МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоотой гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ энэ оны 03 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Энэхүү санамж бичигт Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Арга хэмжээнд ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Мөнхбат, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Г.Цагаанбаяр нар оролцов.
Дээрх санамж бичгийн хүрээнд гэрч, хохирогч, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалт хамтран зохион байгуулах, судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл хамтран туурвих, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.