Танилцуулга

САНХҮҮ, АР ТАЛЫН АЛБА

   Дотоод явдлын яамны сайдын 1939.02.05-ны өдрийн 66 тоот тушаалаар Ардан цагдан сэргийлэх байгууллагыг бие даасан “Аж ахуй, санхүүгийн нэгж”-тэй болгож, алба хаагч ажилтнуудын ахуй, нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, таних тэмдгийг шинэчлэн боловсруулах, албаны зэвсэг хэрэгслээр хангах алба хаагчдадээлжийн амралт олгох, барилга барих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Дотоод явдлын яамны сайдын 1942.01.12-ны өдрийн 15 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын “Санхүүгийн хэлтэс”-ийг 5 албан хаагчийн орон тоотойгоор баталсан. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1954 онд Дотоод явдлыг яам, Улсыг батлан хамгаалах яамтай нэгтгэж, Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг шинээр байгуулж, Цагдаагийн байгууллага тус яамны бүтцэд шилжин, мөн сайдын 1957.01.04-ний өдрийн 03 тоот тушаалаар “Санхүү, аж ахуйн тасаг”-ийг байгуулж Улсын цагдан сэргийлэх газарт 3 орон тоог нэмэгдүүлжээ. Тус яаманд 1958 онд бүтцийн өөрчлөлт хийгдэж, Цагдан сэргийлэх газрын “Санхүү, аж ахуйн тасаг”-ийг татан буулгасан ба “аж ахуйг удирдах ерөнхий хэлтэс”-ийг 1959 онд байгуулахад Цагдан сэргийлэх ерөнхий газрын санхүү, аж ахуйн ажиллагааг төвлөрсөн журмаар тус хэлтсээс хариуцан явуулж байсан байна. Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар нь 1959-1978 оны хооронд өөрийн бие даасан аж ахуйн нэгжгүй яамны аж ахуйн ерөнхий хэлтэс, үйлчилгээ, аж ахуйн газарт харьяалагдаж байсан бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1978.03.20-ны өдрийн 163 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Аж ахуйн хэлтэс”-ийг байгуулж, тус хэлтсийн бүтцэд “Санхүүгийн тасаг” ажиллуулахаар баталжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990.04.17-ны өдрийн 95 дугаар зарлигаар Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, Сайд нарын зөвлөлийн 1990.04.19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар болгон өөрчилж, “Аж ахуйн хэлтэс” ажиллахаар тогтоосон бөгөөд мөн тогтоолоор Дотоодын цэргийн байгууллагыг Цагдаагийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн ажиллуулж, аж ахуй, санхүүг нь тус албанд хариуцуулсан. Засгийн газрын 1990.10.26-ны өдрийн 107 дугаар тогтоолоор ЦЕГ-ын орон тоо, цалингийн санг мөн “Аж ахуй, санхүүгийн хэлтэс”-ийг “Аж ахуй, санхүүгийн алба” болгон өөрчлөн баталсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993.08.21-ний өдрийн 215 дугаар тушаалаар тус албанд “Санхүүгийн хэлтэс”-ийг байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1999.01.12-ны өдрийн 25 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Санхүү төлөвлөлт, үйлчилгээ хангамжийн газар”-ыг байгуулж, “Сүүж-Уул” амралт, “Оч” зуслан, “Цагаан шонхор” компани, Барилга угсралт, засварын ангийг тус албаны харьяанд ажиллахаар тогтоож, 2008 онд “Санхүү, ар талын газар” болгон бүтцийг шинэчилж, ЦЕГ-ын даргын 2014.01.08-ны өдрийн 18 дугаар тушаалаар “Санхүү, хангамжийн газар”-ыг байгуулсан.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.08.21-ний өдрийн А/158 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ээр ЦЕГ-ын “Санхүү, аж ахуйн алба”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023.11.20-ны өдрийн А/344 дүгээр тушаалаар “Санхүү, ар талын алба” болгон тус тус нэршлийг өөрчилж, Захиргааны удирдлагын хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс гэсэн төвийн 4, Автобааз, Хангалт үйлчилгээний төв, “Сүүж-Уул” амралт, сувилал гэсэн харьяа 3 нэгж, бүтэцтэйгээр баталсан.
Санхүү, ар талын алба нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулах, байгууллагын жилийн төвлөрсөн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг хуваарилах, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхээр материал, техник, тусгай хангамжийн хувьд цагдаагийн байгууллага, алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, албаны хувцас, техник болон тусгай хэрэгсэл худалдан авах ажиллагааг хариуцан явуулж, дүрэмт хувцас, эд хэрэглэлийн хангалт, үйлчилгээг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний тухай

 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

   Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн газрын орон тоонд “Тамгын тасаг”-ийг тасгийн дарга 1, сургалт, дотоод ажил хариуцсан байцаагч 1, бичээч-оператор 1, даргын туслах, бичиг хэрэг 1, нийт 4 алба хаагчийн орон тоотойгоор анх байгуулсан түүхтэй. Мөн даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 565 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, “Тамгын тасаг”-ийг Санхүү ар талын газрын “Захиргааны удирдлагын тасаг”, 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тушаалаар Санхүү, хангамжийн газрын “Төлөвлөлт, дотоод ажлын тасаг” болгон нэршлийг тус тус өөрчилсөн байна.
   Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар тус албаны “Захиргааны удирдлагын хэлтэс”-ийг шинээр байгуулж, хэлтсийн дарга, Хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль тогтоомж, үүрэг даалгаврын биелэлт хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн, Даргын даалгавар гүйцэтгэгч, Ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Бичиг хэргийн эрхлэгч, архивч, тус бүр 1 орон тоотой баталсан.
   Тус хэлтэс нь дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу Санхүү, ар талын албанд даалгасан ажил,  арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, биелэлт үр дүнг тооцох, тайлагнах, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх ажил, арга хэмжээг тус албаны хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

 

САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

    Анх 1934 онд батлагдсан Улсын цагдан сэргийлэхийн орон тоонд аж ахуй, санхүүгийн ажлыг хариуцан ажиллах 9 орон тоо батлагдсан нь тус хэлтсийн суурь тавигджээ.
Дотоод явдлын яамны сайдын 1939 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тушаал гарч, Ардын цагдан сэргийлэх байгууллагыг бие даасан аж ахуй, санхүүгийн нэгжийг байгуулж, анхны даргаар Б.Чойжамц, ерөнхий нягтлан бодогчоор Н.Лувсанбат нарыг томилжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Аж ахуй, санхүүгийн албаны талаар авах зарим арга хэмжээний тухай” 215 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Аж ахуй, санхүүгийн албанд “Санхүүгийн хэлтэс”-ийг байгуулж, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч байхаар баталжээ. Санхүүгийн хэлтэс нь хэлтсийн дарга 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 1, ахлах мэргэжилтэн 3, ахлах нягтлан бодогч 6, нярав 1, нийт 12 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
   Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсвийн төсөл, төсөөллийн тооцоог гаргаж, дээд байгууллагаар хянуулан, батлагдсан төсвийг харьяа байгууллагад хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, жилийн тайлан тэнцлийг гаргаж, дээд шатны байгууллагад хүргүүлэх, удирдлагыг санхүүгийн бүрэн мэдээллээр хангах;
Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой тушаал шийдвэрт хяналт тавих;
Санхүүгийн үйл ажиллагаанд дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлэх, бүртгэл санхүүгийн алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байна.

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

   Цагдаагийн ерөнхий газрын 2008 оны 565 дугаар тушаалаар Санхүү, ар талын газрын бүтцэд “Хангамж, үйлчилгээний хэлтэс” анх байгуулагдсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тушаалаар Санхүү, ар талын газрын бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн, “Хангамжийн хэлтэс” болгон өргөжүүлэв. Тус хэлтэс нь хэлтсийн дарга, Чиглэлийн ахлах мэргэжилтэн, Галт зэвсэг галт хэрэглэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Автомашин, техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүнсний хангалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Мэдээлэл, харилцаа, холбооны техник хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Малчин тус бүр 1, Хувцасны чанар, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн 2, Хувцасны чанар, технологи хариуцсан мэргэжилтэн 3, офицер 11, хөдөлмөрийн гэрээт ажилтан 1, нийт 12 орон тоотой ажиллаж байна.
   Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын жил бүр баталсан “Хууль зүй, дотоод хэргийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан хөрөнгө оруулалтын болон урсгал зардлаас санхүүжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
Хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглагдах албаны хувцас, автомашин, тусгай зориулалтын техник болон тусгай хэрэгслийн нөөц бүрдүүлэх;
Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байна.

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

   Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар Хангалт, үйлчилгээний төвийн бүтцэд “Барилга, байгууламжийн хяналтын тасаг” нэртэй тасгийн дарга, ахлах инженер, инженер, барилгын инженер-төсөвчин тус бүр 1, энгийн 2 (гэрээт), нийт 6 орон тоотой байгуулагдсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/02 дугаар тушаалаар Хангалт, үйлчилгээний төвийн харьяанд байсан “Барилга, байгууламжийн хяналтын тасаг”-ийг албаны харьяа (төв)-нд шилжүүлэн, засал чимэглэлчний 3 орон тоог шинээр батлуулж, “Цахилгааны болон сантехникийн инженер”-ийн 2 орон тоог цагдаагийн байгууллагын төсөвт, офицерын орон тоонд шилжүүлэн, мөн оны А/302 дугаар тушаалаар “Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс” болгон өргөжүүлсэн. Тус хэлтэс нь хэлтсийн дарга, барилгын ахлах инженер, барилгын инженер-төсөвчин, барилгын инженер, архитектурын инженер, цахилгааны инженер, сантехникийн инженер тус бүр 1, засал чимэглэлчин 3, офицер 7, ахлагч 3, нийт 10 орон тоотой ажиллаж байна. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй барилга, байгууламж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, барилга байгууламжийн судалгааг гаргах, урсгал засвар хийх, шаардлагатай урсгал засварын ажлын саналыг нэгтгэн, төсөв, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, засварын ажлыг хариуцан гүйцэтгэх, аж ахуйн аргаар алба хаагчдын өрөө тасалгаанд тавилга хэрэгслийг бэлтгэн нийлүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

АВТОБААЗ

 Цагдаагийн ерөнхий газрын “Автобааз” нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1926 оны 02 дугаар сарын 05-ны хуралдаанаар 5 алба хаагчийн орон тоотой, 4 ширхэг “Додж Коронет” D-44 маркийн автомашинтайгаар Дотоодыг хамгаалах газрын харьяанд “Дотоодыг хамгаалахын граш” нэртэйгээр анх байгуулагдсан. Түүхэн хөгжлийнхөө явцад Дотоодыг хамгаалах газар, Дотоод явдлын яамны Авто тээврийн удирдах газар, Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яаманд тус тус харьяалагдаж байгаад 1990 онд тухайн үеийн Нийгмийн аюулаас хамгаалах яамны бүтцээс гарч, Цагдаагийн ерөнхий газрын “Автобааз” гэж нэрлэсэн түүхтэй.
“Автобааз” нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/59 дүгээр тушаалаар Захиргааны удирдлага, Санхүү, аж ахуй, Ашиглалтын, Техник үйлчилгээ засварын 4 хэлтэс, 3 хэсэгтэй, офицер 28, ахлагч 204, энгийн 30, нийт 262 алба хаагч, ажилтантай батлагдсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/278 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албанд ашиглагдах тээврийн хэрэгсэлд хяналт тавих (код 809) журам”-д заасны дагуу Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  үндсэн үүргээ гүйцэтгэхэд албаны  болон тусгай зориулалтын техник хэрэгслээр  түргэн шуурхай үйлчилж, техникийн бэлэн байдлыг ханган засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх” үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

ХАНГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Хангалт, үйлчилгээний төв нь анх Нийгмийн аюулаас хамгаалах яамны Үйлдвэр аж ахуйн газрын “Хангалтын алба” нэршилтэйгээр 1947 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Дотоод явдлын яамны 1947 оны 211 дүгээр тушаалаар Цагдан сэргийлэх газрын “Хангалтын тасаг”, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн аюулаас хамгаалах яамны Үйлчилгээ аж ахуйн газрын “Хангалт, үйлчилгээний тусгай тасаг” шинэчлэн байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар “Хятад барилгачдын байр”-нд буюу агуулах 10, граж, уурын зуух, харуулын байр бүхий барилга байгууламж, түүнчлэн салаа төмөр замтай, аж ахуйн хашаа, 1 хөрөө рам, конторын төв байр, отрядын байр 3, модон агуулах 2, бүхий объектод төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/355 дугаар тушаалаар Санхүү, ар талын албаны “Хангалт, үйлчилгээний төв” болгон өргөжүүлсэн түүхтэй. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/1795 дугаар тушаалаар “Удирдлага, Хүнсний хэсэг”-тэй баталж, мөн даргын 2023 оны А/388, 2025 оны А/63 дугаар тушаалаар орон тоог нэмэгдүүлэн, офицер 14, ахлагч 16, энгийн 6, нийт 36 алба хаагч, ажилтантай үүрэг гүйцэтгэж байна. Хангалт, үйлчилгээний төв нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг олон улсын стандартад нийцсэн дүрэмт хувцас, хэрэглэл, техник, тусгай хэрэгслээр хангах, бэлтгэн нийлүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, захиалах, төлбөр тооцоог барагдуулах, төв байрны алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

СҮҮЖ-УУЛ АМРАЛТ, СУВИЛАЛ

   Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 596 дугаар тушаалаар яамны амралт байгуулах тухай шийдвэр гарч, мөн сайдын 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 439 дүгээр тушаалаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны амралтыг “Сүүжийн амралт” гэж нэрлэсэн түүхтэй.  “Сүүж-Уул” амралт, сувилал нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/50 дугаар тушаалаар удирдлага, үйлчилгээний хэсэг, сувиллын хэсэгтэй баталж, мөн даргын 2022 оны А/131 дүгээр тушаал, 2023 оны А/205 дугаар, 2025 оны А/85 дугаар тушаалаар орон тоог нэмэгдүүлж, офицер 16, ахлагч 18, энгийн 23, нийт 57 алба хаагч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус амралтын зочид буудалд жилийн дөрвөн улиралд, зуны улиралд зуны байр, гэрт нийт 180-240 амрагч, Хөвсгөл аймаг дахь “Цагаан шонхор” салбар амралтад 40-50 амрагч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр тушаалаар сэргээн засах сувилал үүсгэн байгуулагдаж, “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-тэй, Эрүүл мэндийн яамнаас 6 удаа “Магадлан итгэмжлэгдсэн”, нэг удаагийн ээлжиндээ 50 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай, Эрүүл мэндийн даатгалын газартай хамтран ажиллах гэрээний дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлж, сувилгаа үйлчилгээ тус тус үзүүлдэг. Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувилал нь Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын  алба хаагч, ажилтан, ахмад ажилтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, ая тухтай амраах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.