“Цагдаагийн ахмадын нэг өдөр“ өдөрлөг боллоо

“Хамтдаа хөгжье-Хамтдаа шийдье” аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Ахмадын хороо хамтран “Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2025.06.10/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж, арга хэмжээг нээж Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж нар үг хэлэв.
Өдөрлөгт 80 гаруй ахмад оролцож, алдар цуутай буурлуудаа дурсан хүндэтгэх тэдний ариун нандин дайчин нөхөрлөлийг сэргээн бэхжүүлж, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлсэн төдийгүй дартс, шатар, 100 буудал даамны тэмцээн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийн үйлчилгээ үзүүлэв.
Мөн энэ үеэр Урьдчилан сэргийлэх албаны Сүлд-Соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон урлагийн тоглолт үзүүлж, сонирхуулсан юм.