ИРГЭНД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ, ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО
ИРГЭНД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ, ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэдэд туслалцаа үзүүлэх “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, Түр хамгаалах байр”-тай боллоо.
Тус хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэдэд туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байр байгуулах зорилгоор төсөл хөтөлбөр санаачлан Дэлхийн зөн Дарь-Эх орон нутгийн хөгжлийн төвтэй хамтран “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, Түр хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд өртдөг, Түр хамгаалах байранд хүүхэдтэй ээжүүд ирдэг учир “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, Түр хамгаалах байр”-ны нэлээн хэсгийг хүүхдэд зориулсан булан, тоглоомуудаар тохижуулжээ. Иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх болон гал тогооны хэсгийг тусад нь хийж, түр хамгаалах байранд ирсэн иргэний тав тухыг хангахад анхаарчээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөж байгаатай холбогдуулан тус цагдаагийн хэлтсээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх зүйн сургалтуудыг алба хаагчид болон иргэдэд зохион байгуулан ажиллаж байна.