ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Л.ГАВААСҮРЭН: ОРОЙН ДЭЭД ХИЙМОРЬТОЙГООР “СҮЛД” МЭТ БАДАРЧ БАЙХЫГ БЭЛГЭДСЭН ХЭРЭГ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Л.ГАВААСҮРЭН: ОРОЙН ДЭЭД ХИЙМОРЬТОЙГООР “СҮЛД” МЭТ БАДАРЧ БАЙХЫГ БЭЛГЭДСЭН ХЭРЭГ
Юуны өмнө таныг “Сүлд” чуулгын даргаар дахин томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе.
Амьдралын минь утга учир болсон цагдаагийн албандаа эргэж томилогдсондоо үнэхээр баяртай байгаагаа нуугаад яахав. Гэхдээ би урьд нь бодож төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэх боломж олдсонд илүү баярлаж байна. Намайг чуулгын даргаар дахин томилсон нь цагдаагийн байгууллага ахмад үеэ мартдаггүй, итгэл хүндлэл үзүүлж чаддагийг харуулж хойч үед уламжилж үлдэх жишиг болно гэж бодож байна.
Одоо “Сүлд” чуулга ямар орон тоо бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2013 оны 1 дүгээр сард 60 уран бүтээлчтэй концертын, бүжгийн, сургалтын зориулалт бүхий заал танхимтай, компьютер техник аппаратур, сандал суудал, тайзны хувцасаар бүрэн тоноглогдсон өөрийн урын сантай чуулгыг цоо шинээр дэглэсэн цагдаагийн музейтэй нь бас ахмадуудаа хүртэл “Халуун чих”-ийг нь атгуулж өгөөд л явсан даа. Одоо үлээвэр найрал найрал хөгжим зонхилсон 40-өөд хүнтэй ажиллаж байна.
Харин Тэргүүн комиссор Р.Чингис ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед 10 гаруй орон тоо нэмсний үр дүнд чуулгын үйл ажиллагаагааг үргэлжлүүлж ирсэн нь олзуурхууштай.
Одоо орон тоо нэмэх шаардлага байна уу
Байлгүй яахав. Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийг шинэ нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа энэ үед соён гэгээрүүлэх ажлын үр нөлөө онцгой чухал үүрэгтэй. Сүлд чуулга шинэ хуулиар энэ үүргийг хүлээсэн. Тийм учраас өнөөгийн “Сүлд чуулгын бүрэлдэхүүнийг дан ганц уран бүтээлч гэдэг утгаар бус, бас соён гэгээрүүлэх ажилтан гэдэг утгаар нь ойлгох нь зөв. VI сард чуулгын бүрэлдэхүүний дунд “Лекторын уран чадвар”-ын болзолт уралдаан зарлаж 14 офицер, ахлагч шилж сонгож авсан. Одоо бид төв орон нутгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газруудад ажиллахдаа тэдний бэлтгэсэн сонирхолтой өгөөжтэй лекцийг уншуулж байна. Лекторууд маань жирийн л бүжигчин, дуучин, хөгжимчин байгаа шүү дээ. Цаашдаа энэ лекторуудыг бусдын оюун санаанд соёл хүмүүжлийн үндсийг суулгаж тарьж чаддаг чадварлаг цэцэрлэгчид болгох зорилт бий. Орон тоо нэмэхэд нэгдүгээрт: Соён гэгээрүүлэх чиглэлээр төв орон нутагт хоёр хуваагдаад зэрэг ажиллах хэмжээний хүн хүч хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн уран бүтээлчидтэй урлагийн байгууллагын хувьд томоохон хэлбэрийн бүтээл хийдэггүй юмаа гэхэд бэсрэгхэн жүжиг, дуурь, мюзикл гэх мэт бүтээлийг хамтаараа хийх боломжийг бүрдүүлэх шаардлага байна. Үүгээр зогсохгүй “Сүлд” чуулга бол одоогийн байдлаар монголчуудаас хамгийн түрүүнд дэлхийн урлагт дээд амжилт тогтоосон анхдагч чуулга. Энэ уламжлалт бодлогоо орхигдуулж болохгүй. Манай чуулга цагдаагийн бүрэлдэхүүний дунд зөвхөн соён гэгээрүүлэх ажил зохиох хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй амжиргааны доогуур түвшинд амьдарч буй цагдаагийн алба хаагчдад материаллаг тусламж үзүүлэх хэмжээнд ажиллах эрх зүйн боломж бий. Үүнийг бид хууль зүйн үндэстэйгээр ашиглах ёстой.
Гэхдээ бид цомхон агаад хөрвөх чадвартай шилдэг бүрэлдэхүүнтэй ажиллах бодлогыг чанд баримтлана. Бусад мөрдөс нэгтэй ижил төрлийн чуулгуудаас 1,4-2 дахин бага бүрэлдэхүүнтэй ажиллана гэсэн үг.
Хүний амьдралд урлаг соёл ус агаар мэт хэрэгтэй. Ер нь урлаг гэж юу юм бэ? Тэр дундаа цагдаагийн байгууллагад урлаг соёл ямар үүрэгтэй талаар онцлон дурьдана уу?
Урлаг ус агаар шиг хэрэгтэй учраас л хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад агуу их урлагийг бүтээж, одоо ч бүтээсээр байгаа хэрэг л дээ. Урлаг гэдэг дотроо олон төрөл зүйл, урсгалтай асар том ойлголт төдийгүй нийгмийн ухамсарын нэг хэлбэр гэдэг.
Урлагийг хүрээ талаас нь бус, зөвхөн хүний хэрэглээний ач холбогдол өгөөж талаас нь энгийн үгээр илэрхийлвэл эх орончдыг зоригжуулдаг стресст орсныг тайвшруулдаг, зорилгогүйд баримжаа өгдөг, золбоотойд хийморь нэмдэг, уурласан нэгнийг тайтгаруулдаг, ухаан будилсныг сэхээрүүлдэг, доголдсон хүнийг төлөвшүүлдэг, доройг тэмүүлэлтэй болгодог, бүдүүлэг зантайг соёлжуулдаг, бүтэлгүй моншийг ухааруулдаг ид шидтэй агаад харах, сонсох, хүртэх мэдрэхүйгээр дамжин хамгийн ихээр оюун санаанд нөлөөлж амьдралын чиг хандлагыг өөрчилж чаддаг хүчирхэг соёл юм.
Оросын нэрт соён гэгээрүүлэгч И.Герцин “Урлаг бол хүнийг тэнгэрлэг болгодог” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Яаж тэнгэрлэг болгодог вэ гэхээр хүний сэтгэлийг ариусгадаг гэж хэлсэн юм.
Өнөөдөр Монголын төр, ард түмэн сэтгэлээр ариун сахилга баттай ёс зүйтэй, шударга ард түмэндээ элэг сэтгэлтэй тэнгэрлэг цагдааг л хүсч байна шүү дээ. Тиймээс урлаг соёл нь цагдааг төлөвшүүлэхэд онцгой чухал үүрэгтэй. Тэр тусмаа урлаг соёлд дулдуйдсан хэлбэрээ олсон үр өгөөжтэй соён гэгээрүүлэх ажил юу юунаас чухал үүнд эргэлзэх хэрэггүй. Төр засгаас ч хөрөнгө зарах хэрэгтэй. Өнөөгийн соён гэгээрүүлэх ажлын үндсэн зорилго бол цагдаагийн алба хаагчдад урам зориг итгэл үнэмшил өгөх замаар дотоод оюун санааны хүчин зүйлийн нөөц бололцоог нээн дайчилж сахилга ёс зүйтэй шударга зоригтой ашиг сонирхолын зөрчил, авлигаас ангид олон түмэнд түшиглэсэн цагдаа болгож хүмүүжүүлэхэд л чиглэгдэх учиртай.
Саяхан болсон соёлын ажилтны улсын зөвөлгөөн дээр утга зохиолын академийн тэргүүн СГЗ Г.Мэндооёо тавьсан илтгэлдээ урлаг утга зохиолгүйгээр эдийн засгийн хийгээд тогтвортой хөгжлийн тухай төсөөлөх ч хэрэггүй гэсэн санааг хэлсэн нь их л оновчтой дүгнэлт санагдсан шүү.
Урлагийн гоо зүйн мэдрэмжгүй, ойлгохыг хүсдэггүй хүн ер нь ямар хүн болдог бол та юу гэж боддог вэ?
Гоо зүйн мэдрэмжгүй хүн ер нь ховор байх. Бүжгийн уян налархай эрчим хөдөлгөөнийг хараад нүдээ дардаг. Сайхан дуу хөгжим сонсоод чихээ тагладаг хүн үгүй хүн бүрт өөрийн түвшинд мэдрэмж бий. Харин огтхон ч сонирхдоггүй хүсдэггүй чухал хэрэглээ гэж боддоггүй хүмүүс байдаг л даа. Тийм хүмүүс оюун санаандаа яруу сайхны гэрэл гэгээгүй учраас инээх нь хүртэл маш ховор “гөлгөр” хүмүүс болдог гэж би боддог.
Тийм хүмүүс жирийн үед хүртэл ямар байдалд ордог вэ? гэдгийг харж сонсож л явдаг.
Ер нь урлаг яруу сайхныг ойшоож сонирхдоггүй уншдаггүй, үздэггүй, ухаардаггүй хүний үг нь хүртэл золбин болдог. Урлаг, соёл утга зохиолоор оюунаа цэнэглэдэг даргын үг нь хүртэл оновчтой үнэн бөгөөд гэгээн гэрэлтэй, үргэлж хүний хувь заяаны сайн сайхны төлөө хандлагатай байдаг.
“Сүлд” чуулга ер нь хэдийд байгуулагдаж ямар түүхэн замналыг туулсан юм бэ?
Энэ чуулгыг 1936 онд өрлөг жанжин Х.Чойбалсангийн тушаалаар “Цагдан сэргийлэхийн клуб” нэртэйгээр анх байгуулж, энэ жил 81 нас хүрч байна. Энэ чуулгаас АЖ /Алиа/, Ж.Данзан, Ц.Гомбосүрэн, Ц.Дашдулам, АУЗ С.Удвал гуай, МУГЖ Л.Нямсүрэн, С.Цэрэндорж нарын домог болсон уран бүтээлчид. Сүүлийн үед ахмад дуучин Б.Цэвэлмаа, алдарт залуу дуучин Г.Ариунбаатар нарын гавъяатууд төрсөн чуулга.
АЖ П.Хаянхярваа багш клубууд дотор хамгийн чадварлаг уран бүтээлчидтэй нь Цагдан Сэргийлэхийн Клуб гэж яригддаг байсныг дурссан байдаг. Тийм ч учраас 40-өөд онд ЦС-ийн клубын шилдэг чадварлаг уран сайханчдыг мэргэжлийн урлагийн байгууллагад шилжүүлж ажиллуулах тухай дээд газрын шийдвэр хүртэл гарч байжээ.
Хожим 1990-ээд оноос энэ чуулгын үндсийг бэхжүүлэх шинэчилж зохион байгуулахад хошууч генерал Б.Пүрэвийн удирдлага чиглэл санаачлага идэвх чухал үүрэг гүйцэтгэсний дээр АЖ П.Хаянхярваа, УГЗ Ё.Цэрэндолгор, МУГЖ Д.Ламжав, Л.Ганчимэг, СТА Галсанцэдэн нарын мэргэжлийн урлагийн зүтгэлтнүүдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд зохион байгуулагдсан юм.
2000-оод оны сүүлчээр хошууч генерал Д.Сандаг-Очирын удирдлагын багийн идэвхитэй дэмжлэгээр бүтэц орон тооны хувьд ихэд бэхжиж хөгжим, техник аппаратур зэрэг бүхий л зүйлээр хангагдаж ажиллах боломжтой болсоноор дан мэргэжлийн авъяаслаг залуу уран бүтээлчдээр эгнээгээ бэхжүүлж мэргэжлийн түвшинд өссөнтэй хэн ч маргахгүй биз.
Түүнээс хойших түүхийг сэтгүүлийн уншигчид сайн мэднэ.
Гэхдээ энэ чуулгыг тарааснаас бусад ЦЕГ-ын нэр дурьдагдаагүй үе үеийн дарга нар аль болохоор дэмжиж тордож байсныг хэлэх хэрэгтэй.
Яагаад “Сүлд” чуулга гэж нэрлэсэн юм бэ?
Оройн дээд хийморьтойгоор “Сүлд” мэт бадарч байхыг бэлгэдсэн хэрэг. Анх 1994 онд бид 2 бие даасан концерт бэлтгэснийг ЦЕГ-ын дарга генерал Б.Пүрэв өөрөө биечлэн үзэж сүүлийн тоглолт дууссаны дараа - Одоо овоо мэргэжлийн үнэр орсон байна Чуулга гэж нэрлэе гэсэн юм. Удалгүй бид хурал хийж АЖ П.Хаянхярваа багшийн санал болгосон “Сүлд” гэдэг нэрийг оноосон нэр болгохоор тогтсон.
Энэ жилийн хувьд “Сүлд” чуулгаас алба хаагчдыг соён гэгээрүүлэх олон томоохон ажлуудыг хэрэгжүүллээ ямар дүн гарав. Танай хамт олон хэрхэн ажиллав.
Бидний энэ онд хийсэн гол ажил бол “Үргэлж тантай хамтдаа” цогц өдөрлөгийг 10 аймаг, 24 нэгжид зохион байгуулсан. Энэ өдөрлөгийн хүрээнд 2030 алба хаагч 14988 иргэнийг хамруулж Цагдаагийн 22 ахмад ажилтны гэрт очиж амар мэндийг айлтган хашаа, гудамж талбайн аль боломжит хэсгийг сонгон орчны оршин суугчдыг оролцуулан зориулалт тоглолт хийж эрүүл энх байж урт наслахын ерөөлийг дэвшүүлсэн шилдэг тэргүүний 65 алба хаагчийг хариуцсан дэвсгэр нутаг дээр нь иргэдийнх нь дунд амжилт хүсч алдаршуулсан алба хаагчдын 35 гэр бүлийн хүний эрхэлсэн ажлын байран дээр нь очиж “ЦАХ-ын ар талыг түшиж яваа эрхмүүд гэдгийг тодотгон алдаршуулах тоглолтоо зориулсан ЦАХ-ийн сурлага сахилга сайтай авъяаслаг олон багачуудыг сургууль дээр нь очиж талархал илэрхийлэн алдаршуулах ажлыг зохиож шинээр гэр бүл болсон, үр хүүхэдтэй болж ам бүл нэмсэн алба хаагчдад баяр хүргэх шинэ дуу бүжиг зааж уралдаан тэмцээн явуулах төрсөн өдөр нь тохиосон алба хаагчдад тухай бүр баяр хүргэж , аз жаргал хүсэх зэрэг ажлыг зохиосон юм. Үүний зэрэгцээ хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа ч хамтатгаж зохион байгуулсан юм.
Зөвхөн энэ өдөрлөгийн хүрээнд 201 удаагийн тоглолт хийж 85 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.
Үүнээс гадна цагдаагийн байгууллагын ажлыг үргэлж дэмждэг хамтран ажилладаг 52 аж ахуйн нэгж дээр очиж талархалын тоглолтоо толилуулж амжилт хүсч цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахын ерөөл дэвшүүлсэн.
Энэ ажлын хүрээнд нилээд цагдаагийн газар хэлтсүүдийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан нь өгөөжтэй болсон.
Энэ бүх арга хэмжээг төв орон нутагт үнэхээр халуун дотноор хүлээн авч байсан нь олзуурхууштай байлаа.
Манай чуулгын очсон 10 аймгийн сахилгын зөрчил 10,2%-иар, төвийн 14 газар хэлтсийн сахилгын зөрчил 35,7%-иар тус тус буурсан байна лээ. Энд бидний хувь нэмэр ямар нэг хэмжээгээр орсон байж болох л юм.
Энэ онд уран бүтээлийн чиглэлээр зөвхөн бүжиг гэхэд 8 шинэ бүжиг дэглэж, хувцаслаж дуучид 20 шахам шинэ дууг урын сандаа оруулж үлээвэр хөгжимчид 27 шинэ уран бүтээл туурвиж чуулга энэ онд нийтдээ бүрэн болон хэсэгчилж 482 тоглолт хийсэн нь бага тоо биш юм. Зарим өдөр 8 тоглолт хийх тохиолдол ч байлаа.
Тэрчлэн “Сүлд чуулгын түүхэн замналын товчоо” ном болон шинэ уран бүтээлүүдээр CD, DVD-ны эх бэлтгэлээ. Хэвлүүлэх боломж олдох байх. Чуулгын өөрийн өвөрмөц сувинертэй болсон гээд ярих зүйл бий.
Бид бүх арга хэмжээнийхээ бичлэгийг өөрсдөө хийж монтажлаж хэвлэл мэдээлэлд шилжүүлж ирсэн нь ч бас ололт байв. Одоогийн байдлаар бид 14 телевиз нилээд FM-тэй сурталчилгааны гэрээ хийгээд байна.
Аж ахуйн чиглэлээр бас нилээдгүй ажил амжуулсан. Чуулга маань ядаж гэрлэн чимэглэлийн хаягтай болсон. Нийтийн тээврийн хоёр буудлаа Сүлд чуулгын буудал гэж зарлуулдаг болсон. 20 гаруй жил халуун усгүй байсан чуулгын байрыг 9 сая шахам төгрөгийг хэмнэж бартерийн гэрээгээр халуун устай болгож хэдэн бүжигчин маань бэлтгэл дасгалын хөлсөө угаахтай боллоо. Хүүхдийн зулай шиг болсон усны шугам хоолойгоо шинэчилсэн. Энэ ажилд ЦЕГ-ын удирдлага, СААА-аас их тусалсанд талархах ёстой. 10 аймагт томилолтоор ажиллахдаа 2 сая төгрөгийн томилолтын зардал үүсгэж 24,2 сая төгрөгийн зардлыг тус тус хэмнэсэн. Үнэхээр манай хамт олон сэтгэл зүтгэл бас ч тэвчээр хатуужил гаргаж зүтгэсэн гэдгийг энд тэмдэглэх учиртай. Ганц жишээ хэлье. Бид Ховд аймгаас 22:00 цагт гараад 05 цагт Говь-Алтайд ирж 2 цаг дуг хийгээд л ажлаа эхэлнэ. Говь-Алтайгаас шөнийн 01 цагт гараад маргааш нь 19:00 цагт Өвөрхангай аймагт тоосоо гөвөх завгүй тоглолтоо эхлэх жишээтэй. Сая Өмнөговь аймаг явахад шөнийн 02 цагт эзгүй хээр автобус эвдэрч бас “хөөрхөн” зутарч явлаа. Энд нэг ч хүн бэрхшээл зовлон тоочихгүй байгаа нь манай хамт олон зорилгоо төгс ойлгож байгаагийн жишээ байсан. Бид энэ онд зөвхөн орон нутагтаа нийтдээ 10000 мянган километр замыг туулж томилолтын үүргээ биелүүлсэн халуун залуу насаа эргэн дурсах ахмад ажилтнуудын уяралын нулимас, хань ижлээрээ бахархах цагдаагийн гэргий, үрдээ баярлах цагдаагийн ээжийн бахархалт мишээл, цагдаагийн албанд зүтгэж яваа, эцэг эхээрээ гайхуулан сургуулийн нийт сурагчдын өмнө ихэмсэг зогсож өөрт нь зориулсан тоглолтыг сэтгэл бардам үзэж суугаа цагдаагийн хүүхдүүдийн гэгээн гэрэлт царай, иргэдийн сэтгэлийн хяруугүй торгон цагаан инээмсэглэлийг харж, халуун дотно үгийг сонсож яваа уран бүтээлчдэд аян замын алжаал ядрал хүртэл анзаарагдахаа больдог юм билээ дээ.
Өнгөрч буй оны бидний гол зорилго бол бүхэлдээ Сүлд чуулгын үйл ажиллагаа, соён гэгээрүүлэх ажлыг төв орон нутгийн нэгжид хүргэхэд л чиглэгдсэн гэж товчхон ойлгож болно.
Ирэх 2018 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа зорилго зорилтоосоо бидэнтэй хуваалцана уу?
Нэгд. Соён гэгээрүүлэх ажлын хүртээмж чанар, өгөөжийг нэмэгдүүлэх, Хоёрт. Уран бүтээлийн чансааг сайжруулах, Гуравт. Үйл ажиллагаагаа суталчлахыг эрхэмлэх, Дөрөвт. Хууль сурталчлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх. Тавд. Монголын цагдаагийн бүрэлдэхүүний сахилга ёс зүйг төлөвшүүлэх ажилд бодитой хувь нэмэр оруулахад бидний гол зорилт оршино.
“Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгөө үргэлжлүүлнэ. Агуулга хэлбэрийг илүү баяжуулна. Хоног хугацааг арай тавиу болгоно. Цагдаагийн алба хаагчийн нийт гэр бүлрүү хандсан тэдний нөлөөллийг үр дүнтэй ашиглах арга хэмжээг зохион байгуулна. Цагдаагийн алба хаагчдын авъяаслаг хүүхдүүдийг нэгтгэн тэднийг хөгжүүлэх, амьдралд нь дэм болох ажлыг ч зохионо.
Уран бүтээлийг шинэчлэл хийнэ. Сурталчилгааг эрс сайжруулна. Уран бүтээлчидээ өсгөж чадваржуулан алдрын дэвжээнд алхам алхамаар ойртуулна. Тэр ч байтугай гэр бүл хүчирхийллийн дуудлагад жижүүрийн бүрэлдэхүүнтэй, хэсгийн байцаагчтай хамт очиж ухуулж сэнхрүүлэх, дуулж хуурдах ажлыг хүртэл туршихаар төлөвлөж байна.
Бидний зорилт зохиох ажил бүхэлдээ шинэ бөгөөд шинэлэг байх болно. Энэ оноос манай бүрэлдэхүүний дотроос соёолж байгаа хөгжмийн зохиолч, яруу найрагчид бий. Ирэх онд цэцэглэнэ гэж найдаж байгаа. Практикт мэргэшсэн соён гэгээрүүлэх ажилтнууд ч бас бэлтгэнэ. Манай чуулгын бүрэлдэхүүний 14% нь орон сууцны 349 сая төгрөг, 61,4% нь 364 сая төгрөгийн цалингийн зээлтэй байна. Энэ жижиг чуулга хагас тэрбум илүү төгрөгийн зээлтэй байна гээд бод. Зарим нь өрийн дарамтад оржээ. Үүнийг ч шийдэх арга замыг эрэлхийлж гарц гаргана гэх зэргээр чамгүй ажил төлөвлөж байна.