Танилцуулга

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Тус цагдаагийн газар нь анх БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1942 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай тушаалаар БНМАУ-ын Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын “Шарангад аймаг дахь Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр 7 орон тоотой байгуулагдаж, ангийн даргаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, бага лейтенант Бямбажавын Ишцэрэнг томилсон байна. Мөн анхны төлөөлөгчөөр дэслэгч Цэвэгмид, мөрдөн байцаагчаар ахлагч Дугарын Дэмчиг, 4 цагдаатайгаар ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид, БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1942 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15/5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын “Дундговь аймаг дахь Цагдан сэргийлэх анги” болжээ. Цагдан сэргийлэх анги 1942 оны эхээр  конторын гэр, шоронгийн 2 хар гэртэй байсан ба мөн оны намар одоогийн байгаа Сайнцагаан сумын нутаг, “Хар овоо”-ны  энгэрт нүүдэллэн ирж байгуулагдахдаа хэлтсийн албан байр нь сэргийлэхийн ажилчдын гэрүүдийн хойд талын гэрт конторлож байжээ.

Дотоод явдлын яамны Дундговь аймаг дахь хэлтэс 1947-1948 онуудад тоосгон байшин барьж, 1949 оны наймдугаар сард наадам хийж, ашиглалтад анх оруулснаас хойш 4 жилийн дараа буюу 1953 оны үед уг барилгын баруун талд “Цагдан сэргийлэх анги”-тйн таван өрөө бүхий байшинг өөрсдийн хүчээр барьсан байна. 1957 онд хэсгийн төлөөлөгчийн анхны 3 сарын дамжаанд Ж.Содном, Ш.Дондов нар хамрагдсанаар хариуцсан нутаг дэвсгэр, сумдад  мэргэшсэн хэсгийн төлөөлөгчтэй болох  үүсэл тавигдсан.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1959 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа, Улсын цагдан сэргийлэх газрын “Дундговь  аймаг дахь Цагдан сэргийлэх анги”,  МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 420/660 дугаартай тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоол, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны  1965 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Дундговь аймгийн Цагдан сэргийлэх анги” болж зохион байгуулагдаж байжээ. Мөн БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”, НАХЯ-ыг татан буулгасантай холбоотойгоор  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”, БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэс”, БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын “Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яамны тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын “Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Дундговь аймаг дахь Цагдаагийн хэлтэс”, Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Дундговь аймаг дахь Цагдаагийн газар” болон тус тус өргөжин, зохион байгуулагдсан.

Бидний тухай

     Дундговь аймгийн автотээврийн 17 дугаар баазын обьектыг хүлээн авч, 2001 онд орон нутгийн хөрөнгөөр иж бүрэн засвар хийж тохижуулан, төв контор, сургалтын танхим, спорт заал, урьдчилан хорих байр, албадан саатуулах, эрүүлжүүлэх, баривчлах байр, дулаан граж, склад бүхий байранд 2020 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн ба улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан, орчин үеийн цагдаагийн байгууллагын стандартад нийцсэн барилгыг 2020 оны 01 дүгээр сард ашиглалтад хүлээн авч, ашиглаж байна.

“Аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн нэршил өөрчлөх, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/293 дугаар тушаалын арван нэгдүгээр хавсралтаар тус газрыг Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Зөрчлийн хэрэг бүртгэх, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага гэсэн 7 тасаг, Эрдэнэдалай сумын цагдаагийн хэсгийн бүтэцтэй, офицер 65, төсөвт ахлагч 45, гэрээт ахлагч 4, энгийн 5, нийт 119 алба хаагч, ажилтны батлагдсан орон тоотойгоор гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.Тус Цагдаагийн газар нь амжилт бүтээл, ажлын үр дүнгээрээ салбарынхаа хэмжээнд 1984, 1988, 1998, 1999 онд  “Тэргүүн”, 1986 онд “Дэд”, 1997, 2000 онуудад “Гутгаар” байрт шалгарч байжээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газрыг удирдаж болон хамт олон дотор ажиллаж байсан Ш.Энхбат, П.Лувсандорж, Ж.Содном, Ж.Бумнанжид нар Монгол улсын “Гавъяат хуульч” цолоор шагнагдсан бол Ж.Содном, П.Одонбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Хошууч генерал”, О.Амарсанаа "Бригадын генерал"цол тус тус хүртсэн байна.

Мөн манай хамт олны дотроос Нийгмийн аюулаас хамгаалах яамны  Засан хүмүүжүүлэх, хорих байгууллагын удирдах газрын дарга, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч даргаар хошууч генерал Ж.Содном, ЦЕГ-ын Дэд даргаар туслах комиссар Ч.Болдбаатар, цагдаагийн хурандаа О.Амарсанаа нар, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн УМБГ-ын дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Экологийн цагдаагийн албаны дарга, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаалд цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид, Ч.Болдбаатар, О.Амарсанаа, Ц.Арвинбуудай, Улсын  Ерөнхий Прокурорын орлогч, Цэргийн Прокурор цагдаагийн хурандаа О.Дагвадорж, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаа нарын зэрэг олон тэргүүний удирдах алба хаагчид төрөн гарсан.

Цагдаагийн газраас иргэдэд хүргэх үйлчилгээ, үйл ажиллагааныхаа чанар хүртээмжийг илүү сайжруулах зорилгоор Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг 2022 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд анхдлагч болж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн билээ.Тус Цагдаагийн газрын үүсэн байгуулагдсан үеэс өнөөг хүртэлх түүх, үе үеийн алба хаагчдын баатарлаг, бүтээлч үйлс, эр зориг, хүч хөдөлмөрөөр  бүтээгдэж өдгөө 82 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат даргатай хамт олон аймаг, орон нутгийн иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна.