Цагдаагийн хурандаа П.Оростогоо: Сүүлийн жилүүдэд алба хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлсэн нь урам сэргэж, төрдөө зүтгэх итгэл үнэмшил нэмэгдсэн гэж харж байна
“Монгол төрийн цагдаа” эмхэтгэлийнхээ II улирлын “Дугаарын зочин” буланд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоог урьж, ярилцлаа.
Таны амрыг эрье. Юуны өмнө урилгыг хүлээн авч цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар нийт алба хаагч нартаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ярилцаж байгаад талархал илэрхийлье!
Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа нийт алба хаагч, ажилтан болон Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
Энэ жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хоёр зорилтыг дэвшүүлж, үйл ажиллагааныхаа чиглэл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээр зорилт бол мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи ашиглалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангах зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?
Бид технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар 2023 онд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи ашиглалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангана.”, “Алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, менежментийн шинэлэг арга, хэлбэрийг нэвтрүүлэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.” гэсэн зорилтыг дэвшүүлэн, ажиллаж байна. Дэлхий нийтээрээ цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан мэдээллийн технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэж байгаа энэ үед цагдаагийн байгууллага ч гэсэн үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологийг ашиглан алба хаагч, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг байнга хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал,
“Шинэ сэргэлтийн бодлого”, “Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр”, Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоол зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний “е-Mongolia” нэгдсэн системд 27 төрлийн лавлагаа, үйлчилгээг холбосноор иргэд цахимаар лавлагаа, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болсон.
Мөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд орон зайн дүн шинжилгээ болон системийн динамик загварыг хослуулан ашиглах, судалгаа, дүн шинжилгээний чиглэлээр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, мөн академийн Математик, Тоон шинжилгээний хүрээлэнтэй 2023 онд байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”- ийн хүрээнд “ArcGIS” программ, Т-21 систем динамикийн загварыг ашиглан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг тодорхойлж байна.
“Албан бичиг солилцооны дундын систем”-ийг ашиглагч байгууллагуудтай цахим гэрээг байгуулж, цагдаа, дотоодын цэргийн 90 байгууллагыг холбосон. Тус системд төрийн 835 байгууллага холбогдсон бөгөөд цаашид төрийн байгууллагуудтай цахим гарын үсгээр баталгаажуулсан албан бичиг түргэн, шуурхай солилцож, цаг хугацаа хэмнэх, бичиг хэргийн зардлыг бууруулах боломжтой болсон.
Тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл өгсөн иргэн бүрт дуудлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мессежийг автоматаар илгээдэг болох программын хөгжүүлэлтийг хийж, үйл ажиллагаанд нэвтрүүлснээр иргэдээс дахин дахин шаардсан дуудлагын тоо 30 хувиар буурсан. Мөн тусгай дугаарын утсаар дуудлага, мэдээлэл өгч буй иргэнтэй видео дүрсээр харилцаж, дуудлага хүлээн авах технологийг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс дуудлага, мэдээлэл хүлээн авч, яаралтай тусламж үзүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1369 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 800,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Нийтийн тээврийн автобусны 103 буудлыг камержуулах” ажлын хүрээнд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 197 ширхэг телхяналтын камерыг суурилуулж, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-тэй холбосон бөгөөд халаасны хулгайн гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.4 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Цагдаагийн байгууллагаас хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле-камерын тоог нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгох зорилгоор 2022 онд төрийн болон төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 178 цэгт 441 ширхэг камерыг суурилуулж, “Телехяналтын камерын төв”-ийг байгуулсан.
Цаашид “Ногоон бүс” төслийг нийслэл, орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр “Камерын хяналтын нэгдсэн төв” байгуулахад шаардагдах техник эдийн засгийн үндэслэл, зардлын тооцоо, судалгааг гаргаж, зардлыг шийдвэрлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг 1 тэрбум, Архангай аймаг 138.3 сая, Өмнөговь аймаг 600,0 сая, Сүхбаатар аймаг 426.5 сая Сэлэнгэ 420.0 сая, Дорнод аймгийн Хэрлэн суманд 200.0 сая төгрөгийн зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөс шийдвэрлүүлж, батлуулсан бөгөөд тендер шалгаруулах ажиллагааг зохион байгуулах зэрэг бодлогын чанартай томоохон ажлуудыг зохион байгуулан үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг.
Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISО9001:2015, ISО27001:2013 олон улсын стандартыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан “Сургалт, хүний нөөц”, “Үйл явц тодорхойлсон буюу бүх албадын төлөөлөл”, “Баримтжуулсан мэдээлэл цуглуулах буюу мөрдөж буй эрх зүйн баримт бичиг, хэрэгжүүлж буй код журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх”, “Мэдээллийн аюулгүй байдлын чиглэл”-ээр дэд ажлын хэсэг байгуулан дөрвөн үе шаттайгаар ажлаа зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Удаах зорилтын хэрэгжилт хэр байна вэ?
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/05 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн бүтцэд “Алба хаагч, ажилтны эрхийг хамгаалах тасаг”-ийг шинээр байгуулсан. Энэ тасаг нь “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг зохион байгуулах, алба хаагчдаас албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирсон, холбогдсон тохиолдолд тэдэнд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. “Алба хаагчдын чөлөөт индэр” дотоод цахим бүлгэм ажиллуулж, алба хаагч, ажилтныг тэнцвэртэй мэдээллээр хангах, цалин, тулгамдаж буй нийгмийн асуудлыг судалж, тэдний санал, хүсэлтийг удирдлагад танилцуулан шийдвэрлүүлж ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд сүүлийн жилд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамдад алба хаагчдын цалин, хангамжийн судалгаа тооцоог гарган танилцуулж, тодорхой түвшинд нэмэгдүүлж чадсан.
Дээрх нэгж нь өнгөрсөн оны байдлаар албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмт хэрэгт холбогдсон 20 алба хаагчид холбогдох 16 хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлснээс хэрэг бүртгэлтийн 12 хэргийг, энэ оны эхний хагас жилийн байдлаар 9 алба хаагчид холбогдох 8 хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлснээс хэрэг бүртгэлтийн 4 хэргийг хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлсэн билээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мерит зарчмын дагуу албан тушаалд томилогддог байх, мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй суралцах, өсөн хөгжих эрмэлзлийг нь дэмжих зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ирсэн. Бид энэ онд Дотоод хэргийн их сургуулиас Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургуультай хамтран хэрэгжүүлж буй бакалаврын хос хөтөлбөрийн агуулгыг эзэмшиж, “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 11, Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”, “Аюулгүй байдал-дотоодын цэрэг” мэргэжлээр төгссөн 259, нийт 270 шинэ төгсөгч залуусаар эгнээгээ нэмсэн.
Байгууллагынхаа сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг дөрвөн удаа зохион байгуулж, 810 иргэнийг нөөцөд бүртгэн, “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгуулахаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвд 272, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 455 иргэнийг суралцуулж, 627 иргэнийг буюу 77.4 хувийг албан тушаалын сул орон тоонд томилж, нөхөн хангалтыг хийв. Харин 2023 онд албан тушаал дэвшүүлэх нөөцөд нийт 1275 алба хаагчийг сургалтад хамруулан Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэснээс 349 буюу 27.4 хувийг дэвшүүлэн томилоод байна. Ингэснээр алба хаагчийн нэгж ачаалал буурч, үүрэг гүйцэтгэл сайжирч, иргэдийн маань сэтгэл ханамж нэмэгдэж байгаа юм.
Цагдаагийн байгууллага чадварлаг хүний нөөц бүрдүүлэхээс гадна алба хаагчдыг хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх тал дээр ямар зарчим баримтлан ажиллаж байна вэ?
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 10 мянга гаруй алба хаагчдын 65 хувь нь бакалавр, 19.1 хувь нь магистр болон докторын зэрэгтэй алба хаагчид байдаг. Бид алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дотоод болон гадаадын их дээд сургууль, академид мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжлээр сургахад тогтмол анхаарч ирсэн. Тухайлбал, жил бүр Дотоод хэргийн их сургуульд ойролцоогоор 350 алба хаагч бэлтгэхээс гадна энэ онд АНУ, ОХУ, БНСУ, БНТУ, БНУУ, БНХАУ, Австрали зэрэг олон улсын академи, их, дээд сургуульд жилд дунджаар 90 гаруй алба хаагчийг бакалавр, магистр, доктор, адъюнктур удирдлагын магистрын сургалтад суралцуулж байна. Саяхан гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Багиоу хотын BASO англи хэлний сургалтын төвийн холбооны CIA, PINES, MONAL гэх 3 сургалтын төвд хамтран цагдаа, дотоодын цэргийн 107 алба хаагчийг англи хэлний вакумжуулсан 60 хоногийн сургалтад хамруулах ажлыг амжилттай зохион байгуулав.
Мөн өндөр хөгжилтэй улс орнуудад “Үндэстэн дамнасан гэмт хэрэг”, “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх”, “Кибер, цахим гэмт хэрэгтэй тэмцэх”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх”, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх” зэрэг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад алба хаагчдыг хамруулахын зэрэгцээ АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас сургагч багш нарыг урьж давтан, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник технологи, ололт амжилтын талаарх туршлага, шинэлэг санал санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид алба хаагчдаа мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийн мэдрэмжтэй байх асуудалд анхаарал хандуулсаар ирсэн.
Бид чинь дүрэмт хувцастай бол төрийн хүн, дүрэмт хувцсаа тайлсан үедээ жирийн нэг аав, ээж, хэн нэгний энхрий хайртай хүү охин, ах дүү, халамжит хань л байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид байх ёстой шалгуурын нэг бол хүн чанар, хүнтэй хүн ёсоор харьцах, хүнлэг энэрэнгүй зан чанар юм л даа. Хэдийгээр энэ шалгуур үзүүлэлтийг шууд хэмжиж тогтоох боломжгүй ч гэлээ бид харилцаа, хандлагаа өөрчилж, аль болох иргэн төвтэй, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, ёс зүй, сахилга, хариуцлага өндөртэй алба хаагчдыг бэлтгэхээр зорьж байна.
Тийм ч учраас хүний эрхийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчдынхаа зан харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч сэтгэл зүйн засал хийх зэргээр энэ чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг чанартай, соёлтой, түргэн шуурхай хүргэх, иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг, иргэний хяналтад тулгуурлан хөгжүүлэхийн тулд үнэт зүйл болсон алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, харилцааны соёлыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Бид иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байх ёстой.
Эх орон, ард түмнийхээ төлөө төрдөө тангараг өргөсөн гэдгээрээ сайн, муу бүх зүйлд цагдаагийн алба хаагчид гомдоллох эрхгүй, хамгийн түрүүнд ажилладаг эдгээр алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
Монгол Улсын Төрийн тэргүүн, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байдагт бид бүхэн баяртай байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг сүүлийн жилүүдэд тодорхой хувиар нэмэгдүүлсэн нь алба хаагчдын маань урам сэргэж, төрдөө зүтгэх итгэл үнэмшил нэмэгдсэн гэж харж байгаа. Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 452 дугаар тогтоолоор өнгөрсөн онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын үндсэн цалинг 28.8-77.0 хувиар, 488 дугаар тогтоолоор хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг энгийн ажилтан нарын цалинг 8.0 хувиар нэмсэн бол энэ оны 241 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын үндсэн цалин 16.0-24.0 хувиар, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг энгийн ажилтан нарын цалин 32 хувиар тус тус нэмэгдүүллээ. Мөн Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолд заасан албан ажлын онцгой нөхцөл, цолны нэмэгдлийг тогтоол батлагдсан хугацаанаас, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан үе шаттайгаар шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн олгож, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн юм.
Алба хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцаанд үүсээд байгаа ялгамжтай байдлыг арилгах зорилгоор Шүүхийн шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдах үед дагаж батлагдсан Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн тухай хуулиар цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагчдын төрийн тусгай албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох боломжтой болсон. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-д заасны дагуу 2022 онд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглабарын дагуу цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 372 алба хаагч 2023 онд тэтгэвэрт гарахаар санал ирүүлж, 19.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, эхний хагас жилийн байдлаар тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 8.6 тэрбум төгрөг буюу 43.9 хувийг олгоод байна.
Эхний хагас жилийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 10,000 орчим алба хаагчдад 107 нэр төрлийн 3,3 тэрбум төгрөгийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангалт хийж, улсын төсвөөр сүүлийн 3 жилд 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 24 автомашин, 5 мотоцикл, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын авто парк шинэчлэлтийн хүрээнд “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу БНСУ-д үйлдвэрлэсэн 5 нэр төрлийн 350 автомашинаар автопарк шинэчлэлт хийснээр цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслийн 40 орчим хувь шинэчлэгдлээ шүү дээ.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2018-2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор, ГовьАлтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн цагдаагийн газар, тасгуудын конторын 9 барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулж, одоо Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад сум дундын цагдаагийн тасгуудын 7 барилгын ажил үргэлжилж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулахаар шинээр хэрэгжүүлэх 32, шилжих 4 тасгийн барилга, их засвар хийлгэх 17, мөн шинээр бариулах барилгын зураг төсөл хийлгэх 5, нийт 58 саналыг нэгтгэн, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байгаа.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн байгууллагын зүгээс “Алба хаагч нэг бүрт орон сууц” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд “Хууль сахиулагч-1” хотхоны 2, 3 блок 165 айлын орон сууцыг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөн, барилгын явц байдалд захиалагчийн хяналтыг тавьж байна.
Манай алба хаагчдын ажлын ачаалал хэр байна вэ? Олон улсын түвшинтэй харьцуулахад хэд дахин өндөр байдаг гэх судалгаа бий. Ажил, ачааллаас шалтгаалаад алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйд нөлөөлж байна уу?
Дэлхийн жишигтэй харьцуулахад манай улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачаалал өндөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хүний эрхийн үндэсний комиссын 2015 оны 14 дүгээр илтгэлд хүртэл цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байгаа талаар дурдсан байдаг шүү дээ. Цагдаагийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, алба хаагчдын ачаалал өндөр байгаа асуудлыг төр засгийн удирдлагууд хэлэлцэж, цагдаагийн байгууллагад орон тоо нэмэгдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан, өндөр ачаалалтай ажилладаг хэсгийн байцаагч, замын цагдаагийн зохицуулагч нарын ачаалал тодорхой түвшинд буурч, цагдаагийн ажил, үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж бүрдээд байна.
Алба хаагчдаас авсан ажлаас халшрах хам шинжийг тодорхойлох судалгааг 3175 алба хаагчаас авахад 319 алба хаагч буюу 8.8 хувь нь хэт өндөр, 835 алба хаагч буюу 23.1 хувь нь өндөр түвшний илрэлтэй сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ, засалд зайлшгүй хамрагдах шаардлагатай, 913 алба хаагч буюу 25.3 хувь нь дунд түвшний илрэлтэй гэж судлагдсан байдаг. Цагдаагийн төв байгууллага дотооддоо Эрүүл мэнд, сэтгэл зүйн нэгжийг 2021 оноос ажиллуулж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага бүрийг мэргэжлийн сэтгэл зүйчтэй болгох ажлыг үе шаттай шийдвэрлэж байна. Алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалж, тэдний албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломж, нөхцөлийг хангах, сэтгэл зүйн стресс, аливаа асуудлаас сэргийлэх, зөвлөгөө тусламж өгөх, харилцаа хандлагыг сайжруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал,
Нэн тэргүүнд алба хаагчдаас сэтгэл зүйн, ажиллах нөхцөл байдал, ажлаас халшрах хам шинж, ажлын ачааллын зэрэг шаардлагатай судалгаануудыг хийж, судалгаанд суурилсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг баримталж байна.
Алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих” аяныг 2023 оны II улиралд зохион байгуулж дүгнэж, цаашид Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих” “ЭРҮҮЛ МЭНДЭРХЭМ БАЯЛАГ” хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Мөн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр харилцан туслалцаж дэмжих, хамтын ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг тогтоох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Нямьяанжу хотын Эль эмнэлэг, Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу алба хаагч, ажилчид болон тэдгээрийн гэр бүлд эмчилгээний зардлын 40.0 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлж, цагдаагийн байгууллагын саналаар ирсэн бусад иргэнд эмчилгээний зардал болон багц шинжилгээ хийлгэх тохиолдолд 20.0 хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломж бүрдсэнийг хэлэхэд таатай байна.
Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татаж байдаг. Сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг тогтмол хэрэгжүүлсний үр дүнд алба хаагчдаас үйлдсэн сахилга, ёс зүйн зөрчил 2023 оны эхний хагас жилийн байдлаар урьд оны мөн үеэс 35.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Алба хаагчдын сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхэд удирдах ажилтны манлайлал, хариуцлагыг сайжруулахад анхаарч цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний хүрээнд сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг “Сэтгэл зүйд суурилсан манлайлал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
Мөн 2023 оны 1 дүгээр сараас “Гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө” болзолт уралдааныг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зарлаж, уралдааны хүрээнд анги, байгууллага бүр дотооддоо сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрөл бүрийн аян, арга хэмжээний хүрээнд “Эерэг хандлага, хуульч ажиллагаа-2023” аян, анги, байгууллагуудаас “Соёл түгээгч”, “Стандарт-үйлчилгээ”, “Ёс зүйн төлөвшил”, “Спортлог-эрүүл алба хаагч” зэрэг нөлөөллийн аян, арга хэмжээ, сургалтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай байгаа юм.
Цахим орчинд цагдаа, дотоодын цэргийн байгууллага, удирдлага, алба хаагчтай холбоотой сөрөг мэдээллүүд нэлээдгүй гарч байдаг. Эдгээр мэдээ, мэдээлэлд хэрхэн хариу арга хэмжээг авч ажилладаг вэ?
Цахим орчинд байгууллага, алба хаагч, үйл ажиллагаатай холбоотой эерэг болон сөрөг мэдээ, мэдээлэл цөөнгүй нийтлэгддэг. Энэ асуудал бол зөвхөн манай улсын цагдаагийн байгууллагатай холбоотой бус дэлхийн аль ч улс орны иргэд өөрсдийн орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайшаадаг, шүүмжилдэг, талархдаг, зарим үйл ажиллагаагаа сайжруулаач хэмээн санал бодлоо илэрхийлдэг. Энэ бол эрүүл үзэгдэл гэж хэлж болно. Харин анхаарах ёстой зүйл бол албан бус, баталгаатай бус, эх сурвалж нь тодорхойгүй байдлаар худал, ташаа, төөрөгдүүлсэн, албаны болон алба хаагчийн нэр хүндэд санаатайгаар халдсан мэдээ, мэдээлэлд иргэд илүү ухаалаг хандаж, албан ёсны эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч, дүгнэлт хийдэг байх хэрэгцээ, шаардлага цахим орчны хөгжлөөс илэрхий болж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас байгууллага, алба хаагчтай холбоотой санал, хүсэлт, гомдол, талархал зэргийг 126 тусгай дугаарын утсаар, мөн бичгээр, алба, нэгжийн албан ёсны цахим хуудас, фейсбүүк хуудас зэрэг олон талт мэдээллийн сувгаар хүлээн авч, холбогдох ажиллагааг явуулан хариуг иргэн, хуулийн этгээдэд хүргүүлж ажилладаг.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цаг үеэ дагаад олон аян, арга хэмжээг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ хэр өгч байна?
Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 850 орчим хуулиас Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг 115 гаруй хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоол, захирамж гээд 154 эрх зүйн актуудыг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, болгоомжлуулах зорилгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн 14, хэсэгчилсэн 193, нийт 207 ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулсан. Тухайлбал,
Бид тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “UNFRIEND”, “Нэр хором”, “Яараад яахав дээ”, “Ятгах тусам нягтал”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”, “Тэрбум мод”, “Намайг Алгас”, “Байгалиа хамгаалъя-Хүн бүр байгаль хамгаалагч” “Угаарын хий”, “Цахим орчинд хүний эрхийг хамгаалъя-Залилагчид боломж бүү олго” зэрэг аян, арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулснаар сүүлийн жилийн харьцуулсан судалгаагаар гэмт хэргийн гаралт 1003 буюу 5.0 хувиар буурч, илрүүлэлт 1,5 хувиар өсч, иргэд, олон нийтийн талархлыг хүлээсэн нь алба хаагчдын маань хичээл зүтгэлтэй холбоотой юм.
Зохион байгуулсан ажил, арга хэмжээнээс «Аажуу явбал аяндаа хүрнэ дээ» аян Соёлын яамнаас жил бүр зохион байгуулагддаг «Мөнгөн мод-2022” 14 дэх удаагийн ёслолын арга хэмжээнээс Зар сурталчилгааны шилдэг бүтээлээр шалгарсныг энд онцлон хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!
Баярлалаа. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бидэнд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага болон байгууллагын амин судас болсон алба хаагч, ажилтан, тэдний гэр бүл, хайртай дотны хүмүүст нь талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!