Булган аймаг дахь цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж ирсэн.
Улсын чанартай замын 155 км тутамд хяналтын төвтэй байна гэсэн Засгийн газрын 153 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор Булган аймгийн төвөөс 11 км зайтай Хөвсгөл аймаг Улаанбаатар хотыг холбосон 123,0 сая төгрөгний өртөг бүхий зам тээврийн хяналтын анхны жишиг иж бүрэн камертай постыг 2014 онд барьж ашиглалтанд оруулж үр дүнтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.
Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн босгон дээр тус цагдаагийн газрын алба хаагчдын санаачлага, орон нутгийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг Архангай аймагтай холбосон орчин үеийн жишигт нийцсэн шилэн пассад бүхий замын хөдөлгөөний хяналтын төвийг ашиглалтанд оруулж, нээлтээ хийлээ.
Уг хяналтын төв ашиглалтанд орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ярьлаа.
Сум хөгжүүлэх “БУЛГАН АЗЗА” төрийн өмчит компаниас орон нутгийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч орчин тойрныг тохижуулахаар шийдвэрлэсэн байна. Булган аймгийн нутгаар нийслэлийг баруун аймгуудтай холбосон гурван трассын авто зам дайран өнгөрдөг бөгөөд орон нутгаас хөрөнгө шийдвэрлэсэн хоёр дахь төв юм.
Нээлтийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газраас эрчим хүч татах 8,7 сая төгрөг, авто замын хөдөлгөөнийг хянах, дугаар илрүүлэх иж бүрэн хяналтын камер суурилуулах 40 сая төгрөгийн хөрөнгийг сум хөгжүүлэх сангаас шийдвэрлэн тендер, сонгон шалгаруулалт зарлаад байна.
Энэхүү хяналтын төв нь хоёр давхар шилэн гадаргуутай нэг давхартаа ажлын байр, хоёр давхартаа алба хаагч нар амрах өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөөний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, автомашины дулаан граж бүхий цахилгаанаар халдаг нь орчин үеийн жишигт нийцжээ.
Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн 24 хэрэг, осол гарч, 14 хүний алтан амь эрсдсэн , 22 хүн гэмтсэний цаана олон иргэний ар гэрт уй гашуу авчирч, санхүү, эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол учирч байгаа эрсдлийг бууруулахад энэ хяналтын төв хувь нэмэрээ оруулна. Мөн малын хулгайн гэмт хэрэг байнга гардаг байсан ч энэ төв ашиглалтанд орсноор буурах бүрэн боломжтой.
Иргэдийн аюулгүй байдал, зам тээврийн осол, малын хулгайн гэмт хэргийг хэргийг бууруулахад бодит хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн Булган аймгийн болон Баяннуур сумын удирдлагууддаа ажлын амжилт хүсье.