Танилцуулга

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
 

     Ардын хувьсгал 1921 онд ялсны дараахан Ивцэг, Алтанбулагт хороон дарга Дарьзаваар удирдуулсан сэргийлэх хамгаалах цэрэг суулгаж, Алтанбулагийн  яамны сайд Д.Билэгсайхан гүнд захируулж, хожим 1924 оны 08 дугаар сард “Ардын цагдаа” нэртэй цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харьяанд ажиллуулж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын албан ёсны эх үүсвэр болсон гэж үздэг.

Цагдаагийн газар нь 1926 оны үеэс эхлэн Алтанбулаг дахь Дотоодыг хамгаалах ангийн харьяанд, 1931 оноос газар тариалангийн аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэс байгуулахад түүний бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаад 1935 оноос “Цагдан сэргийлэх анги” болж өргөжсөн байна.

Цагдан сэргийлэх хэсэг нь 1935 онд байгуулагдсан эхлээд Алтанбулаг суманд ажиллаж байсан элчин консул, булигаарын болон архины завод, үнэт ангийн үсний төвлөрсөн агуулах, банк, гар үйлдвэрийн холбоо, хотын хоршоо зэрэг тэр үеийн улсын нэн чухал үйлдвэр, объектуудыг хамгаалах үүргийг голлон гүйцэтгэж байжээ. 1935-1956 оныг хүртэл Ерөө, Шарын голын гүүр, Цагаан эрэгийн /одоогийн Сүхбаатар сум байгаа газар/ бараа бааз, албан агуулах, түүхий эдийн бааз зэрэг шинээр байгуулагдсан чухал объект газруудыг Цагдан сэргийлэх ангийн гэрээт сумангаар хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг гүйцэтгэж байгаад 1956 онд Сэлэнгэ аймаг татан буугдахад зөвхөн Сүхбаатар суманд цөөн орон тоотой банк хамгаалах цагдан сэргийлэх хэсэг үлджээ. Энэ хэсэг нь Төв аймгийн цагдан сэргийлэх ангид харьяалагдаж байсан ба 1958 оноос эхлэн Цагдан сэргийлэх тусгай тасаг болж, 1959 онд Сэлэнгэ аймаг дахин байгуулагдахад Цагдан сэргийлэх анги болон өргөжиж, 1981 он хүртэл Цагдан сэргийлэх анги нэртэйгээр ажиллаж ирсэн ба 1981 оны 02 дугаар сараас МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 51 дүгээр тогтоолоор “Цагдан сэргийлэх хэлтэс” болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1992 оноос “Цагдаагийн газар” болон өөрчлөн зохион байгуулагдсан юм. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар нь Монголын цагдаагийн байгууллагын орон нутаг дахь хамгийн ууган, бүтэц зохион байгуулалт, орон тоо, төсвийн хувьд томоохон цагдаагийн байгууллага болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт болон Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймаг нь газар, нутгийн байрлалаар Монгол орны нутгийн хойд хэсэг Орхон Сэлэнгийн сав газрын дунд орших бөгөөд нийт 41.2 мянган дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 107.7 мянган хүн амтай, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогдож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд 17 сум, 57 баг /тосгоны статустай 6 багтай/, газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм.

Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/293 дугаар Удирдлага, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Ерөө сумын цагдаагийн тасаг, Алтанбулаг сумын цагдаагийн хэсэг, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэс /хэлтэс дотроо Удирдлага, Захиргааны удирдлагын хэсэг, Эрүүгийн цагдаагийн хэсэг, Мөрдөн байцаах хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Баянгол сумын цагдаагийн хэсэг, Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс /хэлтэс дотроо Удирдлага, Эрүүгийн цагдаагийн хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг/ гэсэн бүтэц зохион байгуулалттай цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг явуулж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж, нөхцөлөөр хангах, нийгмийн сөрөг үзэгдэл болсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулж, үйлдэгдсэн хэрэг, зөрчлийг нэн даруй илрүүлж, хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдсөн иргэдийн эрх, ашгийг хамгаалахад нэн шаардлагатай камержуулалтын асуудлыг орон нутгийн удирдлагад танилцуулж ажилласны дүнд Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумдыг бүрэн камержуулах, байгууллага, аж ахуйн нэгжүүд дэх хяналтын камерыг цагдаагийн байгууллагын теле камерын системд холбох зэрэг ажлуудыг амжилттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Бидний тухай