Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын мөрдөн шалгах хамтын ажиллагааны холбоо (IICA)-г байгуулах Анхдугаар форум”-д Монгол Улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцож, тус холбооны дүрэмд гарын үсэг зурлаа.
Форумд 26 улс, олон улсын таван байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсоноос Монгол Улс, АНУ, Швед, Франц, Сингапур, Австрали, БНСУ зэрэг 15 улс холбооны дүрмийг дэмжиж, нэгдсэн юм.
Монгол Улсын төлөөлөгчид мэдээлэл солилцоонд Интерполын тусгай сүлжээг ашиглах, гишүүн улс бүрээс холбоо барих ажилтан томилох санал дэвшүүлсэн нь оролцогчдын дэмжлэгийг авч, форумын хүрээнд 10 гаруй улсын цагдаагийн байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Ингэснээр Монгол Улсын цагдаагийн байгууллага олон улсын түвшинд мэдээлэл шуурхай солилцох, цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.
100 жил