“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ААС ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд өнөөдөр /2022.05.31/ боллоо.
Арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Ажлын албаны дарга Т.Ганбат, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бумнанжид нар оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах 7 байгууллагын эмэгтэй энхийг сахиулагчдын төлөөлөл 11 алба хаагчийг хүлээн авч, холбооны үйл ажиллагаатай танилцуулан халуун дотно яриа өрнүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулсан эмэгтэй энхийг сахиулагч нартаа “Эх үрсийн баяр”-ын мэндийг хүргэе.