Сурагчид цахим орчныг зөв зохистой байлгах талаар үзэл бодлоо илэрхийллээ
Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургууль, Монголын хуульчдын холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” сэдэвт сэдэмж бичгийн уралдааны шилдгүүд өнөөдөр /2018.12.10/ тодорлоо.
Уралдааны тэргүүн байрт “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхбаяр, дэд байрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Хүслэн, гутгаар байрт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Күмисгүл, Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар шалгарсан юм. Зохион байгуулагчдын зүгээс тусгай байрт гурван сурагчийг шалгаруулан шагнал гардуулсан.
Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Тэргэл Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит шагналаар шагнууллаа. Энэхүү уралдааныг улсын хэмжээнд зарласан бөгөөд нэгдүгээр шатанд 21 аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагч эсээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 20 сурагч өнөөдөр өрсөлдлөө.
Сурагчид өөрийн бичсэн эсээгээ илтгэл хэлбэрээр толилуулан цахим орчны зөв зохистой байдалд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэхдээ эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг, үлгэр дуурайл чухал гэдгийг онцолж байлаа.