НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ
1921 оны 7 дугаар сарын 19-нд Засгийн газрын VI хурлаар “Цагдаагийн тухай” асуудлыг хэлэлцэн “сэргийлэх цэрэг” гэгчийг цэргийн яамны бүрэлдэхүүнд байгуулж, арван тавны цагдаагийн аппаратыг татан буулгасныг мэдэгдэж, контор, буу зэвсэг, уналга бусад зүйлийг цэргийн яаманд шилжүүлэхийг тушаасан байна. Ардын цагдааг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, эдлэх эрхийг тодорхой болгон шинэчилэх зорилгоор Засгийн газрын жинхэнэ орлогч сайд Б.Цэрэндоржоор удирдуулсан комисс “Цагдан сэргийлэхийн эрх хэмжээний дүрэм”, “Цагдан цээрлүүлснийг зөрчсөнийг яллах хууль”-ийг боловсруулж Засгийн газрын 1923 оны 06 дугаар сарын 26-ны XVIII хурлаар батлуулсан байна.
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурал цэргийн яамны мэдэлд байсан цагдан сэргийлэх газрыг ДЯЯ-ны харъяанд шилжүүлж төв, орон нутагт анги салбартай, улсын хэмжээнд ажиллах “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар /УЦСЕГ/” байгуулжээ. 1928 оны 04 дүгээр сарын 24нд хотын цагдан сэргийлэх хэлтсийг газар болгон газрын даргаар Гончигийн Бумцэндийг томилжээ. 1929 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын VI хурлаар нийслэл хотын Цагдан сэргийлэх газрын эрхэлж байсан, эрүү иргэний хэргүүдийг эрхэлсэн ажилтных нь хамт хотын шүүн таслах газарт шилжүүлж, цагдан сэргийлэхэд зөвхөн хэв журам сахиулах ажил эрхлүүлэхээр болжээ.Цагдан сэргийлэх байгууллага нь 19261932 он хүртэл нийслэл хотын захиргааны харъяа ажилласан байна.1936 онд ДХГ-ыг ДЯЯ болгож өргөтгөхөд Цагдан сэргийлэх байгууллага нь яамны харъяа биеэ даасан газар болжээ.1936 онд сэргийлэн хамгаалах албыг 2 хувааж, хорооны байцаагч, морьт, явган эргүүл, чухал объектын улсын хамгаалалтыг хариуцуулсан хот хамгаалах тасаг байгуулж,
1936 оны сүүлчээр энэ хоёр тасгийг өргөтгөн сэргийлэн хамгаалах болон гэрээт хэлтэс болгожээ. 1938 онд Төвийн харуулын ангийг өргөтгөж, морьт, явган эргүүл ба улсын объектыг хамгаалах 4 салаа байгуулжээ. 1941 оны 08 дугаар сард СнЗ-ийн 39 дүгээр тогтоол гарч гэрээт харуулын хэлтсийг татан буулгаж, сэргийлэн хамгаалах хэлтэст төвлөрүүлэн нэг удирдлагатай болгож харуулын 3 суманг дивизион болгон өргөтгөж, даргаар нь ахлах лейтенант Ц.Жагзавыг томилжээ.1941 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Намын Төв Хорооны тэргүүлэгчид, СнЗ-ийн хамтарсан 43/41 тогтоолоор цагдан сэргийлэхийн ажилд туслах сайн дурын бригадыг байгуулж, дүрмийг баталсан байна. 1952 онд ДЯЯ-ны сайдын 170 тушаалаар УЦСГ-т сэргийлэн хамгаалах ба хотын цагдан сэргийлэхийг хариуцсан орлогч даргын орон тоо буй болгожээ. Нийслэл хотын 10 хороог хариуцсан цагдан сэргийлэхийн 5 анги, нэг хэсэг байгуулагджээ.
1960 онд УЦСЕГ-ын сэргийлэн хамгаалах хэлтсийг татан буулгаж, гүйцэтгэх албаны хэлтэс хариуцах болж уг хэлтсийн оронд Нийслэлийн цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах хэлтэс гэж байгуулан даргаар нь хурандаа Ц.Шагдарыг томилсон байна. Энэ хэлтэс нь хэв журмын тасагтай байсан бөгөөд удалгүй харуулын тасгийг шинээр байгуулж өргөжүүлэн, сэргийлэн хамгаалах гарнизон болгожээ. Тус хэлтэс нь 1960-1965 онд хот, хөдөөгийн хэмжээгээр хэв журам хамгаалах ажлыг хариуцаж нийслэлийн 13 хороо, аймгийн сэргийлэн хамгаалах байцаагч нарыг харъяалж байжээ. Энэ үед нийслэлийн хороо бүр хэв журам сахиулах сэргийлэгчтэй болов. 1960 онд эрүүлжүүлэх байр байгуулагдсан нь хэв журам сахиулахад ач холбогдолтой болжээ. МАХН-ын Төв хороо, СнЗ-өөс 1961 онд “Цагдан сэргийлэх байгууллагын ажилд туслах олон нийтийн бригад байгуулах тухай” тогтоол гаргаж, дүрмийг нь баталжээ. 1968 оны 03 дугаар сарын 28-ны СнЗ-ийн 95 дугаар тогтоолоор УЦСЕГ-т насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх хэлтсийг байгуулж, даргаар нь хурандаа Н.Балгансүрэнг томилжээ.СнЗ-ийн 1968 оны 34 дүгээр тогтоолоор Улаанбаатар, Дархан хотод баривчлах байр, Дархан, Дорнод, Сэлэнгэ, Зүүнхараа, Дорноговьд эрүүлжүүлэх байр байгуулжээ. Энэ үед хэв журам сахиулах гол ажил нь эргүүл, харуул, хамгаалалт зохион байгуулдаг байв. Тиймээс ч сэргийлэн хамгаалах гарнизоны харъяа эргүүлийн рот болон улсын орон тооны болон гэрээт харуулын ротуудыг байгуулан ажиллаж байв.Харуулын албаны харуулчдын тоо нэмэгдсэнээр УЦСЕГ-ын даргын 1963 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Хотын цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах гарнизонд гэрээт харуулыг удирдах тасаг байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоолоор цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцэд “Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба”-ыг шинээр байгуулан баталж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/262 дугаар тушаалаар зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлсон. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах , олон нийтийн аюулгуй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн албаны тогтолцоо , үйл ажиллагаа , алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулах болон Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги загварыг үндэслэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албыг цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд шинээр бий болгож,.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны А/197 дугаар тушаалаар 31 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс, мөн даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг 58 алба хаагчийн орон тоотойгоор тус тус байгуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/13 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталж, Захиргааны удирдлагын газар, Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийг шинээр байгуулж, нийт 591 алба хаагчийн орон тоотойгоор зохион байгуулсан.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11,12 дугаар зүйл, 13,14 дүгээр зүйлийн хамаарах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх, харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, үйл ажиллагааны үр дүнг тооцох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Захиргааны удирдлагын газар
Дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгагдсан ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, биелэлт үр дүнг тооцох, тайлагнах, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг байгууллагын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, алба хаагчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, Цагдаагийн албаны тухай хуульд заасан нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах чиг үүргийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны харилцан уялдааг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс
Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана. Үүнд:
- Гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг ажиллуулах дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бусад арга, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;
- Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албаны галт зэвсэг, галт хэрэглэл ашиглалт, хадгалалт, хамгаалалт
- Хэсгийн байцаагч, олон нийтийн цагдааг мэргэжил, арга зүйгээр хангах.
- Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах болон галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх журмын биелэлтэд хяналт тавих;
- Гээгдэл эд хөрөнгө, мөнгийг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
- Эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны төлөвлөгөө, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албаны тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс
Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана. Үүнд:
- Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээ авах;
- Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх;
- Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх;
- Дипломат төлөөлөгчийн газар, Улсын онц чухал объектыг хамгаалах.
- Шаардлагатай тохиолдолд улсын онц чухал болон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьект, ачаа тээшийг түр хугацаагаар хамгаалах.
- Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх.
- Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх,
- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах.
Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс
Тус хэлтэс нь албаны болон харьяа нэгжийн алба хаагчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харъяа нэгжүүдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ, хяналт шалгалт явуулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, байгууллагын дотоод аюулгүй байдал, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, алба хаагч, ажиллагсдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, нийтийн хэв журам хамаарах ажилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж, зөрчил дутагдал засуулах мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамгаалалт зохицуулалтын газар
Эргүүл, хамгаалалтын газар нь Засгийн газрын 2017 оны 281 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах “Улсын онц чухал обьектын жагсаалт”-ын дагуу дипломат төлөөлөгчийн газрууд, улсын онц чухал объект, Монгол банк, шүүхийн байрны 24 цагийн харуул хамгаалалтыг зохион байгуулан, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангаж, төр, засгийн тэргүүн, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэм сахиулах, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед хэв журам сахиулах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтэс
Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектыг хамгаалах чиг үүргийн хүрээнд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монгол банкны төв байрны аюулгүй байдлыг хангах харуул, хамгаалалтыг 24 цагаар зохион байгуулан ажиллаж байна.
Төрийн хамгаалалтын хэлтэс
Цагдаагийн албаны тухай хуулий 12 дугаар зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд төр, засгийн тэргүүн, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар нийслэл Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажиллах, олон нийтийн арга хэмжээнд оролцох үеийн хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Ажиллагааны хэлтэс
Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс
Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулах,шүүгч, шүүх хуралдааны болон шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих байрнаас шүүхэд, шүүхээс цагдан хорих байранд хуяглан хүргэх, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу хохирогч, гэрч, хариуцагч, шүүгдэгч, яллагдагчийг шүүхэд албадан ирүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.v