ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1935 оны 6-р сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Дорнод аймагт Цагдан сэргийлэх анги нь дарга, эрүүгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч, бага дарга, тус бүр хос морьтой 15 цагдаатай байгуулагдан энэ цаг мөчөөс эхлэн эх орны зүүн хязгаарт ард иргэдийн энх амгалан амьдрал, эх орны бүтээн байгуулалт, хууль ёсыг хэрэгжүүлэхийн төлөөх ажил үйлсийн түүхэн замнал бичигдэж эхэлжээ.
Тус Цагдан сэргийлэх анги нь Халхын голын байлдааны болон дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах, улсын өмч хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ цэрэг татлагын комиссоос идэр эрчүүдийг шилж авч 200 гаруй цагдаагийн хүчээр улсын чухал объектыг хамгаалах, өнгөлөн далдлалт хийлгэх, нуувч байр бэлтгүүлэх, тагнуул хорлон сүйтгэгчидтэй тэмцэх үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн бахдам гавьяатай.
1939 онд Баянтүмэн хотыг Японы нисэх онгоцнууд бөмбөгдөх үед оршин суугчид дүрвэн зайлж, айл өрх, албан байгууллагын өмч хөрөнгийг хулгайлах, хорлон сүйтгэхээс цагдан сэргийлэхийн ажилтнууд хамгаалсан түүхтэй. Цагдан сэргийлэх байгууллага НАХЯ-ны бүтцээс гарсан тул 1991 онд Аймгийн АДХГЗ-ны Цагдаагийн хэлтэс болон зохион байгуулагдаж, анхны даргаар дэд хурандаа П.Буянтогтох ажиллажээ.
1993 онд ЦЕГ-ын даргын 5 тоот тушаалаар Цагдаагийн газар болон өргөжин зохион байгуулагдсан бөгөөд одоо Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Хэв журмын, Замын цагдаагийн, Эрүүгийн цагдаагийн болон Халх гол, Баян-Уул сумын цагдаагийн тасаг, Захиргаа, санхүү аж ахуй, бүрэн тохижуулсан “А”,”Б” байр, 3 зэрэглэл бүхий эрүүлжүүлэх, баривчлах байр, 140 гаруй алба хаагч, 12 машин, 17 мотоцикль , мэдээллийн техник хэрэгслүүд, дотоод сүлжээ, мэдээллийн сан, хэт богино долгионы гар, суурин, машины станц болон суурин УКВ станцууд болон бусад тоног төхөөрөмж, зэвсэглэл, тусгай хэрэгсэлтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэн Монгол улсын хууль, төр засаг, ЦЕГ-ын бодлого шийдвэр, зорилтыг хэрэгжүүлэн Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагын дайчин түүхийг нэр төртэй залгамжлан ажиллаж, Монгол улсын Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008 онд тэргүүн байруудад шалгарав.