Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэдийн анхааралд
Тавигдах шаардлага:
1.Арван найман насанд хүрсэн Монгол улсын иргэн байх,
2.Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
3.Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдээгүй байх,
4.Улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус байх,
5.Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх,
6.Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй бие бялдрын зөв хөгжилтэй, сэтгэцийн өөрчлөлтгүй байх,
7.Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх,
8.Цагдаагийн байгууллагад ажиллах иргэн биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см-ээс багагүй, Дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэн биеийн өндөр эрэгтэй 165 см, эмэгтэй 160 см-ээс багагүй байх.
-Цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагын чиг үүргийн талаар.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бол Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад орж ажилласнаар ямар давуу талтай вэ?
Та Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад орж ажилласнаар хуульд заасан нийгэм, эдийн засаг, улс төр, хууль зүйн баталгаагаар хангагдана. Тухайлбал:
-Цалин хөлс нь “үндсэн цалин”, “цолны нэмэгдэл”, “албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл”, “төрийн тусгай алба хаасан хугацааны болон хуульд заасан бусад нэмэгдэл”-ээс бүрддэг. Ажилласан жил нэмэгдэх тусам цалин нэмэгддэг давуу талтай.
-Дүрэмт хувцсаар хангагдаж, нийтийн тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй зорчихоос гадна улирал бүр ажлын гүйцэтгэлийг үнэлж, мөнгөн урамшуулал олгогдоно.
- Гадаад, дотоодын цагдаагийн их, дээд сургуульд суралцах тохиолдолд тухайн алба хаагчийн суралцах хугацааны цалин, хөлс болон ирэх буцах тээврийн зардлыг төрөөс хариуцаж, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
- Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутамд олгож, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангадаг.
- Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хэрхэн хангадаг вэ?
-Орон сууцаар хангах хөтөлбөрт алба хаагчдыг үе шаттай хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж нийгмийн баталгааг хангадаг.
-Эрүүл мэндийн үзлэг болон гэнэтийн ослын даатгалд жил бүр хамруулж, албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндээрээ хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлүүлнэ.
- Алба хаасан 2 жил тутамд 3 өдрийн амралтын хоног нэмэгдэнэ.
Тэтгэврийн талаар.
-Ажилласан 1 жилд 3 сар нэмэгдэж тооцогддог бөгөөд эмэгтэй алба хаагч 20, эрэгтэй алба хаагч 25 буюу түүнээс дээш жил ажилласан тохиолдолд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
-Мөн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоход 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгодог.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласнаар ахлагчаас офицер, ахлах, тасаг, хэсгийн дарга, удирдах албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу албан тушаал дэвших боломжтой тул Та бүхнийг манай байгууллагад ажиллахыг урьж байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт болон шалгалт зохион байгуулах журмыг https://police.gov.mn/a/7257 танилцана уу.
Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.