Танилцуулга

ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

Цагдан сэргийлэх хороо ажилласан нь /1926-1938/
    БНМАУ-ын засгийн газрын 1926 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар хурлаас Алтанбулаг, Жаргалант, Улиастай хотууд, Цэцэрлэг мандал, Хан Хэнтий аймгуудад дарга бичээч тус  бүр 1, цагдаа 10-аад орон тоотой “Цагдан сэргийлэх хороо” байгуулж төсвийг нь баталжээ. Дээр нэр дурдагдсан Жаргалант хот нь одоогийн Ховд аймгийн төв Ховд хот бөгөөд 1762 онд суурь нь тавигдаж Манжийн амбан сайдын газар, Орос улсын худалдааны консулын газар байрлаж байсан баруун хязгаарын томоохон суурин газар байв. БНМАУ-ын Засгийн газрын 1925 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор Ховд хотыг Жаргалант хот хэмээн нэрлэх болжээ. 1961 онд буцаан Ховд хот гэж нэрлэжээ. Ийнхүү Ховд аймагт Цагдан сэргийлэх байгууллага байгуулагджээ.  

Засгийн газрын шийдвэрийн дагуу Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 2 дугаар сарын 23 өдрийн 66 дугаар тушаалаар ”Засгийн газрын тогтоол ёсоор Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрыг орон тооны хүмүүс ба орлого зарлагын мөнгөний хамт Дотоодыг хамгаалах газрын мэдэлд шилжүүлэх болсон тул энэ өдрөөс эхлэн ёсоор гүйцэтгэж, Дотоодыг хамгаалах газрын Хил хязгаарыг батлан хамгаалах хэлтэст шууд захируулбал зохино” гэж заасан нь Цагдан сэргийлэх байгууллага Дотоодыг хамгаалах газрын шууд харьяанд ажиллах болсныг батална. Энэ үеэс түдгэлзүүлэгдсэн Цагдан сэргийлэх хорооны үйл ажиллагаа сэргэж ажлаа эхэлжээ. Хорооны даргаар одоогийн Ховд аймгийн Дуут сумын харьяат Сүхийн Даржаа томилогдон ажиллажээ. Дотоодыг хамгаалах газрын даргын 1933 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 342 тоот тушаалд “Ардын цагдан сэргийлэх ажлыг шууд дээшлүүлж сайжруулах зорилгоор энэ өдрөөс эхлэн тус газрыг миний туслах Ц.Гиваапилийн хөтөлбөр удирдлагын дор өгөхийг тогтоосугай” гэсэн нь Цагдан сэргийлэхийн ажлыг чухалчлан үзсэн нь харагдана.

Цагдан сэргийлэх анги ажилласан нь /1938-1990/
     Цагдан сэргийлэх хороог 1938 онд өргөтгөн Цагдан сэргийлэх анги байгуулжээ. Тус анги нь дарга, төлөөлөгч, бичээч, галч, зарлага тус бүр 1, сэргийлэгч 8 бүгд 13 орон тоотой ажиллах болжээ. Цагдаагийн ахмад ажилтан З.Дашзэвэгийн 1996 онд  судлан тэмдэглэснээр “Цагдан сэргийлэх ангийн даргаар Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэрэгний хэлтэст ахлах байцаагчаар ажиллаж байсан Нарангийн Жасранг томилсон боловч ирж ажиллаагүй харин Ховд аймгийн Буянт сумын харьяат Бумболын Жадамбаа даргаар ажиллажээ” гэжээ. Энэ үеэс гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий төлөөлөгч ажиллах болжээ. Төлөөлөгчөөр Лувсанцэрэн, сэргийлэгчээр Буянт сумын харьяат Г.Готов, Ж.Пэлжээ, Эрдэнэбүрэн сумын харьяат Осор, Баатар, Балзан, Чойжамц, Баянмөнх, Манхан сумын харьяат Дамдинсүрэн нарын хүмүүс ажиллажээ.

Хөдөөгийн 12 аймагт ажиллаж байсан төлөөлөгч нарт 1940 онд гүйцэтгэх ажил эрхлэх эрх олгосноор гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шинэ ахиц гарчээ. Төлөөлөгч нь гэмт хэргийг илрүүлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалд явуулж шүүхэд шилжүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байв.

Улсын хэмжээгээр морин өртөөг 1949 онд халж авто өртөө байгуулсан, 1929 оноос Ховд аймгийн авто тээврийн 4 дүгээр баз ажиллаж байсан учир авто машины хөдөлгөөн, нягтрал ихтэй байсан зэрэг нөхцөлтэй уялдан мөн онд Цагдан сэргийлэх ангид уурын тэрэгний /одоогийн замын цагдаа/ байцаагч ажиллаж эхэлжээ. Анхны байцаагчаар Лувсандаш, Лувсандагва гэсэн 2  хоёр өөр хүний нэр баримтад дурдагджээ. 1950 оны сэргийлэгч Ж.Цэдэнсодном, 1952 оны сэргийлэгч Т.Цамбаасүрэн, паспортын байцаагчаар ажиллаж байсан С.Пэлжээ нарын дурсамжид Архангай аймгийн харьяат Лувсандаш уурын тэрэгний байцаагч байсан гэсэн бол Ц.Чимгээ “Түүх тэрлэсэн он жилүүд” номондоо Лудсандагва уурын тэрэгний байцаагч байсан хэмээх дурджээ. Арай үндэстэй байх боломж нь Лувсандаш байх тул түүнийг анхны байцаагч гэж үзэх нь зөв юм. Мөн 1949 онд Дотоод явдлын яамны хэлтсийн харьяанд ажиллаж байсан Хорих ангийг Цагдан сэргийлэх ангийн бүтцэд оруулжээ. Хорих ангийн даргаар Увс аймгийн харьяат халзан хочит Гончиг гэдэг хүн ажиллаж байжээ. Тухайн үед хянагчаар Д.Цэдэндамбаа, Э.Баатар, Чойдорж, Н.Мандалбаяр нарын хүмүүс ажиллаж байв. Хорихын хянагч нарыг сэргийлэгч гэж нэрлэх болжээ.

Хөдөөгийн зарим аймгуудын паспортын байцаагч нарт 1950 оны 1 дүгээр сард тусгайлан эрх олгож мөрдөн байцаагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлсний нэг нь Ховд аймаг байв. Ховд аймгийн Ховд сумын /хуучнаар Эрдэнэбүрэн сумын Шар булаг 10 дугаар баг/ харьяат Санжмятавын Пэлжээ мөрдөн байцаагч-паспортын байцаагчийг хавсран ажиллажээ. 1950 оны 6 дугаар сард орон тооны мөрдөн байцаагч ажиллах болж Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Хөхийн Гонгор томилогдон 1962 онд Мөрдөн байцаах алба прокурорт шилжих хүртэл ажиллажээ.

УЦСГ-т эрүүгийн хэлтэс 1950 онд байгуулагдаж хөдөөд эрүүгийн ахлах төлөөлөгч ажиллах болов. Анхны ахлах төлөөлөгчөөр Буянт сумын харьяат Чойжилсүрэн томилогдон ажиллажээ. Энэ үед аймгуудад сэргийлэн хамгаалах байцаагчийн орон тоо батлагдаж паспортын байцаагчаар ажиллаж байсан Буянт сумын харьяат Ө.Дүгэрсүрэн сэргийлэн хамгаалах байцаагчаар томилогдон ажиллажээ. Үүнээс өмнө сэргийлэгч нарыг хариуцсан бага дарга ажиллаж байжээ. Бага даргаар Буянт сумын харьяат Бат-Очир гэдэг хүн ажиллаж байжээ.Тухайн үед сэргийлэгч нар ангийн контор, аймгийн банк, ЗХУ-ын консулын газрын байр, хорих байранд харуул, жижүүрт гарч бусад үед нь эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Өмчийн ахлах төлөөлөгчийн орон тоо 1957 онд батлагдаж 1959 оноос Эрдэнэбүрэн сумын харьяат Бүдширийн Сүхээ ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.  Хөдөө сумдад 1958 оноос Цагдан сэргийлэхийн хэсгийн төлөөлөгч ажиллав. Тухайн үед аюулаас хамгаалахын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Нэмэхийн Мандалбаяр, Самдангийн Баасанжав нар цагдан сэргийлэхэд шилжиж шинээр Тавхайн Цамбаасүрэн, Цэрэнгийн Дангаажав, Жалаавангийн Дагдан нарын 5 хэсгийн төлөөлөгч анхны хэсгийн төлөөлөгч болов. Цагдан сэргийлэх ангийн албан ажлын хэрэгцээнд 1961 оноос Газ-69Б маркийн суудлын автомашин ашиглаж эхэлжээ. Жолоочоор нь Дарив сумын харьяат Дамдинсүрэн гэдэг хүн ажиллаж байжээ.

Булган суманд 1966 онд улсын банкны салбар байгуулагдахад хамгаалалтын сэргийлэгчээр Булган сумын харьяат Рэнжээний Лхамаа, Цагааны Балжаа, Харцагийн Манж нар томилогдсон нь хөдөө суманд сэргийлэгч ажилласан анхны тохиолдол байлаа. Насанд хүрээгүй хүмүүсийг 1966 оноос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэг бүхий хүүхдийн төлөөлөгч ажиллах болж Мянгад сумын харьяат Дамдиндорж томилогдон ажиллажээ.1990 он хүртэл эрүүгийн албанд харьяалагдаж байгаад хүүхдийн байцаагч статустайгаар хэв журмын албанд шилжжээ.

Улаанбаатар хотноо 1968 оны 12 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Цагдан сэргийлэх байгууллагад туслах хүчний улсын анхдугаар зөвлөгөөн болж Цагдан сэргийлэх ангийн дарга Н.Мандалбаяр, сэргийлэн хамгаалах байцаагч Ц.Төмөр нар урилгаар оролцжээ. Ховд аймгаас Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад, авто техникийн орон тооны бус байцаагч, өсвөрийн сэргийлэгчдийн бүлгэм зэрэг байгууллагаас шалгарсан 10 орчим төлөөлөгч оролцжээ. Авто техникийн зохицуулагч 1969 оноос ажиллах болж Эрдэнэбүрэн сумын харьяат ахмад сэргийлэгч Очирын Жигмэд анхны зохицуулагч болов.

БНМАУ-ын  Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1974 оны 301 дугаар зарлиг гарч хөдөөгийн Цагдан сэргийлэх ангиудын дэргэд эрүүлжүүлэх байр бий болсноор эмч, жижүүрийн сэргийлэгчдийн орон тоо батлагджээ. Эмчээр Эрдэнэбүрэн сумын харьяат Жамцын Лхагвасүрэн ажиллажээ. Анх эрүүлжүүлэх байр нь одоогийн журмын хашаанд байгаа байранд ажиллаж байгаад 1986 онд одоогийн Шүүх шинжилгээний алба байгаа байранд шилжин ажиллажээ. 1998 оноос одоо байгаа байр нь ашиглалтад оржээ.

Албаны эрэлч нохойтой болж нохой хөтлөгч, сургагчаар ахлагч С.Жамбал 1977 оноос ажиллажээ. Шинээр 1979 оноос нэлээд олон орон тоо батлагдаж ажилтнууд томилогдон ажиллав. 1979 онд Хөдөө аж ахуйн өмчийн ахлах төлөөлөгчөөр Баасанжавын Ганбаатар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагчаар Баастын Гантулга, Эрүүгийн тоо бүртгэгчээр Хорхойн Аюурзана, 1980 онд Хөдөө аж ахуйн механизмын байцаагчаар Тогмидын Магсаржав, Криминалистикийн ажилтнаар Х.Аюурзана хавсран томилогдов. 1980 онд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, 1981 оноос аймгийн хүнсний үйлдвэрийг сэргийлэгч хамгаалах болж 12 сэргийлэгчийн орон тоо нэмэгджээ. Энэ үед түүхэндээ хамгийн олон буюу 8 постод 32 сэргийлэгч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байв. Цагдан сэргийлэх анги 1981 онд бие даасан бичээчтэй болж Булган сумын харьяат Доржсүрэн ажиллажээ. Цагдан хорих байр, нэгдсэн конторын өргөтгөл, клуб, эрүүлжүүлэх-баривчлах байр, ажилчдын цайны газрын барилгуудыг 1984-1986 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтад оруулав. Энд тэнд тархай байсан ажилчдын хашааг нэгтгэн шинээр байгуулж хэлтэстэйгээ утсан харилцаа,дохиоллын системээр холбогджээ. Энэ хашаа одоогийн төв захын ард байсан бөгөөд 1991 онд өмч хувьчлалаар амьдарч байсан зарим ажилтнуудад хувьчлан өгчээ. НАХЯ-ны сайдын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/78 тоот тушаалаар Мөрдөн байцаах групп байгуулжээ. Группийн даргаар Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Хамайгийн Хаутай, мөрдөн байцаагчаар Ш.Төрмөнх, Ө.Энхтайван нар томилогджээ. Мөст суманд 1989 онд улсын нөөцийн нефть агуулах ашиглалтад орж галын гэрээт пост байгуулагджээ. Энэ нь орон нутагт ажилласан анхны галын алба байсан бөгөөд постын даргаар Мөст сумын харьяат Чойсүрэнгийн Мижид ажиллав.

Цагдаагийн хэлтэс байгуулагдсан нь /1990-2005/
     НАХЯ-ыг 1990 ны 4 дүгээр сарын 18-нд татан буулгажээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор УЦСЕГ-ыг бие даасан газар болгон өөрчилснөөр аймгуудад Цагдан сэргийлэх хэлтэс ажиллах болжээ. Хэлтэсийн даргаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Түмэннасангийн Норовжав томилогдон ажиллажээ. БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх хэлтсийг татан буулгаж Цагдаагийн хэлтэс байгуулжээ. Энэ үеэс Цагдан сэргийлэх хэлтсийн харьяанд байсан гал түймэртэй тэмцэх байгууллагууд аймгийн гал унтраах 48 дугаар анги болон өрх тусгаарлажээ.

Эрүүгийн алба нь эрүү, эдийн засгийн төлөөлөгчид, эрүүгийн болон гүйцэтгэх ажлын тоо бүртгэл, шинжээч, эрэлч нохойн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгчдийг багтаасан Эрүүгийн цагдаагийн тасаг болон зохион байгуулагдаж тасгийн дарга нь Цагдаагийн хэлтсийн орлогч дарга байхаар болжээ. Тасгийн даргаар Буянт сумын уугуул Цэдэнгийн Даваасүрэн томилогдон ажиллажээ. Хүн амын нягтаршил ихтэй, нутаг дэвсгэрээр нь хилийн 2 боомт нээгдэн ажиллах болсон зэрэг байдлыг харгалзан Булган суманд 1990 онд Цагдаагийн хэсэг байгуулжээ. Хэсгийн даргаар Булган сумын харьяат Аюушийн Раднаасамбуу төлөөлөгчөөр Булган сумын харьяат Хоокоон Ганболд, сэргийлэн хамгаалах байцаагчаар Булган сумын харьяат Сунгаравын Алтангэрэл нарыг болон хэв журмын 6 цагдааг томилон ажиллуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар тогтоолоор тус хэсгийг Цагдаагийн тасаг болгон өргөтгөжээ. Даргаар нь А.Раднаасамбууг үргэлжлүүлэн , эрүүгийн төлөөлөгчөөр Чулуундайн Баяраа, мөрдөн байцаагчаар Сүрэнгийн Чулуунбаатар, сэргийлэн хамгаалах байцаагчаар Хоокоон Ганболд, эрүүгийн тоо бүртгэгчээр Тостбүрэнгийн Даваадорж, бичээчээр Сүхтэйн Мөнхбаяр, жолоочоор Магсаржавын Мөнхтөр болон 7 цагдаа бүгд 14 орон тоотой ажиллажээ. Орон нутагт ажилласан анхны Цагдаагийн салбар байгууллага байлаа. Сэргийлэн хамгаалах албыг 1991 онд Хэв журмын тасаг болгон өргөтгөв. Тасгийн бүрэлдэхүүнд хэсгийн байцаагчид, хүүхдийн байцаагч, жижүүрийн шуурхай алба, замын цагдаагийн алба, эрүүлжүүлэх-баривчлах байр, эргүүл, харуулын цагдаа нар харьяалагдах болжээ. Тасгийн даргаар Эрдэнэбүрэн сумын уугуул Сандуйн Алтангэрэл, Ахлах байцаагчаар Дангаажавын Баатар нар томилогдон ажиллажээ.  Дарив, Мөст, Манхан  сумдад 1991 оноос гэрээт цагдаа ажиллуулж эхэлсэн бөгөөд 1993-1994 онд бүх сумдад орон тооны цагдаа нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэйгээр ажиллах болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/3 тоот тушаалаар хуучин мөрдөгдөж байсан гүйцэтгэх ажлын зааврыг хүчингүй болгож Шуурхай эрэн сурвалжлах ажлын заавар батлагдсанаар бүх төлөөлөгчид гүйцэтгэх ажил эрхлэхгүй болжээ. Ховд аймагт Цагдаагийн хэлтсийн дарга З.Сайжрах, орлогч дарга Б.Гантулга, Булган сумын хэсгийн дарга А.Раднаасамбуу, ахлах төлөөлөгч Л.Баярсайхан, ШЭСА-ны  сум дундын ахлах төлөөлөгч Ц.Жамъяншарав, Б.Ганбаатар, С.Нямтөмөр, Н.Жана-Эрдэнэ нарт гүйцэтгэх ажил эрхлэх зөвшөөрөл олгожээ. Боловсон хүчний хэрэг хөтлөгч, хүний нөөцийн ажилтны орон тоо 1994 онд батлагдаж Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Төвхөний Хандмаа ажиллажээ. Одоогийн байгаа байрандаа 1997 оны 8 дугаар сард шилжин оров. 1997-1998 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдан хорих, эрүүлжүүлэх баривчлах байрны барилга баригджээ. Мөн хугацаанд аж ахуйн аргаар 10 машины граж, аж ахуйн склад барьжээ. Хуучин Эрдэнэбүрэн суманд ажиллаж байгаад ажиллахгүй болсон услалтын системийн нурсан барилгаас хавтан зөөвөрлөн авч ирж жагсаалын талбайг алба хаагчдын хүчээр барьсан байна.

Замын цагдаагийн хэсэг 1997 онд байгуулагдаж даргаар нь Дарив сумын уугуул Усны-Эхийн Энхтөр томилогдон ажиллажээ. Тус хэсгийг 2000 онд Замын цагдаагийн тасаг болгон өргөтгөжээ.

Цагдаагийн ахмад ажилтан З.Дашзэвэгийн санаачилгаар 1997 оны 5 дугаар сард чөлөөнд гарсан 28 ажилтныг нэгтгэсэн Ахмадын зөвлөл байгуулан ажиллуулжээ. Зөвлөлийн даргаар Зандангийн Дашзэвэг сонгогдон ажиллажээ. 2013 оноос Ахмадын хороо нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа 34 ахмад ажилтан тус хороонд бүртгэлтэй байна.

Цагдаагийн хэлтсийн даргаар 1990-2001 онд ажилласан З.Сайжрахын үед Ховд аймгийн Цагдаагийн түүхэнд байгаагүй их халаа сэлгээ хийгджээ. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль 2002 онд шинэчлэгдэн батлагдсаны дагуу хийгдсэн зохион байгуулалтын өөрчлөлтөөр хэрэг бүртгэх алба байгуулагдав. Албаны даргаар Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Чойбалын Нямсүрэн, хэрэг бүртгэгчээр Дарив сумын уугуул Найдангийн Галбадрах, Жаргалант сумын уугуул Баатарын Аадарсүх нар ажиллажээ. 2003 онд бусад байгууллагуудад ажиллаж байсан хэрэг бүртгэгч нарыг нэгтгэхэд Цэргийн хэрэг бүртгэх албанаас Элбэгдорж, Гаалийн  албанаас Баасанжаргал, Галын албанаас Хүдэрчулуун, Татварын албанаас Базарсад нар шилжин иржээ. Тус алба 2005 онд тасаг болон өргөжиж даргаар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Болотын Наргулан томилогдон ажиллажээ. Цагдаа иргэдийн харилцан холбоог сайжруулах, Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг шуурхай болгох зорилгоор 2003 оноос Цагдаа олон нийттэй харилцах байцаагчтай болжээ. Байцаагчаар Дарив сумын харьяат Нямаахүүгийн Доржсүрэн ажиллажээ. Одоо тус цагдаагийн газар нь Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбар, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Булган сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Мянгад сумын сум дундын цагдаагийн тасгаас бүрдсэн 1 салбар, 1 хэлтэс, 8 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

 

 

 

Бидний тухай