Дотоодын цэргийн тухай хууль/Монгол хэл/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "Дотоодын цэрэг" гэх/ тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Дотоодын цэргийн хууль тогтоомж
2.1.Дотоодын цэргийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Дотоодын цэргийн алба хаагчийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм болон цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
3 дугаар зүйл. Дотоодын цэргийн үйл ажиллагааны зарчим
3.1.Дотоодын цэрэг нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, захирах, захирагдах, хамгаалалт, аюулгүй байдлыг уян хатан, шуурхай тасралтгүй зохион байгуулах зарчмыг баримтална.
4 дүгээр зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."дотоодын цэрэг" гэж дотоодын цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;
4.1.2."дотоодын цэргийн гэрээт алба хаагч" гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг;
4.1.3."улсын онц чухал обьект" гэж Монгол Улсын Засгийн газраас /цаашид "Засгийн газар" гэх/ тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг;
4.1.4."обьектын хамгаалалт" гэж улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг;
4.1.5."дотоодын цэргийн алба-ажиллагаа" гэж улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхээр явуулж байгаа цогц ажиллагааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДОТООДЫН ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА
5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
5.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн дотоодын цэргийн анги байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох;
5.1.2.дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмийг батлах;
5.1.3.дотоодын цэргийн алба хаагчид олгох албаны нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу тогтоох;
5.1.4.улсын онц чухал обьектын жагсаалтыг батлах;
5.1.5.дотоодын цэргийн жинхэнэ алба хаах хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчийн тоо, нийт бие бүрэлдэхүүний орон тооны дээд хязгаарыг тогтоох;
5.1.6.хууль тогтоомжид заасан бусад.
6 дугаар зүйл. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
6.1.Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.дотоодын цэргийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, тайланг сонсох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
6.1.2.дотоодын цэрэг энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэглэх тусгай хэрэгсэл, галт зэвсэг, тусгай зориулалтын техникийн төрөл, тэдгээрийг хэрэглэх зааврыг дотоодын цэргийн командлагчийн саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;
6.1.3.дотоодын цэргийн командлагчийн саналыг үндэслэн дотоодын цэргийн анги байгуулах, байршлыг өөрчлөх, татан буулгах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
6.1.4.дотоодын цэргийн командлагчийн саналыг үндэслэн дотоодын цэргийн штабын даргыг томилж, чөлөөлөх.
7 дугаар зүйл. Дотоодын цэргийн бүтэц, удирдлага
7.1.Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб /цаашид "штаб" гэх/, анги, салбараас бүрдэнэ.
7.2.Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна.
7.3.Дотоодын цэргийн анги, салбарыг эрх бүхий дээд шатны байгууллагаас томилсон захирагч удирдана.
8 дугаар зүйл. Дотоодын цэргийн командлагчийн бүрэн эрх
8.1.Дотоодын цэргийн командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.дотоодын цэргийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах;
8.1.2.дотоодын цэргийн анги, салбарын чиг үүргийг тогтоож, үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, журмыг батлах;
8.1.3.цагдаагийн байгууллагатай харилцан ажиллах удирдамж, төлөвлөгөөг батлах;
8.1.4.цэргийн нийтлэг дүрмээр зохицуулахаас бусад дотоодын цэргийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх, биелэлтийг хангуулах;
8.1.5.улсын онц чухал обьектын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг батлах;
8.1.6.дотоодын цэргийг бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
8.1.7.дотоодын цэргийг бүхэлд нь, эсхүл тодорхой анги, салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргах;
8.1.8.цэрэг татах, халах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлээр дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;
8.1.9.дотоодын цэргийн албанд цэрэг татах, халах, хууль тогтоомжид заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;
8.1.10.цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах;
8.1.11.дотоодын цэргийн хүний нөөцийг сургаж бэлтгэх, нөхөн хангах ажлыг зохион байгуулах;
8.1.12.цэргийн нийтлэг дүрэмд заасан бусад.
9 дүгээр зүйл. Дотоодын цэргийн штаб
9.1.Штаб нь дотоодын цэргийг удирдах мэргэжлийн байгууллага байна.
9.2.Штаб нь дотоодын цэргийн командлагчийн удирдлагад ажиллана.
9.3.Штабын дарга нь дотоодын цэргийн хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагатай харилцаж, штабын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, цэргийн жинхэнэ алба хаагчийг ахлагчийн албанд томилж, чөлөөлж, хална.
9.4.Штаб нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10 дугаар зүйл. Дотоодын цэргийн туг, бэлгэ тэмдэг
10.1.Дотоодын цэрэг туг, бэлгэ тэмдэгтэй байна.
10.2.Дотоодын цэргийн бэлгэ тэмдэг, тугны загвар, хэрэглэх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДОТООДЫН ЦЭРГИЙН ЧИГ ҮҮРЭГ
11 дүгээр зүйл. Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг
11.1.Дотоодын цэрэг нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.улсын онц чухал обьектыг хамгаалах;
11.1.2.нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх;
11.1.3.гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
11.1.4.шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх;
11.1.5.террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох;
11.1.6.хуулиар тогтоосон бусад чиг үүрэг.
11.2.Дотоодын цэргийн албаны үйл ажиллагааг дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмээр зохицуулна.
11.3.Дотоодын цэрэг нь байнгын болон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд ердийн нөхцөлд байнгын бэлэн байдалд байна.
12 дугаар зүйл. Улсын онц чухал обьектыг хамгаалах
12.1.Дотоодын цэрэг улсын онц чухал обьектыг хамгаалах зорилгоор дараахь үүргийг гүйцэтгэнэ:
12.1.1.улсын онц чухал обьектэд нэвтрүүлэх хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлийг шалгах, бүртгэх;
12.1.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;
12.1.3.улсын онц чухал обьектод гарсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх;
12.1.4.хамгаалалтад байгаа обьектод хууль бусаар нэвтэрсэн этгээдийг мөрдөн хөөх, саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх;
12.1.5.хамгаалалтад авсан обьектод хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, террор ажиллагаа үйлдэхээс урьдчилан сэргийлэх.
12.2.Хамгаалж байгаа обьектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зөрчил илэрсэн үед обьектын захиргаа, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон бусад анги, салбартай мэдээлэл солилцох, тэдгээрийн хүч хэрэгслийг ашиглах, обьектийн онцлогт тохирсон шалган нэвтрүүлэх журмыг анги, салбарын захирагч холбогдох байгууллагатай зөвшилцөн тогтооно.
12.3.Анги, салбарын захирагч улсын онц чухал обьектыг хамгаалахад обьектын захиргаатай хамгаалалтын болон харилцан ажиллагааны гэрээ байгуулна.
12.4.Шаардлагатай тохиолдолд хамгаалалтад байгаа обьектын аюулгүй байдлыг хангахад туслах хүчнийг авч ажиллуулж болно.
13 дугаар зүйл. Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх
13.1.Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүч хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын цэрэг дараахь үүргийг гүйцэтгэнэ:
13.1.1.баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
13.1.2.гудамж, талбай зэрэг олон нийтийн газарт үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэний болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах;
13.1.3.гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтоох;
13.1.4.хорих ангиас оргон зайлсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох;
13.1.5.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;
13.1.6.гэрч, хохирогчийг хамгаалах;
13.1.7.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх;
13.1.8.шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжоор болон эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулах зорилгоор явуулж байгаа цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагаанд оролцох.
13.2.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох удирдамж, төлөвлөгөөг дотоодын цэргийн командлагч батална.
13.3.Шаардлагатай тохиолдолд дотоодын цэрэг холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
13.4.Энэ хуулийн 13.1.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үед дотоодын цэрэгт галт зэвсэг тавьж олгохыг хориглоно.
13.5.Энэ хуулийн 13.1-д заасан үүргийг гүйцэтгүүлэх үндэслэл, журмыг дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмээр тогтооно.
14 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох
14.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дотоодын цэрэг дараахь үүргийг гүйцэтгэнэ:
14.1.1.хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээ авах;
14.1.2.гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
14.1.3.хянан харгалзах эзэнгүй үлдсэн өмч хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
14.1.4.голомтын бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
14.1.5.хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулж болзошгүй эд зүйлийн хадгалалтад хяналт тавих, шаардлагатай тохиололд хамгаалалтад авах;
14.1.6.гэмт хэрэг, зөрчлийн ул мөр, нотлох баримтыг хадгалах, хамгаалах арга хэмжээ авах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх;
14.1.7.тухайн нөхцөл байдалтай холбогдуулан хуульд тусгайлан заасан эрх бүхий байгууллага, алба тушаалтнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг биелүүлэх.
15 дугаар зүйл. Обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх
15.1.Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгт, цацраг идэвхт үүсгүүр, химийн хорт бодис, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэнэ.
15.2.Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр энэ хуулийн 15.1-т заасан хамгаалалтыг гэрээгээр гүйцэтгэж болно.
15.3.Хамгаалалтад авсан зорчигч, ачаа тээш аюулгүй газарт хүрсэн, эсхүл бусад байгууллага, албан тушаалтны хамгаалалтад орсон, эсхүл учирч болзошгүй эрсдэл, аюул арилсан тохиолдолд түр хамгаалалтыг зогсооно.
15.4.Обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх аюулгүйн ажиллагааны журмыг дотоодын цэргийн штабын дарга эрх бүхий албан тушаалтантай хамтран батална.
16 дугаар зүйл. Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох
16.1.Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагатай хамтран террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагааны бүсийг хамгаалалтад авах, тухайн бүсэд байгаа иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох, аюулгүй болгох, баривчлах үүргийг гүйцэтгэнэ.
17 дугаар зүйл. Дайн бүхий болон дайны байдал, онц байдлын үед ажиллах
17.1.Дотоодын цэрэг нь дайн бүхий болон дайны байдал, онц байдлын үед ажиллах журмыг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ
18 дугаар зүйл. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх нийтлэг үндэслэл
18.1.Дотоодын цэргийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.
18.2.Дотоодын цэргийн алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт, бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.3.Дотоодын цэргийн алба хаагч энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.4.Дотоодын цэргийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ дараахь нийтлэг журмыг баримтална:
18.4.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;
18.4.2.тэргүүн ээлжид хэрэглэхгүй байх;
18.4.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх.
18.5.Дотоодын цэргийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлж, шууд захирах даргад мэдэгдэж, шууд захирах дарга нь прокурорт даруй мэдэгдэнэ.
18.6.Дотоодын цэргийн алба хаагч шууд хэрэглэхээс бусад тохиолдолд биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно.
18.7.Дотоодын цэргийн алба хаагч хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.
18.8.Энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд анги, салбарын байрлал, эсхүл түүний гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх үед дотоодын цэргийн алба хаагч тусгай хэрэгсэл, галт зэвсгийг холбогдох хууль, цэргийн нийтлэг дүрэмд заасан журмын дагуу хэрэглэнэ.
19 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх
19.1.Дотоодын цэргийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
19.1.1.дотоодын цэргийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;
19.1.2.түр саатуулах болон цагдаагийн байгууллагад хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;
19.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх энэ хуульд заасан бусад тохиолдолд.
19.2.Дотоодын цэргийн алба хаагч доор дурдснаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно:
19.2.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
19.2.2.тухайн хүний өөрийн амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдлийг таслан зогсоох;
19.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх.
19.3.Биеийн хүч хэрэглэх гэж дотоодын цэргийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно.
20 дугаар зүйл. Тусгай хэрэгслийн төрөл
20.1.Дотоодын цэргийн байгууллага, алба хаагч дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:
20.1.1.нэг бүрийн;
20.1.2.олон хүнд нөлөөлөх;
20.1.3.бусад.
20.2.Дотоодын цэргийн үйл ажиллагаанд нисдэг тэрэг, тусгай зориулалтын хуягт тээвэрлэгч, хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэл, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглогдсон бусад тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, галт хэрэглэл, гэрэл, дууны хэрэгсэл, тусгай будагч, тэмдэглэгч хэрэгсэл болон бусад тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглаж болно.
20.3.Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хамгаалах тусгай хэрэгслээр хангагдана.
21 дүгээр зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл
21.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:
21.1.1.гав;
21.1.2.бороохой;
21.1.3.цахилгаан гүйдлээр цохигч;
21.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
21.1.5.резин болон хуванцар сумтай буу;
21.1.6.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.
22 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
22.1.Дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
22.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулыг таслан зогсоох;
22.1.2.гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах;
22.1.3.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй этгээдийг түр саатуулах;
22.1.4.түр саатуулагдсан этгээдийг цагдаагийн байгууллагад албадан хүргэх үед хүч хэрэглэн оргон зайлахаар завдсан, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;
22.1.5.хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх;
22.1.6.сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар довтолсон, эсхүл эсэргүүцсэн;
22.1.7.хамгаалалтад байгаа обьект, ачаа тээш, зорчигч, албаны байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөн, хамгаалалтад байгаа обьектыг бүслэн хаасныг чөлөөлөх;
22.1.8.дотоодын цэргийн алба хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тавьсан шаардлагыг үл биелүүлж, хүч хэрэглэн эсэргүүцсэн;
22.1.9.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах, хамгаалалтад байгаа обьект, ачаа тээшийг хууль бус халдлагаас хамгаалах;
22.1.10.тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан;
22.1.11.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад тохиолдолд.
22.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:
22.2.1.дотоодын цэргийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
22.2.2.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн;
22.2.3.амиа хорлож болзошгүй.
22.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг дотоодын цэргийн алба хаагч тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.
23 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
23.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:
23.1.1.олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;
23.1.2.усан хөөрөг;
23.1.3.утаан хөшиг үүсгэгч;
23.1.4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.
24 дүгээр зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
24.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг дотоодын цэргийн анги, салбарын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.
24.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
24.2.1.дотоодын цэргийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар бүлэглэн довтолсон, эсэргүүцсэн;
24.2.2.хамгаалалтад байгаа обьект, ачаа тээш, зорчигчид бүлэглэн халдсан, халдахыг завдсан;
24.2.3.хамгаалалтад байгаа обьект, ачаа тээш, зорчигчийг булаан авсан, гудамж, замын хөдөлгөөн, хамгаалалтад байгаа обьектыг бүслэн хаасныг чөлөөлөх;
24.2.4.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгааг таслан зогсоох, баривчлах;
24.2.5.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн бүлэг зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
24.2.6.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг албадан тараах;
24.2.7.гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүссэн.
24.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:
24.3.1.боломжтой тохиолдолд прокурорт мэдэгдэх;
24.3.2.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулж, тогтоосон бүсээс даруй гарахыг шаардах;
24.3.3.тухайн бүсэд байгаа хүнийг бүсээс гаргах талаар ухуулга хийх, хэрэглэх тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар мэдээлэх;
24.3.4.яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад тодорхой газар, байршилд ирэх тухай мэдэгдэх.
24.4.Энэ хуулийн 24.3-т заасан анхааруулга, ухуулгыг тусгай хэрэгслийн нөлөөлөлд өртөж болох иргэдийн дийлэнх хэсэгт хүргэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан зохион байгуулна.
24.5.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг энэ хуулийн 24.3.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах бодит аюул үүссэн тохиолдолд шууд хэрэглэнэ.
24.6.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа ажиллагааг гүйцэтгэсэн байгууллага нь холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран дараахь арга хэмжээг авна:
24.6.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх, химийн болон аюултай хорт бодис алдагдах, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж, аюулгүй болгох;
24.6.2.эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах;
24.6.3.орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
24.6.4.тусгай хэрэгслийн үйлчлэл дуусах, эсхүл үүссэн аюултай нөхцөл арилах хүртэл тухайн орчинд эргүүл, хамгаалалт гаргаж, зөвлөгөө, сануулга өгөх.
25 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх
25.1.Дотоодын цэргийн алба хаагч тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
25.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;
25.1.2.дотоодын цэргийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн тээврийн хэрэгсэл ашиглан хамгаалалтад байгаа обьектод нэвтэрсэн, эсхүл нэвтрэхийг завдсан;
25.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтаасан.
25.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа үед хэрэглэхийг хориглоно.
26 дугаар зүйл. Хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэл ашиглах
26.1.Хүн хүчийг хэмнэх, обьектын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, зөрчил гарч болзошгүй чиглэлд нягтралыг бий болгох зорилгоор хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэл ашиглана.
26.2.Хориотой бүс, мөр хянах зурвас, торон саад, хаалт, хашаа, гэрэлтүүлэг, инженерийн байгууламж, дохиоллын болон хяналтын хэрэгслүүд нь хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэлд хамаарна.
27 дугаар зүйл. Албаны нохой ашиглах
27.1.Дотоодын цэргийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор албаны нохой ашиглаж болно.
27.2.Дотоодын цэргийн алба хаагч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй, зэвсэглэсэн этгээд зугтаасан, довтолсноос бусад тохиолдолд хүний эсрэг албаны нохой ашиглахыг хориглоно.
27.3.Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журмыг холбогдох хуульд заасны дагуу тогтооно.
28 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх үндэслэл
28.1.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
28.1.1.хамгаалалтад байгаа обьект, зорчигч, ачаа тээшинд бүлэглэн, эсхүл зэвсэглэн халдсан;
28.1.2.хулгайлагдсан, барьцаалагдсан хүн, ачаа тээш, эзлэгдсэн обьектыг чөлөөлөх;
28.1.3.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах бусад зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
28.1.4.хуяглан хүргэж яваа сэжиг бүхий этгээд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанг суллахаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
28.1.5.гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсч хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;
28.1.6.террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох;
28.1.7.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэн довтолсон, хамгаалсан;
28.1.8.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгах;
28.1.9.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг түр саатуулах.
28.2.Галт зэвсгийг түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах, бэлтгэл, сургуулилтын болон хуульд заасан бусад тохиолдолд хэрэглэж болно.
28.3.Энэ хуулийн 28.2-т заасан галт зэвсэг хэрэглэх зааврыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
29 дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх журам
29.1.Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулах ба хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодит эрсдэл үүсгэхээр бол галт зэвсгийг шууд хэрэглэж болно.
29.2.Дотоодын цэргийн алба хаагч галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой дараахь арга хэмжээг шат дараатай авах үүрэгтэй:
29.2.1.энэ хуулийн 28.1-д заасан тохиолдол бий болсон үед галт зэвсгээ бэлэн байдалд авах;
29.2.2.тухайн хүнд галт зэвсэг хэрэглэх тухай сануулах, тодорхой зай байр тогтоох, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, эсхүл идэвхтэй үйлдэл хийхийг хориглох;
29.2.3.энэ хуулийн 29.2.2-т заасны дагуу сануулсны дараа тухайн этгээд хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх.
29.3.Саатуулагдсан этгээд дотоодын цэргийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон бол галт зэвсгийг шууд хэрэглэж болно.
29.4.Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үед энэ хуулийн 28.1-д заасан нөхцөл байдал тогтоогдвол галт зэвсэг хэрэглэж болзошгүй тухай сануулж болно.
29.5.Дотоодын цэргийн алба хаагч галт зэвсэг хэрэглэж болзошгүй тухай сануулсныг галт зэвсэг хэрэглэсэнд тооцохгүй.
29.6.Галт зэвсэг хэрэглэсэн тухай илтгэх журмыг дотоодын цэргийн командлагч Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
30 дугаар зүйл. Тусгай зориулалтын техник ашиглах
30.1.Дотоодын цэргийн алба хаагч дараахь тохиолдолд тусгай зориулалтын хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглогдсон бусад тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник ашиглана:
30.1.1.террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох;
30.1.2.барьцаалагдсан хүн, булаан эзлэгдсэн байнгын болон түр хугацаагаар хамгаалалтад байгаа обьект, зорчигч, ачаа тээшийг чөлөөлөх;
30.1.3.байнгын болон түр хугацаагаар хамгаалалтад байгаа обьект, зорчигч, ачаа тээш, өөрийн байрлаж байгаа обьектод зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсныг няцаах;
30.1.4.хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох;
30.1.5.хууль бус үйлдлээ таслан зогсоох, зэвсгээ хураалгах шаардлагыг биелүүлэхээс татгалзаж зэвсэглэн эсэргүүцэл үзүүлж байгаа этгээдийн эсэргүүцлийг дарах;
30.1.6.нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон онц байдлын үед бусдын амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах.
30.2.Галт зэвсэг, тусгай зориулалтын техник ашиглах тухай шийдвэрийг тухайн ажиллагааг удирдагч дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрснөөр гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАТАЛГАА
31 дүгээр зүйл. Дотоодын цэргийн алба хаагч
31.1.Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
31.2.Дотоодын цэрэгт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор цэргийн сургууль, гадаад, дотоодын бусад сургалтын байгууллагад дотоодын цэргийн алба хаагчийг гэрээний үндсэн дээр суралцуулж болно.
32 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчид тавигдах шалгуур
32.1.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн албаны тухай хуульд заасан нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
32.2.Дотоодын цэргийн чиг үүргийн онцлогтой уялдуулан дотоодын цэргийн алба хаагчид тавигдах тусгайлсан шалгуур үзүүлэлтийг дотоодын цэргийн командлагч цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагатай зөвшилцөн тогтоож болно.
32.3.Дотоодын цэргийн алба хаагч холбогдох хуульд заасны дагуу цэргийн боловсрол эзэмших, сургалт, бэлтгэлийн арга хэмжээнд хамрагдана.
32.4.Дотоодын цэргийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн мэдлэг олгох, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, тусгай зориулалтын техник хэрэглэх бэлтгэл, сургалтад заавал хамрагдсан байна.
33 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн эрх
33.1.Дотоодын цэргийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
33.1.1.хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх;
33.1.2.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг биелүүлэх, хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, түүнийг цагдаагийн байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
33.1.3.хамгаалж байгаа обьектод халдсан, хууль бусаар нэвтрэн орохыг завдсан этгээдийг мөрдөн хөөх, түр саатуулах, цагдаагийн байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
33.1.4.чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл авах, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон саналыг обьектын захиргаа болон холбогдох байгууллагад тавих;
33.1.5.чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектод өдөр шөнийн аль ч цагт чөлөөтэй нэвтрэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүс дэх сэжиг бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;
33.1.6.нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хамгаалалтад байгаа обьектод хууль бусаар нэвтэрсэн этгээдийг олж тогтоох, халдлага, гэнэтийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектыг бүслэн хаах, уг бүсэд байгаа иргэний бичиг баримтыг шалгах, эд зүйлд үзлэг хийх;
33.1.7.гэмт хэрэг, зөрчлийн эд мөрийн баримт болох эд зүйлийг хуульд заасны дагуу түр хураан авах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх;
33.1.8.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, эсхүл аюул учирч болзошгүй тохиолдолд хамгаалалтад байгаа обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хязгаарлах;
33.1.9.энэ хуулийн 11.1.2-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний бичиг баримтыг шалгах;
33.1.10.хамгаалалтад байгаа обьектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгах, илэрсэн зөрчлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх;
33.1.11.хуульд заасан бусад.
33.2.Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүнийг 6 цаг хүртэлх хугацаанд түр саатуулж болох бөгөөд хүнийг түр саатуулах зааврыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
34 дүгээр зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн үүрэг
34.1.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хүлээнэ.
34.2.Дотоодын цэргийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол энэ тухай шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
34.3.Хуульд зааснаас бусад тохиолдолд дотоодын цэргийн алба хаагч хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно.
35 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт
35.1.Дотоодын цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалт нэгэн адил үйлчилнэ.
36 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа
36.1.Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ.
36.2.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.
36.3.Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход улсын онц чухал обьектын харуул хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно.
36.4.Дотоодын цэргийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
36.5.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа обьектын захиргаа дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах үүрэгтэй.
37 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол
37.1.Дотоодын цэргийн алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ.
37.2.Цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.
38 дугаар зүйл. Дотоодын цэргийн санхүүжилт
38.1.Дотоодын цэрэг нь улсын төсвөөс санхүүжнэ.
38.2.Дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцна.
39 дүгээр зүйл. Дотоодын цэргийн алба хаагчид хүлээлгэх хариуцлага
39.1.Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангараг, цэргийн дүрмийн заалтыг зөрчсөн дотоодын цэргийн алба хаагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
40 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
40.1.Энэ хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД