Цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр: Барилгын хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон
Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
-Сүүлийн үед Экологийн цагдаагийн албанд гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байна вэ?
-Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний таван сард нийт 365 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 165 хэргээр буюу 82.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн 365 хэргийн 330 буюу 90.4 хувь нь орон нутагт, 35 буюу 9.6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 154 хэргээр буюу 87.5 хувиар, Улаанбаатарт бүртгэгдсэн хэрэг 11 хэргээр буюу 45.8 хувиар тус тус өссөн.
Сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 147 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 112 хэргээр буюу 3.2 дахин, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 67.7 хувиар, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 144 гарсан нь өмнөх оны мөн үеэс 38 хэргээр буюу 35.8 хувиар, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурван хэргээр буюу нэг дахин өссөн, ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг найм бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс найман хэргээр буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Албанаас хууль бус ан агнуур, ашигт малтмал олборлох, мод, ургамал түүх, бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө гарган хяналт шалгалтад хамтран ажилласнаар дээрх үр дүн гарч хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч байна.
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Экологийн цагдаагийн албанаас сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг 1578 гэмт хэргийн судалгааг гаргаж, түүндээ төрөл мэргэжлийн албадаас бүрдсэн судалгааны баг ажиллуулж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь хүний буруутай үйлдлээс хамаарсан дэлхийн байгаль цаг уурын эрчимтэй өөрчлөлт, нийгэм эдийн засгийн суурь үзүүлэлтээс хамаарч байгаль руу халдах иргэн, хувийн хэвшлийн тоо жил бүр нэмэгдэж, байгалийг ноцтой хохироодог техник хэрэгсэл, химийн хорт бодисын хэрэглээ, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч субьектив шинжгүй зэрэг байдлаас хамаарч үйлдэгдэж байна гэж дүгнэсэн. Иймд хүрээлэн байгаа орчинд хандах иргэд, олон нийтийн ухамсар, дадал хандлагыг өөрчлөх, нөлөөлөхөд чиглэсэн ажил арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү ажлын хүрээнд энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриатай зохион байгуулагдах “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан иргэн бүрт байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн үндэсний өв уламжлалаа шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Усны төлөө-Зөв үйлдэл хийе” аяныг 10 хоногийн хугацаанд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Ногоон дуу хоолой” мэдээлэл сурталчилгааны аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын хугацаанд зохион байгуулж давхардсан тоогоор 5,603,909 хүнд хүрсэн ажил болсон.
Хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр “Амьтны тухай хууль”-ийн 9.2 дахь хэсэгт “Ахуйн болон тусгай зориулалтаар жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд шувуу агнах, загас барихыг хориглох” тухай заалт байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Загас хамгаалал-2020” нэгдсэн арга хэмжээг төв орон нутгийн хэмжээнд зохион байгуулж дуусах шатандаа орж орж байна мөн ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газруудтай хамтран нэлээдгүй хяналт шалгалт, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өгч ой хээрийн гал түймрийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.
Урин дулаан болж иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой Туул голын орчимд иргэд амрахаас гадна автомашин, хивс, бусад зүйлсийг угаах зөрчил их гарч байна. Өнгөрсөн долоо хоног хийгдсэн хяналт шалгалтаар 17 иргэн туул голд автомашинаа угаасан зөрчил гаргасан. Дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7,15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, иргэд олон нийтэд анхааруулах ухуулга, сурталчилгааны ажил хийсэн.
-Амралтын үеэр аялж буй иргэд хог хаяж, байгаль орчин бохирдуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Үүнийг ямар зохион байгуулалтаар хянаж ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Харьяа орон нутгийн байцаагч нар хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотод өдөрт төвлөрсөн гурван хогийн цэг дээр 2,591 орчим тонн хог хаяж булдаг. Ангилан ялалтын нэгдсэн системгүйгээр хогийн цэг рүү шууд тээвэрлэж байна. Хүнд металлыг технологийн бус аргаар буюу ямар нэгэн устгал хийлгүйгээр байгальд шууд булж байна. Үүнээс улбаалж хөрсний бохирдол, гүний ус, агаарын замаар дамжин халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.
Иймээс тус албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг боловсруулсан. Энэхүү төсөлд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд багтаж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаар мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны зургадугаар сарын 10-аас долдугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн хүрээлэн, “ЭМ СИ ЭС” Коко Кола ХХК, “Монкон Пропортиз” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж байна. Иргэдийг идэвхтэй оролцон дэмжиж байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юү”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшээрэй. Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв. Хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулж чадна.
-Барилгын хог хаягдлыг байгальд ээлтэйгээр зохицуулах ямар боломж байна вэ?
-Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай тушаалаар Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам батлагдсан.
Улаанбаатар хотод жилд дунджаар 80000 тонн барилгын хог хаягддаг гэж БОАЖЯ-аас мэдээлсэн байдаг. Хэдий тийм боловч энэхүү тоо нь зөвхөн хогийн цэг дээр бүртгэгдсэн хэмжээ бөгөөд албан бусаар хаягдсан нийт барилгын хог хаягдлын хэмжээ тодорхойгүй байна. Мөн Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барилгын салбарт хаягдалгүй технологи нэвтрүүлэх, барилгын хаягдлыг дахин ашиглах асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Нидерланд, Дани, Бельги, Япон, АНУ зэрэг улсууд буулгасан барилгын хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулан ашиглаж байна.
Манай улсад барилгын хог хаягдлыг хаях төвлөрсөн цэг байдаггүй энгийн хатуу хог хаягдалтай цуг Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн нэгдсэн хогийн цэгт ангилалгүйгээр хүргэгдэн хаягддаг. Энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр манай улсад байдаггүй.
Дахин боловсруулах үйл явц нь дахин ашиглах боломжтой, үнэ хүрэх хог хаягдлыг хогийн цэг дээр тодорхой хүмүүс цуглуулж авснаар төгсдөг. Дахин ашиглагдах баялагаа хог гэж хаясаар л байгаа нь асуудал болоод байна. Бид барилгыг хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон.
-Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн ажилд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
“Байгаль эн тэргүүнд-Хогоор бүү хорло” арга хэмжээний хүрээнд Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Уул уурхайн чиглэлээр нөхөн сэргээлтийг улсын хэмжээнд үлгэр жишээ хийсэн, хариуцлагатай уул уурхайн байгууллагыг төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан дүгнэлтээр шалгаруулж урамшуулах, бусад байгууллагад үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд 27,737 га талбайд уул уурхайн олборлолт хийснээс 11,284 га талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байна. Энэ нь зөвхөн эрдэс баялгийг аваад нөхөн сэргээлт хийлгүй үлдээдэг хуучны явцуу эрх ашиг, хандлагыг халж хүрээлэн байгаа орчинд ээлтэй шинэ үзэл суртлыг нийтээрээ дэмжих томоохон ажил болох байх гэж бид зорьж байна.
Мөн аюултай хог хаягдлын талаар иргэд, олон нийтэд ойлголт өгөх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан.
Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон боловч гар аргаар алт олборлогч иргэд мөнгөн усыг хэрэглэх гэмт хэрэг бүртгэгдсээр байна.
Сүүлийн жишээгээр дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны урд талын зам дээр хэсэг бүлэг этгээдүүд 50 килограмм цагаан мөнгөн усыг тээвэрлэж явахад нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-Замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар зорчиж байгаль орчин сүйтгэх тохиолдол байдаг. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед хөдөө орон нутагт тогтоосон зам маршрутыг өөрчлөх, замгүй газраас зам гаргах зэргээс хөрсний бохирдол, доройтол үүсгэх асуудал гарах болсон. Үүнийг таслан зогсоох чиглэлээр тус алба анхаарч хөрсний бохирдол, доройтлын асуудлыг хөндөж байна. Энэ зөвхөн орон нутаг ч гэлтгүй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороодод 1262.14 га талбайд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, био камбинатын хороолол дундах замаар тээвэрлэлт хийж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн асуудал гарсан. Үүнийг таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Түгээмэл-2020” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж зөрчил гаргасан 23 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, хариуцлага тооцсон.
-Цаашид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд юу хамгийн чухал гэж таны хувьд харж байна.
-Манай алба байгуулагдаад удаагүй байгаа тул Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн гадаад улс оронтой туршлага солилцох, Дэлхийд ховордсон зэрлэг амьтдын эд эрхтэнг таньж олох, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр сургалт, мэдээлэл, судалгааны ажилд дэмжлэг авах, Олон Улсын туршлага судлах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийг мэргэшүүлэх ажлыг эхний шатанд түлхүү хийх хэрэгтэй байна. Мөн иргэд, олон нийтийн экологийн боловсролыг бүх шатанд дээшлүүлэх, нийгэмд нөлөөлөх далайцтай ажлуудыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна. Ажиллах хүчин сайн байвал энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажил амжилттай болно гэж харж байгаа.
-Байгаль орчны эсрэг гэмт хэргээс үүдэн гарах хохирлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр л тогтоодог. Гэхдээ байгаль эх дэлхийд учруулж байгаа бодит хохирлыг тогтоох боломжгүй юм шиг санагддаг.
-Энэ төрлийн гэмт хэргээс үүдэн гарах байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй. Жишээ татахад, санаатайгаар түймэр тавьсан тохиолдолд ой бүхлээрээ шатах аюултай тул ахиж нөхөгдөшгүй аюул гарч, зэрлэг ховор ан амьтан, ургамал устаж үгүй болох зэрэг хор хохирлыг тоолж баршгүй. Мөн хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагдаж байна. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.
Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Үүнийгээ ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам үүрэг юм гэж зааж өгсөн байдаг. Байгалиа хамгаалах бол иргэн бүрээс л эхэлдэг. Та нэг удаа хогоо хогийн саванд хийх, нэг удаа татсан тамхины ишээ сайтар унтрааж хаях, усаа хэмнэхээс л эхтэй. хойч үедээ балчир наснаас нь эхлэн цэвэр агаар, цэнгэг ус, ой мод, хөрс шороо, ургамал амьтны ертөнцийн ашиг тусыг ойлгуулах нь нэн чухал. Хамгийн сүүлд нь дахин хэлэхэд иргэн бүр байгаль хамгаалагч, иргэн бүр экологийн цагдаа гэдгийг хэлмээр байна.