ЦАГДААГИЙН ЗАРИМ АЛБА ХААГЧ НАРТ НОХОЙН АРЬСАН ДОТОРТОЙ ГУТАЛНЫ ХАНГАЛТ ХИЙЛЭЭ
Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа Улаанбаатар цагдаагийн хүрээний Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгч "Хос аз" ХХК-д тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой хос гутлын хангалт хийлээ.
Мөн өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгож, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.
Цаашид Цагдаагийн ерөнхий газраас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.