Монгол улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 онд батлагдаж, 2016 онд нэмэлт өөрчлөлт орсон. Тийнхүү Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдан, улсын хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалан ажиллаж байна. Жил ирэх тусам Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, 2016 онд 42, 2017 онд 36, 2018 онд 65, 2019 онд 134, 2020 оны Нэгдүгээр улиралд 30 буюу 307 иргэнийг хамгаалалтад авч, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд 2020 оны Дөрөвдүгээр сарын 24-ний дахин нэмэлт, өөрчлөлт орж, шинэчлэн баталлаа.Шинэчлэн батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд дараах зүйлсийг тусгаж өгсөн. Хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллахаар болсон тухай зааж өгсөн. Мөн Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгосон.
Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг шүүгч, прокурорын захирамж, тогтоолын дагуу болон мөрдөгч шийдвэр гаргаж, хамгаалуулагчийг айдас, түгшүүрт орохоос сэргийлж, стресс, бухимдал бууруулан ажиллахад оршино. Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан дагаж мөрдөгдөх Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг шинээр боловсруулна.
Түүнчлэн Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах, Мэдээллийн нууцлалыг хангах хамгаалалтын арга хэмжээнүүдийн журмуудад өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулан ажиллаж байгаа аж.