж, даргаар Доржпаламыг томилжээ.
1939 оны 5-р сарын 11-нд Япон Халхын голын районоор халдан довтолж дайн эхлэхэд тус Автобаазаас жолооч С.Лувсанцэрэн, Буяндалай, Цэрэндаш нар командлалын тушаалаар тус бүр Зис-5 машинтай явж дайны талбарт тээврийн үүрэг гүйцэтгэн, Алтан гадас одонгоор шагнуулж байсан бол 1945 оны чөлөөлөх дайнд тус Автобаазаас жолооч Сампилийн Лувсанцэрэн нь /1911 онд төрсөн, УБ хот /Дамдинсүрэнгийн Нанзад /1915 онд төрсөн, Төв Сэргэлэн /Сономын Шагдар /1915 онд төрсөн, УБ хот /Дэмбэрэлийн Нацаг /1908 онд төрсөн, Завхан Алдар Хан/ Баатарын Намдаг /1908 онд төрсөн, Дундговь Эрдэнэдалай /Жамъянгийн Даваа/ 1913 онд төрсөн, Дорнод Хөгнө/ Маамын Пэрэнлэй нар оролцож дайчин нөхдийнхөө хамт ялалт байгуулан эх орон, командлалын даалгаврыг нэр төртэй биелүүлсэн түүхтэй. 1940 онд Автобааз 202 орон тоотой, үүний 75 нь жолооч байсан бол 1942 онд Авто тээврийн хэлтэс болж, 257 орон тоотой, суудлын 42 машинтай /үүнээс Маршал Чойбалсангын үйлчилгээнд 5/, ачааны машин 47, сургуулийн машин 4, Форд-8 машин 22, М машин 16, Газ-А-5, Газ-АА 10, Зис-5 машин 36 нийт 93 автомашинтайгаар ажил үүргээ гүйцэтгэн, шинээр барьсан /одоогийн Засгийн газрын Автобааз байгаа/ конторт үйл ажиллагаагаа явуулж байв.
Яамны сайдын 1942 оны 1-р сарын 10-ны 14 тоот тушаалаар Автобаазыг авто тээврийн хэлтэс болгож, 1943 оны 12-р сарын 30-ны 714 тоот тушаалаар текникийн хэлтэс /санхүүгийн тасаг/, аж ахуйн тасаг граш засварын баазтайгаар нийт 172 орон тоотой, үүний 51 нь жолооч, засварын баазад төсвийн бус орлогоор ажилладаг 75 орон тоотойгоор Авто техникийг удирдах газар /АТУ/ болгон өргөтгөж, газрын даргаар Сономыг томилжээ. Мөн Яамны сайдын 1946 оны 6-р сарын 10-ны 282 тоот тушаалаар АТУ газрыг татан буулгаж, яамны захиргаа аж ахуй санхүүгийн хэргийг эрхлэх газрын харъяанд Авто тээврийн хэргийг эрхлэх хэлтэс болгон хэлтсийн даргаар Довчинг томилоход 141 орон тоотой, үүний 50 нь жолооч байсан ба Доржпаламыг 1947 оны 10-р сарын 31-нээс, Д.Гомбыг 1948 оны 7-р сарын 20-ноос Ш.Базар 1950 оны 5-р сарын 22-ноос, Ү.Жамбадагва 1952 оны 8-р сарын 5-наас тус тус томилогдон ажиллуулж байгаад тус хэлтсийг татан буулгаж, Тээврийн тасаг болгон даргаар нь Д.Гомбыг 1954 оны 2-р сарын 8-наас томилж,1955 оны 7-р сараас хоёр яамыг нийлүүлэн Цэрэг ба НАХ Яам болгоход Авто тээврийн хэлтсийн харъяа Автобааз болгон даргаар нь Д.Гомбыг томилогдон ажиллах үед 124 орон тоотой, үүний 100 нь жолооч, 8 нь засварчинтай, нам төрийн тэргүүн болон гадаадын зочин төлөөлөгчдийн үйлчилгээнд явдаг суудлын 30 машин, 27 жолоочтой салаатай, салааны дарга нь Ж.Цэгмид байсан юм.
1959 оны 6-р сарын 2-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 224 дугаар тогтоолоор Цэрэг ба НАХ Яамыг татан буулгаж, БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам байгуулагдахад Автобааз шилжин ирсэн байна.
1960-1963 онд тус бүр 30 автомашины багтаамжтай хоёр граш ашиглалтад орж, зүүн грашийг тусгай үйлчилгээ эзэмшиж, албан хаагчид нь Автобаазын конторт байрлаж байгаад шинэ барилга ашиглалтад ороход нүүсэн байна. Автобаазын дарга У.Найдан өөр ажилд шилжсэн тул 1963 оны 12-р сарын 30-нд чөлөөлж, Ш.Гүрбазарыг 1964 оны 1-р сарын 16-наас, дэд хурандаа Б.Шатарыг 1966 оны 6-р сарын 22-ноос томилсон үед конторын барилгын 2-р давхарыг аж ахуйн аргаар хоригдлуудын хүчээр барих ажил эхлүүлжээ.
Улсын өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэхтэй холбогдуулан 1965, 1966 онд дээд газрын шийдвэрүүд гарч, 1967 оноос өмнөд хилд отряд, заставуудыг шинээр байгуулахад шаардагдах орон гэр, эд хогшил, цэргийн хэрэгслийг Улаанбаатар хотоос тээвэрлэн хүргэх үүргийг Автобаазын тээвэрчид гүйцэтгэсэн байна. 1967 онд Зил-130 автомашин анх ирэхэд Автобааз 5-ыг авч, парк шинэчлэлтийн эхлэл болж түүнээс хойш тасралтгүй парк шинэчлэлтийг хийсээр үндсэн үүргээсээ гадна улс, ардын аж, ахуйн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн билээ.
1972 оны 9-р сарын 9-нд Автобаазын дарга хурандаа Б.Шатарыг эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд хурандаа М.Лхамсүрэнг томилжээ.
1973 онд байгууллагын хамт олон субботник хийн, Автобаазын гаднах хашааг шинээр өргөтгөн барьж, урьд хэсэгт нь ШТС барих талбай гарган, хашааны дотор тусгаарласан хайсуудыг шинээр хийж, явган хүний зам, сүүдрэвч, автомашин хадгалах саравч барьж, самбарууд босгон олон тооны мод тарьж, зарим талбайг зүлэгжүүлэн, ашиглалтгүй байсан уурын зуухны барилгын дотор талыг засварлан аж ахуйн зарим төрлийн сэлбэг хадгалах склад болгох зэрэг их хэмжээний тохижуулалтын ажил хийж, өнөөгийн төрхөө олсон юм.
1974 онд яамны ажилчдын зуслангийн байр, хүүхдийн цэцэрлэгийн клуб, дэлгүүр зэргийг Майхан толгойд шинээр барих ажил эхэлж, 1974 оны 8-р сарын 5-нд Автобаазын хашаанд зөвлөлтийн цэргийн нэг ангийн мэргэжлийн туслалцаатайгаар өөрсдийн хүчээр 10 тоннын багтаамжтай 4-резерваур бүхий автомат ажиллагаатай ШТС ашиглалтад оржээ.
1976 онд ардчилсан Герман улсын Дотоод явдалын яамнаас цагдан сэргийлэх байгууллагад буцалтгүй тусламж болгож ирүүлсэн 20 суудлын вартбург машин, 2 дугуйтай мотоцикль 20, тэдгээрийн сэлбэг, дугуй, засварын тоног төхөөрөмж, гал командын зориулалттай техник хэрэгсэл зэргийг бэлгэнд авч, нийгмийн хэв журам сахиулах, шөнийн эргүүл, жижүүрийн албанд хувиарлан ажиллуулсан байна.
1986 онд НАХ Яам ба түүний харъяа байгууллагууд өргөжсөнөөр Автобааз нь 19 офицер, 365 ахлагч, 37 энгийн бүгд 411 орон тоотой, үүнээс жолооч 300 байсан нь түүхэндээ хамгийн олон ажиллагсадтай болж байсан цаг үе байсан юм.
Тус Автобаазын түүх бол үе үеийн хөдөлмөрч уламжлалаа залгамж үеийнхэн нь өвлөн авсан хамт олны хөдөлмөр бүтээлийн түүх, хатуу чанд сахилга бат, хариуцлагын түүх, техникийн дэвшлээр удаа дараа шинэчлэгдэж байсан автомашиныг чадамгай эзэмшиж, тохиолдолдсон бэрхшээлийг даван туулж үүргээ биелүүлж байсны түүх, тээвэрлэгчдийг ажил үүргээ гүйцэтгэх ар талын бололцоогоор хангаж ирсэн тэдний гэр бүлийн гишүүдийн байнгын дэмжлэгийн түүх өнөөдрийн өдөрлөгт хүрсэн амжилт ололт, байр суурь, өнгө төрх бол эрт цагаас уламжлагдаж ирсэн ажилсаг, хичээнгүй хамт олны үе үеийн бүтээн босголтын түүх юм. Түүхийг олон түмэн бүтээж үр шимийг нь эргэж өөрсдөө хүртдэг жамтай гэнэм. Олон түмний үе залгамжилсан урсгал мөнхийн тул тус Автобаазын түүх цааш улам бүр зузаарсаар байх бизээ. Иймд энэ түүх өнөөдөр ч үргэлжилсээр байна.
1992 онд кузов засвар, нимгэн төмөр, будгийн цех болон тослох материалын агуулахын зориулалттай засварын хэсгийн 2-р өргөтгөлийн барилга, ажилчдын цайны газар, 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай, хүлээх ба амрах өрөөтэй теннис, биллярдын өрөө, сауны өрөө бүхий 2 давхар барилгыг ашиглалтад орж, орон тооны эмчтэй болж, жолооч нарт эрүүл мэндийн үзлэг хийдэг, үйлдвэрлэлийн осол гэмтэл гарсан тохиолдолд эмнэлэгийн анхны тусламж үзүүлдэг болжээ.
1993 оны 5-р сард Замын цагдаагийн газар авто граштай болж, тус Автобаазаас тодорхой тооны автомашинуудыг балансаар, жолоочийн орон тоотой нь шилжүүлэн авчээ.
1986-1992 онд Улсын төсвийн хөрөнгөөр 13 автомашин,1993-1995 онд Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар болон дүүргүүдээс Уаз-469 16 ш, Газ-24 1 ш, Уаз фургон 9 бүгд 26 автомашиныг, 1995 оны 4-р сард Бельги улсын Засгийн газраас манай улсад тусламжаар суудлын машин 25 / ашиглагдаж байсан/ мотоцикль 25-ыг Цагдаагийн Ерөнхий Газарт өгснийг Автобааз хүлээн авчээ.
1995 онд ЦЕГ-ын даргын тушаалаар, цагдаагийн ажилтан нарт автомашины жолоочийн эрх олгох зорилгоор түүхэндээ 2 дахь удаагаа жолооны дамжааг хичээллүүлж эхэлсэн байна.
Цагдаагийн тангараг
Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.
Уриа үг
Амар амгалан амьдралын төлөө хамтдаа
Үнэт зүйл
Эх орон, ард иргэддээ өргөсөн тангараг