Цагдаагийн хурандаа Э.Бөхбат: Дүрмээ биелүүлээд явдаг бол хайс хашлаганы хэрэг огт байхгүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох байгуулагуудтай (Нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар) хамтран явган зорчигчийн болон авто тээврийн аваар осол ихээр гардаг, авто замын зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна.
Нийт 4820м урттай хайс хашлагыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд зэрэг таван гудамжинд хоёр бригад гүйцэтгэж байна. Эдгээр хайснууд нь 2 талын гэрэлтүүлэгч цацруулагчтай, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү шинээр суурилуулж буй хайс хашлагын засвар, арчлалт үйлчилгээг УБЗЗАГ хариуцан ажиллах юм. Харин энэ ажил хийгдэж эхэлснээс хойш иргэд маш ихээр бухимдах болсон. Эл асуудлаар Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
Эх сурвалж: www.medee.mn Сэтгүүлч Б.Бурмаа
-ШҮҮМЖЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ ӨӨРСДӨӨ ДҮРМЭЭ ХЭР БИЕЛҮҮЛДЭГ ГЭДГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ-
-Зарим иргэд хашаа хайс тавьсанд маш их бухимдаж байна. Шоронжсон улс болж байна гэх хандлага их гарч байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Шороншсон улс боллоо гэж шүүмжлэхээсээ илүү бид өөрсдөө замын хөдөлгөөний дүрмээ хэр биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцож байгаа билээ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Энэ хайс хашлагуудыг хийж, явган хүнийг хаа сайгүй зам хөндлөн гаргадаг байдлыг таслан зогсоосон. Гэхдээ л манайхан шарыг ч тавьсан, улааныг ч тавьсан даваад л байгаа. Үүнээсээ болоод зам тээврийн осол хэрэгт холбогддог. Бусдыг харахад соёлгүй ч харагдана. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байдаг 1.1, 1,2 тэмдэглэлүүдийг зөрчиж дуртай газраараа дур мэдэн давж эргэдэг, дуртай газраараа урсгал сөрдөг.Ингээд эрхээ хасуулж, мөнгөн торгуулиар торгуульж арга хэмжээ авахуулаад байгаа. Мөн торгуулж, эрхээ хасуулахаас гадна элдэв осол хэрэгт өртөж, хэн нэг хүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл үүсгэдэг.
-Хашлага хайс тавьсанаар осол хэргийн тоо буурна гэж олйгож болох уу?
-Үүнээс л сэргийлэх гэж тээврийн цагдаагийн албанаас энэ хайс хашлагуудыг захиалж тавиулсан. Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд, хүний тоо нь ч нэмэгдэх тусам осол гэмтэл гарах магадлал улам өндөрсөж байгаа. Ийм үед энэ арга хэмжээ авсанаас хойш хүмүүс амь нас эрүүл мэднээрээ хохирох тоо арай гайгүй байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг тусгаарласан хайс хашлага осол гэмтлийг бууруулахад шууд нөлөөлж байна гэж харж байна. Тоон мэдээлэл, практикаас ч харагдаж байна. Өмнө нь энэ замд осол их гараад байна, энд хүмүүс мөргүүлээд байна, энд машинууд буцаж эргээд, урсгал сөрөөд байна гэсэн газруудад хайс хашлага тавьсан. Энэ нь хүмүүсийг хүмүүсээс нь хамгаалж байгаа хамгаалалт. Шоронжоод байгаа асуудал биш. Шар өнгийн хайс хашлагууд нь харин ч өнгө үзэмж сайтай юм билээ. Би хараад бүр баярлаад байгаа. Бусад улс оронд ч гэсэн дүрмээ баримталдаггүй жолооч, явган зорчигчидтай бол хайс хашлага тавьж л элдэв осол хэргээс сэргийлдэг.
-ХАЙС ХАШЛАГА ТАВЬСАНААР ИРГЭД ГАРЦААР ГАРДАГ БОЛЖ, ЯВААНДАА ЗУРШИЛ БОЛНО-
-Уг нь жолооч нар дүрмээ баримталж, явган зорчигчид гарцаараа гарч сурах сайн талтай юм даа?
-Хайс хашланга тавьсанаар иргэд маань арай ч даваад гарчихгүй, гарцаа хайж явсаар байж байж гарцаар гарах нь дадал болдог. Дадал нь явсаар зуршил болдог. Тэгээд эцэстээ хайс хашлага байна уу байхгүй юу хамаагүй тухайн хүн гарцаараа гараад зуршсан бол өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг л хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Нөгөө нэг жолооч давхар зураас эргэж дуртай газраараа эргэхээ больж, урсгал сөрөхөө больчихвол хайс байсан байгаагүй тэр хүн өөрөө өөрийгөө хамгаалаад л явна. Ерөөсөө л ийм энгийн зүйл.
-Хайс хашлага давж байгаа хүмүүсийн зураг сошиал орчинд тарсан. Энэ хүмүүст хариуцлага тооцох юм уу?
-Хайс хашлага тавиад нэлээд хэдэн жил болсон. Утаа тоосжилт гэх мэт зүйлээс болоод өнгө үзэмж нь нэлээд муудсан. Хаалт хашлагагүй байхад гарч байсан осол хэргийн болон дүрэм зөрчсөн тоо баримтууд одоо бол 2,5 дахин буурсан. Тийм учраас өнгө үзэмжгүй байсан хайс хашлагыг шинэчилж тавьж байгаа нь энэ. Хашлага тавьчихсан байхад давж байгаа иргэд бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байна л гэсэн үг. Тэгэхээр тухайн хүнд Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцно.
-Хайс хашлага тавьж болно. Гэхдээ 120 мянгат ч юм уу ер нь хайс хашлага тавьсан зарим замуудад гарц гарамууд хоорондоо арай л хол зайтай байгаад иргэд бухимдаж байна?
-Явган хүн ихээр зам гардаг зарим хэсгүүдэд хайс хашлагуудынхаа дунд завсар гаргаад өгчихсөн. Үнэхээр яарч яваа бол ойртон ирсэн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөгөөд эгц хөндлөн гарна гэсэн дүрэм маань үйлчилнэ. Харин зайлшгүй олон хүн гарах газруудаараа явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ байршуулж байгаа. Тэгж байж хөдөлгөөний дараарал тогтоож, замын хөдөлгөөний дүрэм биелүүлнэ. Осол аваар гарлаа гэхэд хэний буруу зөв гэдгийг шийдэхэд ч гарц гарамаар гарсан байх асуудал маш чухал нөлөөтэй. Амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд 100, 200 метр газар яагаад алхчихаж болдоггүй юм бэ. Үнэхээр олон хүн гарцаар гарах шаардлагатай, гарц байхгүй бол манайд санал санаачилгаа ирүүлбэл бид шийдээд өгнө.
-Нийслэлд хэчнээн газар хайс хашлага байршуулах шаардлагатай байгаа вэ?
-Иргэд, жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд бүгдээрээ гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Энэ чинь хөрөнгө мөнгө шүү дээ. Хаана хэрэгтэй вэ гэвэл хүн үхээд байгаа, аюултай цэгүүдэд тавьж байна. Багшийн дээд, нэгдүгээр төрөх эмнэлэгийн урд байна. Хаа сайгүй дүрэмгүй бэлчиж байна шүү дээ. Энэ болгоныг харсаар байгаад шоронжсон улс боллоо гэж хэлүүлэхээс айж хүний амь насыг хамгаалахгүй орхих эрх цагдаагийн байгууллагад байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна.