Я.ГАНБАТ: “АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ТОО 24 ХУВИАР БУУРЛАА
Я.ГАНБАТ “АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ТОО 24 ХУВИАР БУУРЛАА
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбаттай ярилцлаа. Түүнийг цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцох үеэр уулзаж, аймаг орон нутгийнх нь гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар хөөрөлдсөн юм.
-Өвөрхангай аймагт гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
-Өвөрхангай аймгийн хэмжээнд 2017 оны эхний улирлын байдлаар нийт 128 гэмт хэрэг гарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасныг урьд оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай цагдаагийн газрын Криминологи судалгааны баг сүүлийн гурван жилийн байдлаар Өвөрхангай аймгийн гэмт хэрэг, зөрчлийн байдалд судалгаа хийж гаргасан дүгнэлт саналд үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан тодорхой ажлуудыг зохион байгуулснаар дээрх гэмт хэргийн гаралт буурсан гэж үзэж байгаа.
Тухайлбал, аймгийн төвд голчлон үйлдэгддэг мотоциклийн болон орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтын холбоог нэмж байгуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, байгуулага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хяналтын камер тавих, сайжруулах, эргүүлийн маршрутыг гэмт хэрэг, зөрчил олон гарч буй цэгүүдэд чиглүүлж оновчтой байдлаар зохион байгуулан ажилласан. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэл 16.7 хувиар буурсан. Дээрх ажлын хүрээнд иргэд орон гэрээ эзэнгүй орхиж удаан хугацаагаар хөдөө, гадаа явахдаа хэсгийн байцаагч, хөршийн холбооны ахлагчдаа тэмдэглүүлдэг, тэрхүү мэдээллийнх нь дагуу эргэж тойрч шалгах, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх зэрэг ажил хэвшил болсон. Иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэл нэмэгдсэн.
-Та энэ албан тушаалд томилогдоод ажлаа юунаас эхлэв?
-Намайг ажил авах үед манай цагдаагийн газрын хэргийн илрүүлэлт улсын дунджаас бага үзүүлэлттэй, түдгэлзүүлсэн хэргийн тоо олон байсан. Үүнд анхаарч тасгийн дарга, ахлагч байцаагч нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан сумдыг бүсчлэн хувааж түдгэлзүүлсэн хэргүүдийг хуваарилан өгч илрүүлж, шийдвэрлэх чиглэлээр 3 сарын хугацаатай арга хэмжээ зохион байгуулж биелэлтийг тооцож ажилласан. Дээрх ажлыг энэ улиралд ч мөн адил үргэлжлүүлэн түдгэлзүүлсэн хэрэг нэг бүрийн хохирогчтой уулзаж өмнө нь дутуу шалгагдсан таамаглал, мэдээлэл бүрийг дахин шалгах зэрэг боломжтой бүх ажиллагааг явуулснаар түдгэлзүүлсэн хэргийн тоо 11 хувиар буурсан.
Хоёрдугаарт бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг шуурхай илрүүлэхэд анхаарч хойшлуулшгүй ажиллагааг чанартай явуулж байх ажлыг зохион байгуулсан, өмнө нь орон нутагт гарсан хэргийг хагас дутуу шалгаад ирдэг байсан алба хаагчдын ажлыг ирэхэд нь үзэж дүгнэлт өгөх зэргээр ажлын хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг авснаар хэргийн илрүүлэлт 65.4 хувьд хүрсэн. Энэ нь урьд онтой харьцуулахад 1.5 хувиар өссөн үр дүнд хүрсэн. Мөн алба хаагчдын хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг сайжруулахад нилээд анхаарснаас гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахын тулд аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
-Танай цагдаагийн газраас зохион байгуулж буй онцлог ажлаас дурдвал.
-Өнгөрсөн онд манай аймагт осол, хэргийн улмаас 22 хүн нас барсан. Тиймээс 2017 оны эхнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид, аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөлөгчийг оролцуулан “Зам тээврийн осол, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэе” сэдвээр Хархорин суманд зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөлгөөн дээр аймгийн цагдаагийн газар, хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөлөгч нар сонсгол мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгуулан гарсан саналыг нэгтгэн 21 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, хот хоорондын төв магистрал замд жолооч нарын амрах талбайтай байхгүйн улмаас автомашинууд зам дагаж зогсож ноцтой аваар осол гарч байгаад анхаарч 50 км тутамд машин зогсоол бий болгох. Түүнчлэн орон нутгийн иргэд техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй мотоциклиор явж байгаад осолдож эндэх, улсын дугааргүй мотоциклиуд хөдөлгөөнд оролцож байгаа зэрэгт анхаарч импортоор мотоцикль оруулж ирэн худалддаг аж ахуйн нэгжүүд улсын дугаар, хамгаалалтын малгайн хамт худалдаалдаг болгох саналыг холбогдох газарт нь хүргүүлэхээр боловсруулж байна.
2016 оны намар зам тээврийн осол давтамжтай буюу олон тоогоор гардаг хар цэгүүдийн судалгааг гарган, нэг замыг сонгон авч аймгийн ГХУСАЗЗ-д санал хүргүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж нэмэлт тэмдэглэгээ, зам дээр хурдны хэмжээг зааж анхааруулсан үг зэргийг бичсэн. Үүнээс ямар нэгэн осол гараагүй, иргэд ч мөн сайшаан дэмжсэн зэрэгт урамшиж аймгийн хэмжээнд энэ ажлыг үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Судалгаанаас үзэхэд хурдтай явж байгаа автомашины жолооч нар замын хажуугийн тэмдэглэгээнээс илүүтэй зам дээр бичснийг анхаардаг аж.
-Өвөрхангай аймаг улсдаа малын тоогоороо тэргүүлсэн. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт ямар байдаг вэ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Мал хулгайлах гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол харьцангуй цөөн ирдэг байсан. 2016 оны сүүлчээр Мөрдөн байцаах албанаас санаачлан Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар манай цагдаагийн газарт байгуулсан. Энэ талаарх мэдээлэл иргэдэд маш сайн хүрсэн учир алдуул малаа тэмдэглүүлээд орхидог байсан малчид шинээр байгуулагдсан хэсэгт хандаж шалгуулах болсон.
Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт илрүүлэлт өсөж, хохирол нөхөн төлөлт ч нэмэгдсэн. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулсан нь ингэж үр дүнгээ өгч байна. Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сумдын ГХУССЗ-ийн ажлыг идэвхжүүлж дүгнэдэг, урамшуулдаг болъё. Мөн “Сайн малчин” шалгаруулах болзолд тухайн малчны Үндсэн хуульд заасан иргэний үүргээ биелүүлдэг, хот айлтайгаа хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож, зохион байгуулдаг, мал сүргээ байнга хариулга маллагаатай байлгадаг зэргийг нь харгалзан үзэх саналыг гаргаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлээд байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж олон удаа албаны сургалт зохион байгуулсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын ажил үүрэг, хариуцлагыг тодорхой болгон, үр дүнгийн гэрээнд тусгаж өгсөн.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрсдэлийн үнэлгээ хийх, тайлбар авах үүрэг бүхий захиргааны хэрэг бүртгэгчийг зөрчил хамгийн ихээр гардаг хугацаа буюу 17:00-01:00 цагийн хооронд нэмэлтээр өдөр бүр ажиллуулж байна. Ингэснээр эрүүлжүүлэгдсэн болон баривчлах шийтгэл хүлээсэн иргэдийн тоо өсөж, саатуулах байрны ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь хуулийн хэрэгжилт хангалттай байгаа. Нэг сөрөг тал нь гэвэл өмнөх орой эрүүлжүүлэгдсэн хүний эхнэр маргааш өглөө ирээд “Манай нөхөр буруугүй, архи уулаа гэж загнаж хэрүүл хийсэн миний буруугаас боллоо” гэх маягаар хандаад байгаа. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиход нэг эмэгтэйд загнуулсан согтуу нөхөр зүгээр сууж байх жишээний асуудлыг бас бодолцмоор л байх шиг.
-Телекамерын хяналтаар гэмт хэрэг, зөрчил илрүүлэн ажиллаж байгаа байх. Дүрсний нягтаршил, чанар муудсан гэх мэт асуудал байдаг.
-Анх 2008-2009 онд камерын ач холбогдлын талаар улсын хэмжээнд ярьж, эхлэх үед манай Өвөрхангай аймгийн төвд телекамерын систем нэвтрүүлснээс хойш 8-9 жил өнгөрсөн. Камерууд хуучирснаас дүрсний нягтаршил муутай, шаардлага хангахгүй болсон зэрэг асуудлыг цагдаагийн газраас судалж үзэн, яаралтай шинэчлэх саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн боловч эдийн засгийн хямралын улмаас түр хойшлуулсан.
Гэхдээ цөөн тооны камерыг сүүлийн үеийн өндөр чанартай камераар солих хөрөнгө шийдэгдсэн. Аймгийн төвийн хэмжээнд камержуулалт сайн боловч чанар муудсан. Төв магистрал замын дагуу аймаг руу орох, гарах хэсэгт камер тавьсан, цаашид хулгайн гэмт хэрэг гардаг гүүр, осол гардаг зам, алслагдсан газруудад хүчин чадал сайтай камер тавих саналыг боловсруулж аймгийн ИХТ-д хүргүүлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирхаар шийдэж өгөх болов уу. Энэ оны эхний улирлын байдлаар камерын хяналтаар хулгайн дөрвөн гэмт хэрэг, зам тээврийн 62 осол, зөрчил илрүүлэн ажиллаж байна.
-Өвөрхангай аймаг 19 сумтай. Сумдад гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, тэнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын амьдрах орчин, техник хэрэгсэл нь ямархуу байна даа.
-Өвөрхангай аймаг 19 сум, 106 багтай. Аймгийн төвөөсөө урагшаа говийн сумдад гэмт хэргийн гаралт багатай. Хангайн сумд руугаа хэрэг, зөрчил гарах хандлагатай. Аймгийн төвөөс 230 км-т алслагдсан Богд суманд хүн амын төвлөрөл, автомашин, техник олонтой. Тэнд хоёр цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг. Нэг замын цагдаатай болгох асуудлыг ЦЕГ-т хүргүүлсэн. Уянга, Бат-Өлзий суманд цагдаагийн хэсэг ажилладаг.
Энэ сумдад хууль бусаар алт олборлох, мод тээвэрлэх, иргэд хууль зөрчих зэрэг асуудал гарна. Хүн амын нягтаршил ихтэй, рашаан сувилалтай Хужирт суманд цагдаагийн тасаг, Хархорин суманд Сум дундын цагдаагийн хэлтэс ажилладаг. Алба хаагчдын амьдрах орчин боломжийн, 18 суманд кобантай. Харин албаны автомашинаар хангах ажил дутагдалтай, өнгөрсөн жилүүдэд ЦЕГ болон аймгийн удирдлагад санал тавьж таван хэсгийн төлөөлөгчийг машинтай болсон. Одоо цаана нь найм, есөн хэсгийн төлөөлөгч автомашингүй байна. Мотоцикль нэг үеийг бодоход хоцрогдож байна, хурдан унаатай автомашинтай этгээдийн араас явах, хэрэгт холбогдсон нэг этгээдийг яах вэ, ардаа аваад явах уу яах вэ гээд л асуудалтай.
-Одоо мотоцикль, унаагүй хэсгийн төлөөлөгчид яах вэ?
-Мотоцикль ч бараг байхгүй болсон. Сүүлийн үед техник хэрэгслийн хангалт нэлээн дутагдалтай байсан. Автомашин, унаагүй алба хаагчид хувийн автомашинаар л үүрэг гүйцэтгэж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай орон нутагт гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулах, зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Бид аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа сурталчилж, иргэдэд ойлгуулах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, малчдын бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлж дэмжинэ. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоо, хяналтыг сайжруулах зэрэг ажлыг энэ онд эрчимжүүлснээр нэгдүгээр улирлын байдлаар гудамж талбайд гарсан хэрэг тав буюу 45.4 хувиар буурсан. Мөн тус аймагт “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж зохион байгуулсан ажлын үр дүнд энэ улиралд согтуугаар үйлдэгдсэн хэргийн тоо 24.1 хувиар буурсан.
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Өнгөрсөн онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг цөөнгүй бүргэгдсэн байсан.
-Тийм ээ. Сургуулиуд дээр өсвөрийн цагдаа бүлгэм ажиллуулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй сурагчидтай анги, бүлэг шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Хэсгийн төлөөлөгч, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан байцаагч нар гэмт хэрэг, зөрчил гаргаж магадгүй хүүхдийн судалгааг гаргаад, хүүхдүүд рүү чиглэсэн олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр хамтарч ажиллах болсон. Багш, эцэг, эх, цагдаагийн байгууллагын гурвалсан холбоо дунд хүүхэд байх ёстой. Ингэж урьдчилан сэргийлэхгүй бол гэнэн томоогүй хүүхдүүд бусдад уруу татагдах, буруу үлгэр дуурайл авч гэмт хэрэг зөрчилд холбогдчих гээд байна. Нэгдүгээр улирлын байдлаар зургаан хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь урьд оны мөн үетэй харьцуулахад 53.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг орон нутагт харьцангуй гайгүй байх. Танай цагдаагийн газарт энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн үү?
-Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Хар тамхи, мансууруулах бодис гэгчийг Өвөрхангай аймаг руу оруулахгүй байхын төлөө бид ажиллаж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал. Иргэдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна.
-Иргэдтэйгээ ойрхон ажиллахыг, гомдол, чирэгдэлгүй, асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийг хичээж байгаа. Манай аймагт 11 олон нийтийн цагдаа ажиллаж байгаагаас тав нь төвд, бусад нь сумдад ажиллаж байна. Олон нийтийн цагдаа, багийн даргатайгаа хамтран иргэдэд хүрч ажилладаг. Тэд хөршийн холбоог зохион байгуулах, хууль сурталчлах ажлыг иргэдэд хүргэсэн. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хуваарь гарган автомашин, алба хаагчдыг олон нийтийн эргүүлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
-Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаад хэрэгжиж байна. Алба хаагчдын эрх зүйн байдлыг сайтар тодорхойлж өгсөн энэ хуульд орон нутгийн алба хаагчдад өгөөжтэй ямар заалт байна вэ?
-Цагдаагийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, тодорхой нөхцөл байдалд ажиллах арга тактик үйл ажиллагааг Цагдаагийн албаны тухай хуулиар маш сайн зохицуулсан. Алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж өгсөн. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчид 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урашуулал олгох тухай заалт энэ хуульд орж, хэвээрээ батлагдсан нь давуу тал болсон. Ер нь энэ асуудал хуульчлагдсанаас хойш суманд ажиллаж байгаа алба хаагчдаас аймаг, хот руу шилжье гэсэн хүн цөөхөн болсон, тогтвортой ажиллах боломж бүрдсэн.
-Алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?
-Цагдаагийн албаны тухай хуульд нэг сайхан заалт орсон байна билээ. Алба хаагчдыг улсын зардлаар жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна гээд. Манайх алба хаагчдаа өнгөрсөн жил нэг удаа үзлэгт хамруулсан. Мөн хуваарийн дагуу рашаан сувилалд амраана. Манай алба хаагчид спортоор их хичээллэдэг, ялангуяа бөх, гар бөмбөгийн спортоор хичээллэж аймагтаа дээгүүр амжилт үзүүлдэг, сумын заан цолтой залуустай.
-Ярицлагын төгсгөлд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа товчхон дурдвал.
-Энэ онд дээр дурдсан ажлаа үргэлжлүүлж хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр шат дараалсан ажил арга хэмжээг нөхцөл байдалд тохируулан үргэлжлүүлэн явуулна. Манай байгууллагын хэмжээнд энэ жил офицер алба хаагч бүрийн “Үр дүнгийн гэрээ”-нд шинэлэг ажил санаачилж, хэрэгжүүлэх талаар оруулж баталгаажуулан зорилт дэвшүүлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдтэй хамтарч ажиллах талаар шинэлэг зүйлийг санаачилж хэрэгжүүлэхэд анхаарал их хандуулж байна.
Цаашид аймгийн хэмжээнд гэмт хэрэгт өртөж болзошгүй айл өрх, байгууллага аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийж эрсдэлийн үнэлгээг тогтоож мэдэгдэл өгөх, шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хамтран зохион байгуулж цагдаа иргэдийн хамтын ажиллагаа, итгэлцлийг сайжруулахад анхаарал хандуулна. Мөн алба хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургагч багш нарыг томилж улирал бүр ажлыг нь үнэлж, дүгнэн урамшуулах, цагдаагийн газрын Дотоод журамдаа өөрчлөлт оруулж Даваа гарагт нэгдсэн, Пүрэв гарагт тасгийн сургалт хийхээр шийдвэрлэсэн. Цаашид алба хаагчдын харилцааны соёлд онцгой анхаарч ямарч тохиолдолд биеэ зөв авч явах, гэмт хэрэг зөрчилд өртсөн, холбогдсон, сэтгэл санааны өөрчлөлтөд орж уурлаж бухимдан дайрч давшилсан хүмүүстэй зөв харьцаж сурах, хүлээцтэй хандаж тэсвэр тэвчээр, зөв хандлага суулгах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.