МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛУУД
МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛУУД
Даян дэлхийд монгол цэргийн сүр хүч, ид хав, ялан дийлж чаддаг дайтах урлагаараа гайхагдсан Их эзэн Чингис хааны төрт их Монгол улсын үеэс эхлээд өнөөдрийг хүртэл эх орныхоо газар шороо, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг тогтоон хамгаалах нэр төртэй баатарлаг үйлсэд андгай тангарагаа өргөсөн мянга мянган цэрэг дайчдын оройн дээд магнайд мандах сүрт туг далбаа, үлгэрлэн дууриах итгэл бахархал, удирдан жолоодох ухаан билэг, эр зоригийн илэрхийлэл цэрэг армийн дээд командлалын үлгэр жишээ агуу их жанжид, цэргийн нэр цуутай дарга нар, генералуудынхаа гавъяа зүтгэл, туулсан баатарлаг замналыг монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн билээ.
Дайн тулалдааны хүнд бэрх он жилүүдэд, хэлж ирдэггүй, хийсэж ирдэг түгшүүр зарласан энхийн цаг үеүдэд ч өргөсөн тангараг, өндөр нэр сүр, цэрэг дайчин хүний цог золбоо, эр зориг, командлах урлагийн орчин үеийн шинжлэх эрдэм ухаан, ямар ч эгзэгтэй цаг үед оновчтой гаргаж чаддаг ухаалаг мэргэн шийдвэрээрээ алдаршсан ардын арми, хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал зэрэг бүхий л салбаруудын цохилох зүрх, сэтгэх тархи болсон дээд удирдлага, генералуудын маань байгуулсан гавьяа их юмаа
Яруу алдарт түүхийн алтан хуудсанд мөнхөрсөн 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын цэргийн жанжид Хатан баатар Магсаржав, манлай баатар Дамдинсүрэн, 1921 оны Ардын хувьсгалын үеийн Бүх цэргийн жанжин, зоригт хурц баатар Дамдины Сүхбаатар, 1939, 1945 оны дайны үеийн “залуу жанжин” хэмээн яруу найраг, дуунд мөнхөрч, ард түмний сэтгэл зүрхэнд бахархал болон үлдсэн Монгол Улсын баатар армийн генерал Ж. Лхагвасүрэн. Нэр сүр нь домог мэт хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшиж, түүх намтар, гавьяа зүтгэл, суу алдраараа мөнхөрсөн жанжид генералуудаа монголын ард түмэн мартдаггүй ээ.
Анх генерал цолыг 16-р зуунаас Франц улсад хэрэглэж ирсэн бол Орос улсад 1657 онд 1-р Петр хаан армидаа хэрэглэсэн юм. Монгол улсад генерал хэмээх цэргийн дээд цолыг 1944 оны 04-р сарын 28-нд БНМАУ-ын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлан армидаа нэвтрүүлж анхны арван нэгэн генералд хүртээж байсан цагаас хойш 71 дахь онтойгоо золгож байна.
Монголын цагдаагийн байгууллагын түүхэн дахь хамгийн анхны генерал бол 1971 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий Газрын даргаар томилогдон хошууч генерал цол хүртсэн Содномбалжирын Бүдрагчаа. Цагдаа, прокурорын байгууллагын удирлагад 36 жил ажилласан туршлагатай хуульч, нэр хүндтэй удирдах ажилтан байсан юм.
Хошууч генерал Содномбалжирын Бүдрагчаа нь анх 1969 оны 2 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газрын даргаар ажиллах үедээ улс төрийн хэлтэс байгуулж харьяа байгууллагуудад улс төрийн орлогч бий болгож, Сэргийлэн хамгаалах хэлтэс, шалган хувиарлах байр байгуулж, хэсгийн байцаагч гэдэг албан тушаалыг шинээр бий болгон нийслэлд эргүүлийн тусгай батльеон байгуулах шийдвэр гаргаж байжээ.
Бүх сумыг хэсгийн төлөөлөгчтэй болгох асуудлыг шийдвэрлэж, мөрдөн байцаагч нарт нэмэгдэл цалин олгох журам тогтоож боловсон хүчний талаар бэхжүүлэн, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын цөөнгүй байцаагч нарыг албаны машин, мотоциклтой болгосноос гадна энэ газрын харьяанд авто ослын хэргийг мөрдөн байцаах алба байгуулсан.
Цагдан сэргийлэхийн ажилд шинжлэх ухааны техникийн ололтыг нэвтрүүлэх талаар өргөн хүрээтэй ажил зохион байгуулж, шинжлэх ухаан техникийн хэлтэст физик, хими, биологийн шинжилгээний лабораториудыг тэр үедээ л хамгийн шинэ сайн гэж байсан техник төхөөрөмжөөр тоноглосон байна.
Хошууч генерал С.Бүрдагчаа хэлэхдээ: “1988 оны 06 сарын 1–нд би хоёрдахь удаагаа Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрын даргаар томилогдон хоёр жил гаруй ажилласан. Энэ хугацаанд гэмт хэрэг хэв журмын зөрчлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах үйл ажиллагаандаа хууль ёсыг сахиж, офицер, сэргийлэгч, гал сөнөөгчдийн ажлын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ард иргэдийн туслалцааг өргөтгөх шинжлэх ухаан техникийн ололтыг өргөн ашиглах зорилт тавин ажиллаж байлаа” гэж номын хуудаснаа бичиж үлдээжээ. Анхны генералын алсын хараатай бодлого чиглэл одоо ч цагдаагийн байгууллагад хэрэгжсээр байна.
Алтан мөрдэст цагдаагийн байгууллагын генералуудын түүх хошууч генерал Алтангэрэлийн Думбурай Улсын цагдан сэргийлэх газрын орлогч даргаар томилогдоод 1978 оны 04-18 нд цолоо хүртсэн түүхийн хуудсаар өртөөлдөг. Увс аймгийн Улаангом сумын сургуулийн бага ангийн багшаас ажлын гараагаа эхлэж, Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газрын дарга болтлоо дэвшин ажилласан юм.
Амь дүйсэн адармаатай, осолтой хүнд гэмт хэрэг болгонд гүйцэтгэх ажилтнаар томилогдож, хэдэн арван мэргэжлийн ном, уран зохиолын төрлөөр тууж өгүүллэг хүртэл бичжээ. “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түүхэн замнал”, “Монгол төрийн цагдаагийн уламжлал, түүхэн хөгжил” хоёр боть зэрэг номнууд нь түүхийн үнэт бүтээл болон үлдэж дээ. Ноцтой хэрэг болгоныг түргэн шуурхай илрүүлэхийн тулд хамгийн туршлагатай, хамгийн шилдэг мөрдөгчөө томилдог. Тэдний нэг хошууч генерал Алтангэрэлийн Думбурай эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар 16-н жил ажилласан байна.
Эрхэм генерал “Манай оронд шинэчлэлт өөрчлөлт явагдаж байна. Энэ зорилтыг хангаж төр засгийн шинэ тогтолцооны шинэ механизм болон бүрэлдэж, Америк, Япон Английн цагдааг бий болгох хэрэггүй, чадахгүй. Жинхэнэ монголын цагдаагийн газар болох ёстой. Тиймээс уламжлалгүй шинэчлэл гэж байж болохгүй” гэсэн ёс зарчмыг баримталж, “Монголын цагдан сэргийлэхийн түүхэн замналаас суралцах их зүйл бий шүү” гэж тэртээ 20-н жилийн өмнө хэлж байжээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ СЭНГЭЭГИЙН ДАМДИНСҮРЭН
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 06-р сарын 5-ний өдрийн 166 дугаар тогтоолоо хошууч генерал цол хүртжээ. Түүхэн цаг хугацааны явцад санхүү нягтлан бодогчоос эхлээд Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дарга, Улсыг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч, Улсын цагдан сэргийлэх газрын нэгдүгээр орлогч, Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албуудыг нэр төртэй хашиж явсан буурал генерал одоо ч бидний хайрлан хүндэтгэж, бахархан дууриадаг ахмадуудын маань нэг юм.
Цагдаагийн байгууллагаас төрөн гарсан генералуудын түүчээ Хошууч генерал Осорын Отгонжаргал Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын дарга байхдаа 1979 оны 06-р сарын 27нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 226 дугаар тогтоолоор генерал цол хүртсэн түүхээр үргэлжилдэг.
Хот дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахын тулд хэв журам сахиулах олон ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хэсгийн байцаагчтай болгох томоохон ажлуудыг санаачилан хэрэгжүүлсэн хошууч генерал Осорын Отгонжаргал гуай одоо ч бидний дунд аж төрж, буурал түүхийн бүдэгхэн хуудсуудын тод гэрч болон өгүүлж байна.
Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж юутай үнэн үг билээ. Нийгэм цаг үе өөрчлөгдсөн, ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд цагдаагийн байгууллагын генералуудын эгнээнд бас нэгэн эрс шийдэмгий, их үйлсийг бүтээгч, цагдаагийн алба хаагч бүрийн бахархал болсон эрхэм хүмүүн томилогдсон нь хошууч генерал Баастын Пүрэв юм. 1990 оны 04-р сард Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдон 1990 оны 04-р сарын 19ний өдөр тус зөвлөлийн 189-р тогтоолоор хошууч генерал цол хүртсэн байна. Энэ тухай Монгол улсын гавьяат хуульч, хошууч генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Баастын Пүрэв “Би сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн бараг сүүлчийн хүн. Яагаад ингэж хэлж байна гэхээр миний дараа дайнд тулалдаж явсан хоёр партизанд өгсөн юм” гэж дурсан ярьсан юм.
Тэрээр "Би төрж өссөнөө ярьвал дайны үеийн хүүхэд дээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн. Есөн настай сургуульд ороод 7-р анги, Улаанбаатар хотод худалдааны техникум төгсөөд нягтлан бодогч болсон. Насаар бол 10-р анги төгсөж байна л гэсэн үг юм. Улсын их дэлгүүр нээгдэх үед тооцооны нягтлан, дараа нь ахлах нягтлан бодогч хийж байгаад 1961 оны 6-р сараас 1964 оны 4-р сар хүртэл их дэлгүүрт нягтлан хийсэн. 1965 онд Намын төв хорооны улс төрийн товчооны өмч хамгааллыг сайжруулах тухай 365-р тогтоол гарсан юм. Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг өмчийн хэлтэс гэж шинээр байгуулсан юм. Даргаар нь хурандаа Дашзэвгийг томилсон юм. Хотын цагдаагийн 2-р хэлтэс буюу өмчийн хэлтэс дарга нь Лувсандаш гэж даргатай хэлтэс байлаа. Тэр тогтоолын дагуу цагдаагийн байгууллагыг санхүү, нягтлан бодох мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх ажил зохиосон юм. Намын төв хорооны боловсон хүчний илгээлтээр би Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын 2-р хэлтэст 1965 оны 04 дүгээр сарын 28 нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдсон юм. Ингэж цагдаагийн байгууллагад орж ажилласан түүхтэй.
Цагдаагийн байгууллагын ажил нь нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил. Гэхдээ их хийморьтой, цог золбоотой, эр хүн хийвэл хийсэн шиг хийх ёстой сайхан ажил шүү дээ. Хийморьтой сайн эр хүн цагдаагийн ажил хийхээрээ гялалзтал сайн явдаг юм. Хааяа нэг унжгар, эсхүл муу эр дайнд хөөрнө гэгчийн хүмүүс орохоороо цагдаагийн нэрийг баллачихдаг юм. Тийм хүн нь аз болоход тун цөөхөн юм даа. Байгууллага нь өөрөө дэг журамтай, сахилга сайтай учир хүнийг их сайхан хайрцаглаж авдаг. Би ээждээ цагдан сэргийлэхэд ажилд орлоо гээд хэлсэн чинь,
-За болж дээ. Тэр чинь их журамтай газар. Ядаж үсээ засуулчихдаг газар байлгүй дээ гэж хэлсэн юм. Би залуу байхдаа их өтгөн хар үстэй байсан юм. Одоо л нас яваад шингэрсэн /инээв/ Шудрага, зөв ажиллавал сайхан ажил. Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь миний амьдралд тохиолдсон том аз завшаан гэж би тооцдог. Миний аав төрийн байгууллагын хамгийн доод албан тушаалтан сумын зарлага олон жил хийсэн хүн.
Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь манай үе удмын түүхэнд сайхан үйл явдал. Би Урианхан овогт Баастын Пүрэв. Гэтэл одоо аавын минь нэрээр биш Цагдаагийн Пүрэв гэдэг. Тэгэхээр цагдаа гэдэг нэрийг сонсохоор би аавынхаа нэрийг сонссон юм шиг болдог" гэж бахархан ярьсан юм.
ХОШУУ ГЕНЕРАЛ ЧИМЭДДОРЖИЙН АМАРБОЛД
Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуульд 1974 онд элсэн орж, цэргийн сургуулийн сурагч гэсэн цол анх зүүж, 1977 онд Хэнтий аймгийн цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч болж монголын цагдаагийн байгууллагын нэгж бүхэнд нэр төртэй ажиллаж, Зөвлөлт Холбоот улсад Дотоод явдлын яам, Улс төрийн дээд сургуульд суралцан, 1996 онд ЦЕГ-ын дэд дарга болоод Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Дайчин шудрага, аливаад эрч хүчтэй, эрс шулуун зөв шудрага ажиллаж ирсэн он жилүүдийг нь Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн бахархан дурсдаг юм. 1996 оны 8 сард Засгийн газрын шийдвэрээр Цагдаагийн Еоөнхий Газрын даргаар томилогдон, эцэг Пүрэв хэмээн алба хаагчдадаа хүндлэгдсэн хошууч генерал Баастын Пүрэвээ үүрэгт ажлыг нь хүлээж авч байсан нь саяхан санагдна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1996 оны 08-р сарын 02ны өдрийн 176 –р тогтоолоор хошууч генерал цол хүртэн Монгол улсын 112 дахь генерал цолтон болжээ.
"Цагдаагийн албанд цаг зуурын бэрхшээл тохиолддог. Санхүү мөнгөний, хууль эрх зүйн ажиллах орчны гээд монголын цагдаа олон шалгуурыг давсан. Монголын цагдаагийн алба олон шалгуурыг давсан. Одоо эрхбиш төр, олон нийт ойлгодог болж байх шиг байна. Одоо ажиллаж байгаа алба хаагч нар бүгдээрээ энэ албаараа бахархаж үнэнхүү зүтгэж , төв шударга, чин сэтгэлээсээ, хүнлэг шуурхай, өөрийнхөө бүх боломжийг дайчилж ажиллаасай. Цагдаагийн алба бол хүнийг дандаа өөд нь татдаг алба шүү. Манай цагдаагийнхан хаа ч харсан сайхан харагддаг. Цагдаа нар маань энэ албандаа сэтгэл зүрхээ гаргаж сайн зүтгээрэй гэж захья даа"
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ДАНЗАНГИЙН САНДАГ-ОЧИР 2001 оны 09-р сараас 2006 оны 09-р сар хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдон ажилласан түүхтэй. Арван хэдхэн настай анх монгол төрийн цагдаагийн босгыг алхаж, Улаанбаатар хотын сэргийлэн хамгаалах гарнизоны, сэргийлэн хамгаалахын нэгдүгээр салаа гэж байхад сэргийлэгчээр ажиллаж, Элчин сайдын яам, Ус сувгийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад хорооны цагдаа болж, Зүүн хараагийн цагдан сэргийлэхэд Эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон, бага дэслэгч цолтой офицер бүрэлдэхүүнд орсон анхны гараа нь ХОШУУЧ ГЕНЕРАЛ болох анхны алхам нь болжээ.
Зөвлөлт холбоот Улсын Дотоод Явдлын яамны дээд сургууль, удирдлагын академи зэрэг сургууль төгсөн цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг нэр төртэй хашиж, 2001 онд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга буюу Дотоодын цэргийн командлагчаар томилогдон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 07-р сарын 19 ний өдрийн 108 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртэн 124 дахь генерал болжээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР :
"Анх би арван хэдхэн настай монгол төрийн цагдаагийн босгыг алхсан. Тухайн үед Улаанбаатар хотын сэргийлэн хамгаалах гарнизоны, сэргийлэн хамгаалах нэгдүгээр салаа гэж байхад сэргийлэгчээр орсон юм. Тухайн үед сэргийлэгч гэж нэрлэдэг байлаа. Сэргийлэн хамгаалах нэгдүгээр салаа Элчин сайдын яам, Ус сувгийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Би Ус сувгийн хамгаалалтанд ээлжинд гардаг, Элчин сайдын яамны хамгаалалтанд гардаг байлаа. Дараа нь удалгүй хорооны цагдаа болсон. Тэр үед хороонд ганцхан цагдаа ажилладаг байсан юм. Найрамдлын районы цагдан сэргийлэхийн 5-р анги гэж байсан юм. Дараагаар нь Зүүн хараагийн цагдан сэргийлэхэд Эрүүгийн төлөөлөгч болсон. Бага дэслэгч цолтой офицер бүрэлдэхүүнд орсон юм. Энэ бол миний офицер бүрэлдэхүүнд орсон ажлын анхны гараа байсан юм" гэж дурсан ярьлаа.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ААЖУУРЫН ДУЛААНЖАРГАЛ
Арван наймхан настайдаа тэр үеийн ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд суралцахаар үе тэнгийн олон хүүхдүүдээс шалгаран, таван жил суралцаад цэл залуу 23-н наснаасаа цагдаагийн байгууллагын ажилтан- офицер болж байсан түүх түүний ГЕНЕРАЛ болох замын эхлэл болжээ.
Орон нутагт өмчийн ахлах төлөөлөгч, Улсын цагдан сэргийлэх хэлтсийн эрэн сурвалжлах хэлтэст ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга гээд мэргжилээрээ үргэлж ахиж дэвшиж ирснийг хийж байсан ажлууд, илрүүлж байсан хэргүүд, санаачлан зохион байгуулж байсан ажлууд нь илтгэдэг юм.
Тэрээр цагдаагийн байгууллагын түүхэнд тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байхдаа Бригадын генерал цол хүртсэн цорын ганц генерал юмаа. 2008 оны 10-р сараас Цагдаагийн Ерөнхий Газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2010 оны 11-р сарын 26-ны өдөр энэхүү нэр хүндтэй ЦОЛ хүртэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр бие бүрэлдэхүүнээ чадварлаг зохион байгуулж, мэргэжлийн түвшинд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байжээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ МАНЬБАДРАХЫН ГАНБОЛД
Хошууч генерал Маньбадрахын Ганболд нь хорь гаруйхан настайдаа Төмөр замын хэлтсээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тэндээ хориод жил төлөөлөгчөөс хэлтсийн дарга болтлоо дэвшин ажиллаж одоо ч хүртэл монголын төмөр замчдын талархал хүлээсэн танил дотно хүн нь болсон юм
Ардчилал зах зээлийн нийгмийн шилжилтийн он жилүүдэд монгол улсад шинэ төрлийн гэмт хэрэг олноор гарах болж, эрүүгийн нөхцөл байдал онцгой хүндэрч байгааг харгалзан 1997 онд Цагдаагийн Ерөнхий газарт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шинээр байгуулагдахад ажлын мэдлэг туршлагаараа шалгаран анхны даргаар нь томилогдож байжээ.
Улмаар Оросын Холбооны Улсын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж, ном бүтээл туурвин, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ГЕНЕРАЛ юмаа. Тэрээр 2006 оны 09-р сарын 13ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдон, 2007 оны 07-р сарын 17 ны өдөр хошууч генерал цол хүртсэн түүхтэй.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ТОГИОГИЙН ХҮРЭЛБААТАР
Монгол улсын түүхэнд цэрэг нэртэй байсан Дотоодын цэрэг анх 1922 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эх орон, төр засаг, түмэн олныхоо тусгаар тогтнол, аюулгүй, амар амгаланг сахин хамгаалах ариун үйлсэд дайн байлдаантай хүнд хэцүү он жилүүдэд ч энх цагийн үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн баялаг түүхтэй, бахархах их үйлстэй билээ.
Дотоодын цэргийн анги салбаруудаас “Одонт хороо” гэж алдаршсан Сүхбаатарын одон, “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, Байлдааны гавъяаны одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар хороо нь олондоо нэртэй, онцгой гавъяатай, төрийн байгууллагуудаас анх удаа одонт хороо хэмээн олон түмэндээ алдаршсан монгол улсын ууган цэргийн ангиудын нэг байсан юм.
Эх орондоо алдар нэртэй улсын болон хөдөлмөрийн баатар, цэрэг армийн генералууд, улсын гавъяат цолтнууд гээд олон арван хүмүүс “Одонт хороо”-нд хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж, тасаг, салаа, рот, батальоны захирагчаар ажиллаж, жинхэнэ цэргийн дарга болох зам маань эндээс эхэлсэн” хэмээн бахархан дурсаж ярьсан яриа, дурсамж дурдатгал олон байдаг.
Эдгээр алдар гавьяатнуудын нэг, Дотоодын цэрэг, одонт тусгай хорооноос ажлын гараагаа эхлэж, өсч өндийснөөрөө ямагт бахархаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсаар өдий хүрсэн хүний нэг нь Дотоодын цэргийн штабын даргаар олон жил ажилласан бригадын генерал Т.Хүрэлбаатар билээ.
Гэтэл 1990 онд Монгол улсад ардчилсан хувьсгал эхэлж, төр засгийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх үед “Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газар” –ыг татан буулгаж тараах үед Дотоодын цэрэг цагдаагийн байгууллагын харъяанд орж ирсэн байна.
Ингээд ЦЕГ-ын харъяанд Дотоодын цэргийн харьяанд анги салбаруудаа удирдан зохион байгуулах үүрэг бүхий цомхон бүтэцтэй хэлтэс бий болоход 1991 оноос тус хэлтсийн хамгаалалт төлөвлөлтийн офицер, 1994 оноос штаб болгон өргөтгөн зохион байгуулахад хамгаалалт, төлөвлөлтийн ахлах офицероор томилогдон ажиллаж байжээ. 1999 онд штабын даргаар томилогдон тус байгууллагыг тууштай удирдан ажиллаж, 2011-11-р сарын 25 ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 249 зарлигаар Бригадын генерал цол хүртжээ.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ БАЯНМӨНХИЙН БИЛЭГТ
Бригадын генерал Баянмөнхийн Билэгт нь 2012 оны 09-р сарын 03-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдон, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр зарлигаар бригадын генерал цол хүртжээ.
Бригадын генерал Баямөнхийн Билэгт Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, 2012 оноос Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар тус тус ажиллаж байжээ. Тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдсон даруйдаа алба хаагчдын цалингаас суутгал хийхийг хориглосон тушаал гаргаж, улмаар нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг эн тэргүүнд тавин тулгарсан олон асуудлуудыг шийдвэрлэсэн юм.
Улс орны хэмжээнд хуулийн байгууллагуудын эрх зүйн шинэчлэл ид өрнөж байсан эгзэгтэй цаг үед цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, тавьсан зорилтыг хэрхэн ханган биелүүлэхэд Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн ажлууд ид өрнөж, цагдаагийн албаны хууль шинэчлэгдэж, алба хаагчдын хувцас өөрчлөгдөх цаг үед ажилласан юм.
Хошууч генерал Равдангийн Гүнсэн, хурандаа генерал Жарантайн Авхиа, хошууч генерал Жамцын Содном, Лхамсүрэнгийн Гарамжил, бригадын генерал Мядагийн Ганхүү нар ч мөн цагдаагийн байгууллагын өргөн бие бүрэлдэхүүн дунд ажиллаж байсныг монгол ГЕНЕРАЛ уудын өдөр эргэн дурсахад бахархалтай байна.
Мөнх хөх тэнгэрт бүрэн эрхэт, эрх чөлөөт их Монгол улсын маань алтан соёмбот төрийн далбаа хийморьтойгоор мандаж байгаа цагт монголын цагдаагийн алдар гавьяа, эр зориг, баатарлаг үйлс цугтаа мандсаар, бадарсаар байх болноо.
Өнөөдөр монгол цэрэг, цагдаа эх орныхоо дайчин хөвгүүд, охид байхаас гадна даян дэлхийд аюулгүй байдлыг сахиулах, бүс нутгийн хоорондын байлдаан, үй олноор алан хядах, шашин улстөрийн мөргөлдөөнийг зохицуулах олон улсын энхийг хамгаалах үйлсэд зүтгэж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гялалзтал биелүүлсээр байгаа нь түүх цадигийг түүчээлэн, хойч үеээ үлгэрлэн дагуулж ирсэн эрхэмсэг генералууд та бүхний ач гавьяа юмаа.
Монголын цагдаагийн сүр хүч, түүхэн уламжлалаа хадгалж, орчин үеийн ямар ч нөхцөлд ард иргэдийнхээ амар амгалангийн төлөө өндөр ур чадвараа дээшлүүлж, дээд зэргийн ухамсарт чанд сахилга батаараа үлгэрлэж ирсэн бие бүрэлдэхүүний сүр хүч ГЕНЕРАЛ ууд та бүхнээрээ бахархаж байна. Эртнээс нааш алдар цуутай, цагийн цагт цаглашгүй үйл хэргийг бүтээгч генералуудын маань яруу алдар бадарч, төр улс тайван, түмэн олон амгалан байх болтугай.
Б.Төгсжаргал