Ц.Ням-Очир: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал юм
Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр хийж буй манай улсын үйл ажиллагааг хоёр дахь удаагаа 2016-2017 онд үнэлж, Монгол Улсыг эрчимтэй хяналтад оруулсан билээ. Улмаар Монгол Улс энэ оны арван хоёр дугаар сар хүртэлх хугацаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох үүрэг хүлээгээд байсан юм. Өдгөө манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа, хэрхэн тэмцэж буй талаар Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очиртой ярилцлаа.
-Манай улсад мөнгө угаах гэмт хэрэг ямар байдлаар үйлдэгдэж байна вэ. Залилах, хөрөнгө завших, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гээд гэмт хэргүүд гарч буй нь мөнгө угаах гэмт хэрэгтэй ямар нэг байдлаар холбогдож болох уу?
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байдаг онцлогтой. Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн эх үүсвэр нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлига, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар гарч байна гэж үздэг. Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсад эдийн засаг, нийгэмд учруулах үр дагавар, үйлдэгдэх магадлалыг тооцож мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбогдох хамгийн их эрсдэлтэй 17 төрлийн хэргийг ач холбогдлынх нь зэргээр эрэмбэлж гаргасан. Энэ судалгаагаар төр, олон нийт, хувийн өмчийг завших, үрэгдүүлэх, залилан мэхэлж авах, ялангуяа, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой залилан мэхлэх, байгаль орчны эсрэг хэргүүдээс хууль бусаар ашигт малтмал олборлох, татвар төлөхөөс зайлсхийх, авлига, албан тушаалын гэмт хэргүүд хамгийн өндөр эрсдэлтэй хэрэгт тооцогдож байна.
Улс орон дамнан үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль бус хөрөнгө, мөнгөний эх үүсвэр, гадаад улс руу хэрхэн шилжиж гүйлгээнд орсон, цаашид ямар байдлаар хувиргаж эргэлтэд оруулсан талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагууд улс хоорондын хамтын ажиллагаагаа ашиглан авах нь ач холбогдолтой.
-Тэгвэл Эдийн засгийн гэмт хэрэгтэй газар хэдий хэмжээний хохиролтой, хэчнээн хэрэг илрүүлэн шалгаж байгаа бол. Ер нь 80 жилийн түүхтэй Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Цагдаагийн байгууллага энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-д заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн 26 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эдгээр хэргээс 10-ыг нь шүүхэд шилжүүлж, долоон хэрэгт нь шүүхээс ял оноосон байгаа. Харин таван хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлж, 11-ийг нь шалгаж байгаа. Эдийн засгийн алба нь 1938 оноос Эдийн тасаг нэртэйгээр байгуулагдан эдийн засаг, нийгмийн шилжилтийн онцлогоос хамаарч бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг долоон удаа хийж, 80 жилийнхээ ойн босгон дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болгон өргөжүүллээ. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс гэсэн бүтэцтэй ажиллуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гаргах нөхцөлийг бий болгосон.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар нь нууц далд, зохион байгуулалттай, улс, үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, төвийн болон нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар, хэлтсүүдийг мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг. Манай газраас 2018 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн 125 холбогдогчтой 111, мөрдөн байцаалтын 58 холбогдогчтой 29 гээд нийт 183 холбогдогчтой 140 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан 50.4 тэрбум гаруй төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 27,5 тэрбум гаруйг нь нөхөн төлүүлж, 4.9 тэрбум илүү төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө битүүмжилсэн байгаа.
-МИАТ компанийн удирдах албан тушаалтнууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан гэх дуулиант хэргээс хойш олны анхаарал татсан энэ төрлийн хэргийг шалгасан болов уу. Дээр та нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой залилан мэхлэх хэрэг нь мөнгө угаах эрсдэлтэйн тоонд орж байна гэж хэлсэн. Хэдэн жилийн өмнө НХҮЕГ-ын удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэрэг мөнгө угаасан үйлдэл гэж үзэж болох уу?
-МИАТ ТӨХК-ийн албан тушаалтнууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр 7.2 сая ам.доллар гадаад улсын банкуудад шилжүүлж завшсан үйлдлээс хойш олны анхаарал татсан хэд хэдэн хэрэг шалгаж, шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тэдний нэг нь чиний хэлсэнчлэн НХҮЕГ-ын албан тушаалтнууд бусадтай бүлэглэн сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага байгуулан үйлчилгээнд хамрагдаагүй хүмүүсийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн улсын төсвөөс 1.1 тэрбум төгрөг завшиж, улмаар уг мөнгийг угаасан хэрэгт холбогдсон шүү дээ.
Эдгээрээс гадна БНСУ-ын нэг иргэн нутагтаа казиногийн үйл ажиллагаа хууль бусаар явуулж олсон орлого болох 4.5 сая ам.доллароо Монгол Улсад шилжүүлж, уг мөнгөөрөө зочид буудал бариулсан хэргийг шалгасныг тухайн үед хэвлэлүүд бичиж байсан. Энэ хэрэг бол мөнгө угаах гэмт хэргийн сонгодог жишээ гэж хэлж болно. Энэ мэтээр нийгмийг цочроож, иргэдийн анхаарлыг татсан, учруулсан хохирол, оролцсон албан тушаалтан, үйлдлийн арга зэргээрээ сэтгүүлч та бүхний анхааралд өртсөн хэрэг цөөнгүй.
-ФАТФ гэх байгууллагаас манай улсад өгсөн 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх ажил ямар шатанд байгаа бол?
-Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллага (The Asia/Pacific Group on Money Laundering)-ын гишүүнээр 2004 онд элссэн юм. 2006 оны долдугаар сарын 8-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль манай УИХ баталсан билээ. Ингэснээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлж, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.
Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг хийсэн талаар танай сонины редакцад болсон уулзалтаар олон нийтэд мэдээлэл өгч байсан. Манай улс энэ төрлийн хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2013-2016 оны хооронд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээнүүдийг үнэлж, дүгнэлт өгсөн. Энэ харилцан үнэлгээгээр манай улс хангалтгүй үнэлгээ авч, цаашид засаж сайжруулах олон асуудал байгааг тодорхойлон УИХ, Засгийн газар, холбогдох яам, агентлаг, байгууллагууд анхаарал хандуулан хамтран ажилласаар байгаа. Үүний нэг жишээ нь УИХ, Засгийн газар, ҮАБЗ-өөс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарч, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсонгуй болгоход бодлогын хэмжээнд анхаарч шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирлээ. УИХ 2015 онд баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд мөнгө угаах гэмт хэргийг олон улсын гэрээ конвенцын шаардлагад бүрэн нийцүүлэх байдлаар хуульчилсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 143 дугаар тогтоолоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2017 оны 327 дугаар тогтоолоор Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан улс, орон дамнан үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас ч тодорхой ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, алба хаагчдыг чадавхжуулах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн ажиллах болсон.
-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсаас туршлага судалж, хуримтлуулах боломж манайханд байна уу?
-Энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаадын улс орнуудтай хамтарч ажиллах шаардлагатай байгааг ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Тэр ч утгаараа бид Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхаа 80 жилийн ойн хүрээнд энэ сарын 30-нд Ерөнхий сайдын ивээл дор “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хуралд дотоодын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус 20 орчим байгууллага, АНУ, БНСУ, Канад, Англи, ОХУ-ын Элчин сайдууд, Азийн хөгжлийн банк, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг гадаадын 10 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь үндэстэн дамнаж зохион байгуулалттай үйлдэгддэг мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд бий болсон онолын мэдлэг, шинэ санал, санаачилга, гадаад орны ижил чиг үүрэгтэй байгууллагуудад ашиглаж буй шинэлэг арга барил, туршлагыг судлан гарын авлага, эмхтгэл болгон хэвлүүлж, эдийн засгийн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулахад ашиглах юм.
Эцэст нь хэлэхэд үндэстэн дамнасан зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал юм.
Эх сурвалж: Өнөөдөр сонин