Зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 72.3 хувиар буурчээ
Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст улсын хэмжээнд нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байв.
Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6, нийслэлд 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн “Сар шинийн” өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.