Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол хиймэл оюун ашиглан хүний царай, дуу хоолойг дуурайлган бүтээсэн хуурамч дүрс, бичлэгээр үйлдэгдэх залилангийн эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж, олон нийтийг сэрэмжлүүлэх аяныг эхлүүллээ.
Гэмт этгээдүүд гэр бүлийн гишүүн, танил, хамтран ажиллагчийн дүр эсгэн мөнгө шилжүүлэхийг шаардах, хувийн болон банкны мэдээлэл авах, хуурамч хөрөнгө оруулалт санал болгох зэргээр иргэдийг залилан мэхлэх эрсдэл нэмэгдэж байна.
Интерполоос “Түр азна. Баталгаажуул. Залиланд бүү авт” уриалгын хүрээнд сэжигтэй дуудлага, хүсэлтийг нягтлан шалгах, тухайн хүнтэй урьдчилан мэддэг, баталгаатай сувгаар дахин холбогдох, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ нууц үг тохирох, цахим хаягтаа хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэхийг зөвлөж байгаа юм.
Хиймэл оюунаар бүтээсэн хуурамч дүрс, дуу хоолой бодит мэт харагдаж, сонсогдож болох тул аливаа хүсэлтэд шууд итгэхгүй байх, мөнгө шилжүүлэх болон хувийн, банкны мэдээллээ өгөхөөс өмнө заавал баталгаажуулахыг иргэддээ анхааруулж байна.
100 жил