Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Сумдын алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангахад анхаарч ажиллаж байна
"Монгол улсын төлөө зүтгэе" булангийнхаа энэ удаагийн дугаараар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханыг урьж ярилцлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019-02-02
Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага энэ онд гэмт хэргийн илрүүлэлтээр ямар үр дүнтэй ажиллав?
Аймгийн хэмжээнд 2018 онд 366 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн. Гэмт хэргийн илрүүлэлт 62 хувьтай байгаа нь улсын дунджаас 1 дахин дээгүүр байна. Бусад аймгуудтай харьцуулахад хэргийн илрүүлэлтээр эхний 6 дугаар байранд явж байна. Тодорхой төрлийн гэмт хэргийн тухайд хулгайлах гэмт хэрэг 2017 онд 98, өнгөрсөн онд буюу 2018 онд 61 бүртгэгдэж 37 нэгжээр буурч, залилан мэхлэх гэмт хэрэг 2.3 дахин өссөн.
Иргэд өөрийн малыг хариулга, маллагаагүй орхидог мөн туслах малчдыг зарын дагуу ямар нэгэн судалгаагүй авч ажиллуулдаг, өөрсдийн үнэт эдлэлийг өвөлжөө, хаваржаанхаа чингэлэг саванд хийж хараа хяналтгүй орхин нүүдэг, үнэд хүрэхээр эд зүйлсийг зарах нэрийдлээр бусдад үзүүлж байршил болон хадгалалтын байдлаа илчилдэг, гэр орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхидог, өөрсдийн цахим хаягаараа дамжуулан үнэт зүйлс болон гэрийн хаяг байршил зэргийг нийтийн сүлжээнд байршуулдаг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажилд төрийн байгууллагуудын оролцоо дутмаг, иргэдийн хүлээн авч байгаа хандлага зэрэг шалтгаан нөхцөл нь хулгайчид гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгож байна.
Мөн манай аймгийн хувьд сүүлийн 2-3 жил тодорхой давтамжтайгаар үйлдэгдсэн анхаарал татсан, иргэдэд сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлагатай хэрэг бол өвсний хулгайн асуудал юм. Хадлан өвс бэлтгэсэн иргэд өөрсдийн хадсан өвсөө эзэнгүй хараа, хяналтгүй удаан хугацаагаар орхин явах болсоныг иргэд малчид маань хаясан мэтээр ойлгож, тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүй ачиж явдаг нь хулгайн гэмт хэрэгт тооцогдож, хор уршиг эрсдэлээ ухамсарлахгүйгээр гэмт хэрэгт холбогдож байна.
Аймгийн хэмжээнд 2018 онд залилан мэхлэх гэмт хэрэг 27 бүртгэгдсэн нь урьд оноос 2.3 дахин өссөн. Иргэд цахим сүлжээнд өндөр хэмжээний бага хүүтэй мөнгө зээлэх талаар зар сурталчилгаанд хууртах, сүлжээний бизнес зэрэг амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөж гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт этгээдүүд гадаад улсын нутаг дэвсгэрээс болон хэд хэдэн аймаг, хот дамжиж зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөж нарийн аргаар үйлдэж байгаа нь хэргийн илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна. Оны өмнөхөн бид Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлийн хэлтэстэй хамтарч дээрх үйлдлийн аргаар бусдыг залилан мэхэлсэн хэд хэдэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ахиц гаргав?
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 тоот тогтоолоор 2 үе шаттай 2018-2022 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хууль хяналтын байгууллагууд, мал бүхий иргэд болон бусад хамаарал бүхий төрийн үйлчилгээний байгууллагуудын оролцоо, хүлээх үүрэг тодорхой болгосноороо энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тал бүрийн туслалцаа, хамтран ажиллах өндөр ач холбогдолтой.
Мөн цагдаагийн газрын даргын тушаалаар Криминологи судалгааны баг байгуулж, судалгааны баг нь аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, үйлдлийн арга, цаг хугацаа, орон зай зэрэгт судалгаа явуулж урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг ямар хэлбэрээр явуулж, хэрхэн оновчтой зохион байгуулалтын арга хэмжээ авах, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Баруун-Урт хотод 2018 онд “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг бүх сумдын багийн дарга, малчдын бүлэг, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүнийг оролцуулан амжилттай зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан иргэдийг шагнаж урамшуулсан. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга хууль, хяналтын байгууллагын алба хаагчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Уриалга”, “Зөвлөмж” гарган ажилласан нь үр дүнгээ өгсөн юм.
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно гэж заасныг үндэслэн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас санхүүжилтийг шийдүүлэн олон нийтийн цагдаагаар дөрвөн хүнийг ажиллуулсан нь үр дүнгээ өгч байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн сангаас 45 сая төгрөгийг шийдвэрлүүлж, Солонгос улсад үйлдвэрлэсэн хурд хэмжигч багажийг худалдан авч Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн А-2001 дугаарын замд ашиглаж эхэлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт, Мөнххаан суманд байнгын ажиллагаатай замын хяналтын пост шинээр баригдаж ашиглалтанд орсоноор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт сайжирч, зам тээврийн ослоос сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлсэн юм.
Тус аймагт 2018 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг урьд оны мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл 13 нэгжээр буюу 12,3 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12 нэгжээр буюу 25,5 хувиар, нас барсан хүн 14 нэгжээр буюу 73,6 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан. Гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 374, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан буюу эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 226, бусад 3855 зөрчлийг тус тус илрүүлж, 750 тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан буюу эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу 7-30 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээг оногдуулж ажилласан юм.
Нэг согтуу жолоочийг илрүүлж саатуулсанаар цаана нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос хамгаалж, урьдчилан сэргийлж байгааг иргэд маань ойлгох ёстой. Согтуугаар жолооны ард сууна гэдэг нь хутга бариад хүн хөөгөөд явж байгаатай ижил ойлголт юм. Манай хамт олон Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2018 оны 07 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн их тахилгат Алтан дарь овооны 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдааны хамгаалалт зохицуулалтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг дурьдахыг хүсч байна.
Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тусгай зөвшөөрөл тараах, санамж, сэрэмжлүүлэг тараах, тээврийн хэрэгслүүдийг бүртгэлжүүлэх чиглэлээр Мөнххаан-Баруун-Уртын улсын чанартай авто зам, Бичигтийн шахаа, Шилийн богд Гангын цагаан овоо, Дарьгангын чиглэлд 60-ын овоо, Дарьгангын үүд, Хоймрын ширээ, Хавирган домбо, Баянголын гүүр зэрэг 11 чиглэлд 24 цагийн хяналтын постыг тус тус зохион байгуулан ажиллуулсан. Цагдаагийн дамжин өнгөрөх хяналтын цэг постуудын бүртгэл, олон нийт ихээр цугларсан газруудад тавьсан тандалтаар 7000 мянга орчим тээврийн хэрэгсэл, 30,000 мянга орчим иргэд цугларсан бөгөөд ажлаа зөв оновчтой зохион байгуулсанаар зам тээврийн осол, бусад төрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан.
Орон нутагт нэгдсэн сүлжээ, төвлөрсөн мэдээллийн сан байгуулахад танай хамт олон санаачилгатай ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар?
Хөдөө сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг мэргэжлийн удирдлагаар хангахад анхаарч ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хэсгийн төлөөлөгч нэг бүрийн ажлын байранд цагдаагийн байгууллагын сүлжээг хүргэж, мэдээллийн төвлөрсөн санд ордог болгоно гэсэн байгаа. Энэ ажлыг манай хамт олон 2018 онд хийж гүйцэтгэсэн.
Энэ нь гэр интернэтийн сүлжээг ашиглан сумдын хэсгийн төлөөлөгчдийн компьютерт холбогдох төхөөрөмжүүдийг суурилуулсан. Зардлыг нь сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс шийдвэрлүүлсэн. Одоо аймгийн хэмжээнд нийт 12 сумын хэсгийн төлөөлөгчтэй дүрсээ харж ярих, үүрэг чиглэл өгөх боломжтой болсон. Энэ сүлжээг хүргэснээр хэсгийн төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын мэдээлийн санд орж гэмт хэргийн шийдвэрлэлт хийдэг, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээлэлтэй түргэн шуурхай танилцдаг. Мөн цагдаагийн ерөнхий газар, төв байгууллагаас очсон үүрэг даалгаврыг цаас хэрэглэхгүйгээр шууд албан хаагчдад дамжуулж, хэрэгжүүлэх, чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авах зэрэг нааштай үр дүн гарсан. Мөн онц ноцтой гэмт хэрэг гарсан даруйд түргэн шуурай мэдээ, мэдээллээ солилцох чиглэлээр дэвшил гарч байна. Тус аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Уулбаян, Түмэнцогт, Мөнххаан, Асгат сумдын төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хямд чанартай телехяналтын камерын системд бүрэн холбож ашиглаж байна.
Сүхбаатар аймагт сүүлийн үед уул уурхай хөгжиж байна. Үүнтэй холбоотой хэрэг зөрчил бүртгэгддэг үү?
Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхай, ашигт малтмал олборлолт нэмэгдэж, Бичигтийн боомтоор газрын тос, хүрэн нүүрс экспортлож байгаатай холбоотойгоор эрүү, хэв журмын нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байна. Тухайлбал: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигтийн боомт”-оор БНХАУ-ын “Зүүн хатавчийн боомт”-ын чиглэлд хүн тээвэр, ачаа зөөх зорилгоор том жижиг оврын тээврийн хэрэгслээр богино эргэлт хийдэг иргэд олноор бий болсон, Дорнод, Хэнтий аймгийн иргэд тус боомтоор БНХАУ-руу зорчиж Эрээн хот болон бусад хот руу аялал жуулчлалаар явах хоёр улсын зорчигч тээврийн хэрэгслээс гадна зэргэлдээ аймгийн сав газарт газрын тосны олборлолт, тээвэрлэлт явуулдаг компаниудын газрын тосны тээвэрлэлт, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хүрэн нүүрс, төмрийн хүдэр, уул уурхай, зам, барилгын материал, тоног төхөөрөмж импортлож байгаа зэргээс шалтгаалан түр оршин суугч, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бөөгнөрөл бий болж байна. Тус аймаг нь эдийн засгийн хувьд мал аж ахуй зонхилсон боловч урин дулааны улиралд байгалийн ашигт малтмал олборлох чиглэлээр уул уурхайн олборлолт, хүнд даацын ачаа тээвэр, автомашины хөдөлгөөн нэмэгдэж, бусад аймаг, орон нутгийн явуулын иргэд олширдог.
Бичигт боомтоор нүүрс экспортлох, тээвэр хийж байгаа компаний хүнд даацын автомашины жолооч нар голчлон өөр аймаг орон нутгаас ирсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архидан согтуурч зөрчил гаргах, тээврийн хэрэгслийн эд анги, дугуй, сэлбэг, түлш зэргийг хулгайлж, бусдад хямд үнээр зарах зэрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэж байна.
Цагдаагийн алба хаагчдын сахилга, хариуцлага, албаны бэлтгэл ямар түвшинд байна вэ?
Цагдаагийн газраас үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй, олон нийтийн итгэлийг хүлээж, дэмжлэг авах, шуурхай тасралтгүй байх зарчмыг баримталж, алба хаагчдынхаа сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахад алба хаагчид маань ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж чадаж байна уу? гэдгийг чухалчлан авч үзэж олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан.
Үүний үр дүнд 2018 оны 06 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын түвшин тогтоох шалгалт, 11 дүгээр сард Төрийн албаны тухай шинэчилсэн хууль хэрэгжихтэй холбоотой атестачлал шалгалтанд цагдаагийн газрын хамт олон амжилттай дүгнэгдсэн. Цагдаагийн алба хаагчдаас Монгол Улсын хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлж, цагдаагийн газрын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-нийг улирал бүр зохион байгуулж, дотоодын хяналт, шалгалтыг чангатгаж ажилласнаар 2018 онд гэмт хэрэгт холбогдсон алба хаагч байхгүй, 28 алба хаагч сахилгын зөрчил гаргасан нь урьд оны мөн үеийнхээс 7 буюу 33 хувиар өссөн.
Нийт сахилгын зөрчлийн 70 гаруй хувийг байгууллагын дотоодын хяналтаар, 30 гаруй хувийг иргэд, гадны байгууллагын гомдол, мэдээллээр илрүүлсэн. Хэдийгээр сахилгын зөрчил өссөн мэт харагдаж байгаа боловч бид дотоодын хяналт, шалгалтыг сайжруулж, зөрчил, дутагдал нэг бүртэй эвлэрэлгүй, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилласны үр дүн гэж үзэж байна. Мөн алба хаагчдынхаа харилцааны соёлыг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулахад анхаарч цагдаагийн газрын даргын тушаалаар “Сахилга ёс зүйн зөвлөл”, алба хаагч тэдний ар гэрийн дунд зохион явуулах соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах “Соён гэгээрүүлэх соёл хүмүүжлийн зөвлөл” –ийг тус тус байгуулж ажиллуулсан. Энэ ажлын хүрээнд “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Эрүүл цагдаа” хөтөлбөр, “Үргэлж тантай хамт” өдөрлөг, “Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ” "Оюунлаг гэр бүл" соён гэгээрүүлэх олон ажил, арга хэмжээнүүдийг зохион явууллаа.
Тухайлбал: Цагдаагийн байгууллагын “Сүлд чуулга” тус аймагт 2018 оны 06 дугаар сард 3 хоногийн хугацаанд ажиллаж “Үргэж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулан цагдаагийн газрын алба хаагчдаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, иргэд зэрэг 1300 гаруй хүнийг хамруулсан. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг гэмт халдлагаас хамгаалахын тулд манай алба хаагчид эрүүл чийрэг, албаны байнгын өндөр бэлтгэлжилттэй байх ёстой. Энэ үүднээс байгууллагын дотоод нөөц бололцоогоо ашиглаж “POLICE GYM” буюу албаны бэлтгэлийн байрыг тохижуулж, алба хаагчид хичээллэж байна. Тус аймагт 2018 онд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадам, Алтан дарь овооны их тахилгын хамгаалалтыг сайн зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчилгүй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан. Мөн өнгөрсөн оны 09 дүгээр сард зохиогдсон гамшигийн иж бүрэн сургуулилтын үеэр цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн амжилттай оролцож, төрийн байгууллагууд дундаас тэргүүн байрт шалгарсан нь цагдаагийн алба хаагчдын албаны бэлэн байдал, бэлтгэлжилт, дадлага сургуулилтыг үр дүнтэй явуулж байгаагийн илрэл юм.
2019 онд ямар зорилт тавьж байгаа вэ?
Бид Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн зорилт, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд манай хамт олон 96 төрлийн ажил, арга хэмжээг төлөвлөсөн.
Мөн иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оршин суугчдын туслалцаа, дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг нэн түрүүнд чухалчилж эрхэмлэн ажиллах болно. Тухайлбал:
1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах.
2. Нутгийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэдээс зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хамтран ажиллах.
3. Цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар иргэдийн саналыг судалж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч дүн шинжилгээ хийх.
4. Хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор иргэдийн хууль тогтоомжид хориглосноос бусад мэдээллийг чөлөөтэй авах эрхээр хангах.
5. Нийтийн эзэмшлийн гудамж талбайг телехяналтын камерын хяналтын сүлжээнд холбох, хөршийн холбоо, малчдын бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, шинээр байгуулж хамтран ажиллана.
Мөн манай хамт олон энэ жилийг өндөр бүтээлийн жил болгох зорилт дэвшүүлээд байгаа. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын барилга 1974 онд баригдсан, өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газраас хэд хэдэн удаагийн шалгалт хийж, цаашид үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2019 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд байгууллагын шинэ барилгын зураг төсвийн мөнгийг суулгаж батлуулсан. Зураг төсвөө бэлэн болгочихвол 2020 онд шинэ байрны ажлыг эхлүүлнэ. Улсын хэмжээнд авто замын уулзварын гэрлэн дохиогүй, камерын хяналтгүй ганц аймаг нь манайх. Орон нутгийн удирдлага, ХЗДХЯ, ЦЕГ-ын түвшинд аймгийн хэмжээнд долоон уулзварыг гэрлэн дохиожуулах, 180 гаруй цэгт камер суурилуулахаар төлөвлөсөн. Мөн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулахад гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, биелэлтийг нь дүгнэж, 2019 оны ажлаа төлөвлөөд явж байгаа.
Нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд алба хаагчдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 25 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд газрын асуудлыг аймгийн Засаг дарга, холбогдох газруудад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэхэд бэлэн болсон. Мөн алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хээрийн сургалт, дадлагын төвийг барих ажлыг судлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Түмэнцогт суманд замын хяналтын постны барилга баригдах юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд, тэр дотроо гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүний амь нас, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн гаднах камерийн хяналтыг цагдаагийн байгууллага дээрээ төвлөрүүлж нэгдсэн хяналтад авах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр хулгайлах болон гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах боломжтой. Үүнд Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын зүгээс 15 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад тодорхой ажлуудыг төлөвлөж хийнэ. Баруун-Урт хот болон Сүхбаатар, Түвшинширээ, Халзан сумын гудамж талбайг телехяналтын камер суурилуулах техникийн тодорхойлолтыг урьдчилан гаргуулж, 2019 онд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар дээрх сумдын төвийг бүрэн камержуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн нийт 12 сумын төвийн 90 хувь нь иж бүрэн телехяналтын камерын системд бүрэн холбогдох юм.