Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Цагдаа-95" тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ шалгаруулжээ.
Тус тэмцээний гуравдугаар байранд шалгарсан Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаяр, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр нартай ярилцлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон та бүхэнд баяр хүргэе!
“Цагдаа-95” тэмцээнд оролцож амжилт гаргасан талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
Ч.Өлзийбаяр: Миний хувьд энэ тэмцээнд оролцоход үнэхээр санаанд багтаж өгөхгүй л байлаа, хэдийгээр чаддаг зүйлүүд байсан ч Хамгаалалтын нэгдүгээр газар гэдэг энэ том байгууллагынхаа итгэл найдварыг алдах вий гэхээс халширч байлаа. Дан ганц би гэлтгүй бүгд чадна л даа...Надтай цуг бэлтгэл хийсэн цагдаагийн ахлах дэслэгч С.Энхтулга бид хоёрын аль нэг нь энэ тэмцээнд орох байлаа. Тэмцээн болох өдрийн урд өдөр нь дасгалжуулагчтайгаа багаараа хэлэлцээд намайг оруулахаар шийдвэрлэсэн. Намайг бөхийн спорт гардан тулаан талдаа илүү гэж дасгалжуулагч маань үзээд давуу талаа ашиглах гэдэг үүднээс ийм шийдвэрт хүрсэн байх. Тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Ялангуяа гардан тулааны тэмцээн, 5 км-ын буухиа тэмцээн их өрсөлдөөнтэй байсан. Тэмцээн дууссан хойно бодож байхад зарим тал дээр би бас л болоогүй л юм байна гэж өөрийгөө голж л суулаа. Энэ тэмцээнд орно гэдэг их нэр төрийн хэрэг байдаг юм байна. Цаашдаа жил бүр явагддаг байгаасай.
Харин Ц.Одбаяр таны хувьд энэ тэмцээний онцлог нь юу байсан бэ?
Энэ тэмцээний онцлог гэвэл Цагдаагийн байгууллагын түүх дурсамжаар дүүрэн 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа, мөн энэ тэмцээнд өмнө нь олон жил дараалан оролцож, түрүүлж, ялагдаж, ялж явсан ахмад үе маань хүрэлцэн ирж, энэ тэмцээний урьдын сайхан түүхүүдийг ярьж, хэрхэн өрсөлдөж байснаа ярьж биднийг дэмжиж байснаараа их сонин сайхан тэмцээн боллоо. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ тангараг өргөсөн л бол аливаа зүйлээс бэрхшээх ёсгүй учраас энэ тэмцээний төрөл бүр нь Цагдаагийн алба хаагч бидний чаддаг байх ёстой мэдлэг, чадварыг л шалгасан. "Цагдаа" тэмцээн анх 1991 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 2006 он хүртэл зохиогдож байгаад арав гаруй жилийн дараа энэ жил зохиогдож байгаагаараа их онцлогтой байлаа.
Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах "Монгол цагдаа-95" тэмцээнүүдэд амжилттай оролцож одоогийн байдлаар 7 алт, 3 мөнгө, 5 хүрэл медалийн эзэн болсон Ч.Өлзийбаяр таны хувьд өрсөлдөгч баг, тамирчдын талаар.
Энэ тэмцээнд оролцсон баг, тамирчид Цагдаагийн байгууллагын газар, хэлтэс болгоноос шилдэг гэсэн хоёр алба хаагч оролцсон болохоор мэдээж хүчтэй байлаа. Гардан тулааны тэмцээнд самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастерууд гээд олон мундаг залуучууд оролцсон нь маш өрсөлдөөнтэй байсан.
Та ямар төрлийн спортоор хичээллэж байгаа болон гаргасан амжилтын талаар ярина уу?
Ч.Өлзийбаяр: Би Жүдо, Самбо, Чөлөөт бөхийн спортоор хичээллэхийн хажуугаар Олс таталт, Хүчний гурван төрөл, Гардан тулааны спортоор хичээллэж байна. Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль болон 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Чөлөөт бөх"-ийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалиар тус тус шагнагдсан.
Ц.Одбаяр: Би Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа 2 удаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын медаль, Африкт энхийн төлөө 1, 2-р зэргийн медаль, Цагдаагийн ерөнхий газрын Хүндэт жуух, Баярын бичиг, Дайчин алдар-2 медаль, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны "Хүндэт тэмдэг"-ээр тус тус сайшаагдсан.
Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагч нартаа юу гэж хэлмээр байна?
Ч.Өлзийбаяр: Энэ тэмцээнд үзүүлсэн амжилт бол хамт олны минь амжилт юм шүү. Хамт олныхоо чин сэтгэлийн дэмжлэгтэйгээр их зүйлийг сурлаа, олон чадварлаг залуучуудтай танилцаж, туршлагаасаа хуваалцлаа, тэдэндээ ч их баярлалаа. Мөн хамт олондоо болон биднийг дэмжиж бүхий л бололцоог олгож өгсөн тасаг, хэлтэс, газрынхаа дарга нартаа маш их баярласнаа илэрхийлье.
Ц.Одбаяр: Юуны өмнө нэр хүндтэй энэ тэмцээнийг дахин сэргээж зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууддаа баярласнаа илэрхийлье. Би цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа энэ тэмцээнд оролцож чадах болов уу гэж мөрөөдөж байсан мөрөөдөл минь биелж, цагдаагийн олон сайхан чадварлаг алба хаагчидтай өрсөлдсөнөөрөө бахархаж байна. Хамт олны маань урам зориг, өгсөн сэтгэлийн дэм гэдэг их хүчтэй байдаг юм байна, хамт олон байдаггүйсэн бол дан ганц бие хэнээрээ хөглөгдөхөв гэж хамт олноороо ч бахархаж байлаа.. Та бүхэндээ баярлалаа.