ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн чиг үүргийн хүрээнд 2022 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу 2021 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, 2021 онд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр 97.6 хувьтай дүгнэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг байгууллагуудаас 1 дүгээр байрт шалгарсан.
Мөн 2021 оны жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн аудитаар цагдаа, дотоодын цэргийн 36 байгууллага болон нэгтгэсэн санхүүгийн тайлан “Зөрчилгүй дүгнэлт”-тэй шалгагдсан.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалтыг энэ оны А/38 дугаар тушаалаар баталж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд “Хүний эрхийг дээдлэн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, дэвшилтэт технологийн ашиглалтыг нэмэгдүүлнэ”, “Алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ” гэсэн зорилт, зорилтын шалгуур үзүүлэлт, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
1.1.Соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр: “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу ажлын байрны 1391 удаагийн сургалтад давхардсан тоогоор 211.200, давтан, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу 27 удаагийн 1615 цагийн сургалтад 1584 алба хаагчийг тус тус хамруулан үр дүнг тооцож, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу соёл, хүмүүжлийн мэдээлэл, сурталчилгааг 1743 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 237.903 алба хаагчид хүргэсэн.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журмуудыг судлуулах зорилгоор төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 53166 алба хаагчийг хамруулж, 172 алба хаагчийг сургагч багшаар бэлтгэсэн.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтад 1037 алба хаагч, иргэн болон гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх 1 удаагийн сургалтад 23 байгууллагын 82, олон нийтийн цагдаагаар 90, цагдаа, цагдаа-жолооч, дотоодын цэргийн харуулчин мэргэжил олгох сургалтад 138 иргэнийг тус тус сургаж гэрчилгээ олгосон.
Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор дотоод, гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн бакалаврын боловсролын эчнээ 3, 5 жилийн хөтөлбөрийн сургалтад 145, магистрын хөтөлбөрийн сургалтад 45, докторын хөтөлбөрийн сургалтад 8, Удирдлагын сургуульд 10, ОХУ, АНУ, БНХАУ, БНТУ, БНСУ, БНУУ зэрэг 6 улсын цагдаагийн байгууллага, академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, доктор, магистрантур, бакалаврын сургалтад 89, нийт 297 алба хаагчийг суралцуулж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Архивын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, АНУ-ын Элчин Сайдын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг 14 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 16 удаагийн бүсчилсэн болон нэгдсэн сургалтыг зохион байгуулж, 3865 алба хаагчийг хамруулсан.
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2022 оны сургалт, зөвлөгөөн”-ийг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 208 удирдах ажилтныг хамруулсан.
Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул, Дундговь, Дорнод, Өвөрхангай, Ховд аймаг дахь цагдаагийн газруудад Экологийн асуудал хариуцсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтан, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдад 3 удаагийн бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, 1892 алба хаагчийг хамруулсан.
Мөн алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтлэг зөрчил, дутагдлуудыг бодит кейс жишээн дээр тулгуурлан зөрчлийн хэлбэр бүрээр богино хэмжээний 42 видео шторкыг бэлтгэж, албаны сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
1.2.Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны ажиллагааны чиглэлээр: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу энхийг сахиулах ажиллагаа хариуцсан чиг үүрэг бүхий 3 алба хаагчийн орон тоог нэмэгдүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны Энхийг сахиулах төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газартай хамтран НҮБ-ын Мөрдөн байцаагчийн үндэсний сургагч багшийн сургалт (UN National Investigation Officer Training of Trainers UNNIO TOT)-д 2, НҮБ-ын ЭСА-ны “Сургагч багшийн дамжаа”, АНУ-ын Сангийн яамны Татварын хяналтын албаны Эрүүгийн мөрдөн шалгах хэлтсээс зохион байгуулсан “Худалдаанд суурилсан мөнгө угаалт ба НӨАТ-ын залилан” сэдэвт цахим сургалт, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Воронеж хотын Дотоод хэргийн дээд сургуультай хамтран Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр явуулсан цахим сургалтад алба хаагчдыг хамруулсан.
1.3.Үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газарт холбогдох эрүү, иргэн, захиргааны 29 хэргийн шүүх хуралдаанд хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр 28 удаа оролцсон.
Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж гарах Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 6 хууль, эрх зүйн 20 актын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаанд оролцож, санал боловсруулан ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын батлан гаргасан 22 хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичгийн талаарх мэдээллийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хүргүүлж, мэдээллээр хангасан.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хууль тогтоомжоор боловсруулсан гарын авлага, мэдээлэл, эрх зүйн акт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан тушаал, Улсын Ерөнхий прокурорын тушаалуудыг тухай бүр цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.system.police.gov цахим хуудсанд байршуулсан.
1.4. Хүний нөөцийн чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 351, Тэргүүн дэд, Дэд, Захиргааны удирдлагын газрын даргын 24 тушаалаар давхардсан тоогоор 1378 алба хаагчийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад нэмэгдүүлсэн 568 орон тооны хуваарилалтыг хийж, алба хаагчдын томилолтын асуудлыг шийдвэрлэснээр нэг алба хаагчид оногдох ажлын ачаалал буурахад эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Төрийн одон, медаль, цэргийн дээд цолоор шагнуулахаар нэр дэвшсэн 98, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулахаар нэр дэвшсэн 36, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнуулахаар нэр дэвшсэн 83, нийт 217 алба хаагчийн материалыг хүлээн авч, судлан 53 алба хаагч, ажилтныг төрийн одон медаль, 22 алба хаагч, ахмад ажилтныг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнагдсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр 8, Дотоодын цэргийн алдар тэмдгээр 11, Цагдаагийн төлөө тэмдгээр 1, Монгол цагдаа тэмдгээр 22, Хүндэт жуухаар 27, Спортын алдар тэмдгээр 1, нийт 70 алба хаагч, ажилтан, иргэнийг шагнаж урамшуулсан.
1.5.Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн алба хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын соёлыг тогтоох зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд цагдаагийн байгууллагыг манлайлан оролцож, хамтран ажиллах хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас ирүүлсний дагуу Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга нарт “Зөв зөвд, шударга зөв” аяныг байгууллагын алба хаагчдад сурталчилж, “Авлигатай тэмцэх газар”, “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк хуудаст нэгдэх ажлыг зохион байгууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд 2021 оны “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг 5484 алба хаагчаас хуульд заасан хугацаанд бүрэн гаргуулан, тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон хяналт шалгалт хариуцсан давхардсан тоогоор 62 алба хаагчаас “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдлийг гаргуулж, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, цахим системийн Мэдэгдэл, тайлбрыг бүртгэх цэсэнд бүртгэж, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулсан, томилогдсон буюу их хэмжээний өөрчлөлт орсон өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт мэдээлэл хүргүүлсэн.
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д заасны дагуу shilendans.gov.mn сайт болон байгууллагын цахим хуудсанд, “Худалдан авах ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх нийт 42 /давхардсан тоогоор/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга, үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn, www.police.gov.mn, www.shilendans.gov.mn-нд болон өдөр тутмын сонин хэвлэлд холбогдох хууль, журмын дагуу тус тус байршуулж, олон нийтэд ил тод мэдээлсэн.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр “Алба хаагчдын чөлөөт индэр”-т 45 минутын шууд дамжуулалт /лайв/ мэдээлэл хүргүүлж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан цахим сургалтад 35 алба хаагчийг хамруулсан.
Монгол Улсын Засгийн газрын “Авлигын төсөөллийн шалгуур үзүүлэлт /индекс/-ийг бууруулах, хангах, эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний цагдаагийн байгууллагад хамааралтай заалтын хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, үр дүнг тооцон үнэлэх үүрэг бүхий ажлын хэсгээс төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдүгээр улирлын байдлаар нэгтгэж, алба хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын индексийн түвшинг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, түүний хэрэгжилт, тушаал шийдвэрийн биелэлттэй Дэд даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу танилцан, зааварчиллаа.
1.6.Эрсдэлийн үнэлгээний чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2021 оны эрсдэлийн үнэлгээний тайланд тусгагдсан эрсдэлийг бууруулах, байгууллагад үзүүлэх нөлөөллийн түвшин, давтагдах магадлал, чанарын түвшинг харгалзан 3 бүлэг 21 заалт бүхий төлөвлөгөөг батлан, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх /код-137/ журам”-ын дагуу эрсдэлээ үнэлсэн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээний дүнг авахаар ажиллаж байна.
Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,
олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийн талаар
2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Үндэсний дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, үүрэн телефоны Скайтел, Жи мобайл, Юнител оператор компанийн удирдах ажилтнуудыг оролцуулан “Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, тэднийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг зөвлөе”, хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуурамч мөнгө”, “Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулан, 112 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв болон төрийн бус байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
Их, дээд болон ерөнхий боловсролын 1712 сургууль, зорилтод бүлгийн иргэд болон Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдсэн нийт 4331 иргэн, төрийн 596, төрийн бус 1223 байгууллагатай хамтран 543 удаагийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион явуулж, 9229 төрлийн зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг 44844 ширхгийг иргэд, олон нийтэд тарааж, төв, орон нутгийн 26 телевизийн зочны цагаар давхардсан тоогоор 105 удаа, 17 FM радио, 28 сонин, 36 цахим сайт /пейж/-д давхардсан тоогоор 1609 мэдээ, мэдээллийг байршуулан, хамтран ажилласан.
“Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс” пэйж хуудсаар “Цахим соёл”-ыг сурталчлах, хулгайлах, залилах, угаарын хий, зам тээврийн осол, хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг гэнэтийн осол, аюулаас сэрэмжлүүлэх, ХАСХОМ мэдүүлэх заавар зэрэг, нийт 4 лайв, 3 подкаст, 24 видео шторк, 65 постер, 54 мэдээлэл нийтэлж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэснийг 712.500 хүн үзэж, 22837 удаа бусадтай хуваалцсан байна.
2.2.Экологийн цагдаагийн албаны чиглэлээр: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Монголын Экологийн цагдаа: Дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, байгаль экологид учирсан хохирлыг бууруулах чиглэлээр “Нөхөн сэргээлт-2024”, “Эко-2022”, “Эрчимжүүлэлт-2022” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 125 холбогдогчтой 1.129.300.000 төгрөгийн хохиролтой, 98 хэрэг, үйлдлийг илрүүлж, 118.700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.
Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл 44, нөлөөллийн постер 25, видео шторк 15, нөлөөллийн видео 6-г нийтэлсэн нь давхардсан тоогоор 3.080.396 хүнд хүрсэн.
2.3.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Гэмт хэрэг, зөрчлийн 100819 дуудлага, мэдээллийг шалгаж, 48 хэрэг, 25578 зөрчлийг илрүүлэн, 25803 иргэн, 192 хуулийн этгээд, албан тушаалтанд 783.481.000 төгрөгийн торгууль ноогдуулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 404, түр саатуулсан 452 тээврийн хэрэгсэл , 16615 хүнийг эрүүлжүүлж, 7317 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, 280 хүнийг шүүхээр баривчлуулсан.
Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн хэмжээнд агаар бохирдуулагч зонхилох эх үүсвэрүүд, гэр хороолол бүхий 99 хорооны нутаг дэвсгэрт 6 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулсан.
Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх үеийн хамгаалалтын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийн дагуу гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 17.843 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар: Нийслэлийн 6 дүүрэг болон 21 аймгийн 339 сумын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, тушаал шийдвэрийн хэрэгжилт, коронавируст халдварын нөхцөл байдал, малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинээр голомт үүсгэхгүй байх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, холбогдох чиглэл, зөвлөмж өгөх талаар 12 удаагийн цахим хурал зохион байгуулан ажиллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоолоор Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж, мөн газрын 2022 оны 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалж, халдварын тархалтын “Шар” түвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд 01 дүгээр улиралд Улсын онцгой комиссын 2021 оны 06 дугаар тогтоолын дагуу короновируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусын “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлан ажиглах байрны хамгаалалт, зохицуулалтад 291 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах экспорт, импортын бараа, ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар захирамж, Засгийн газрын 2022 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн “Замын-Үүдийн авто боомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын дагуу "Эрээн-Замын-Үүд" боомтод алба хаагчдыг томилж ажиллуулсан.
2.4.Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах тэмдгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай байршлуудад шинээр тэмдэг байрлуулах саналыг Нийслэлийн замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГазарт хүргүүлэн, шийдвэрлүүлсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд шинээр байрлуулах 335, арчлалт, засвар хийлгэх 164, хурааж авах 14 тэмдгийн судалгааг байршил, зураглалын хамт гаргаж Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн товч мэдээлэл, шалтгаан, нөхцөл, хор уршгийг таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг, ноцтой зам тээврийн осол гэмтэл, долоо хоног, амралтын өдрүүдийн нөхцөл байдал, замын байгууламжийн талаар 74 төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэн, 41 телевизэд давхардсан тоогоор 281, FM радиод 114, албаны болон бусад цахим 52 сайтад 245 удаа тус тус өгч, иргэд, олон нийтэд түгээсэн.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах, таслан зогсоох, хүүхдийг зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод”, “Гэрлээр анхааруулъя”, “Гар утас”, “Тавхан хором хүлээе”, “Сурагчийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо 2022” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл: 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 79.930 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 25.571 буюу 32.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 54.359 буюу 68.0 хувь нь зөрчлийн шинжтэй байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэл 21974 буюу 37.9, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 10367 буюу 68.2, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 11607 буюу 27.1 хувиар тус тус өссөн.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 8002 буюу 31.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12998 буюу 50.8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 213 буюу 0.8 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн. Шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 3338 буюу 15.7 хувийг 5 хоногт, 17518 буюу 82.6 хувийг 6-19 хоногт шийдвэрлэсэн.
Улсын хэмжээнд нийт 11182 гэмт хэрэг бүртгэгдсэний 7776 буюу 69.5 хувь нь нийслэлд, 3402 буюу 30.4 хувь нь орон нутагт, 4 буюу 0.1 хувь нь бусад газарт /хилийн чанадад/ бүртгэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 5505 буюу 97.0 хувиар, нийслэлийн хэмжээнд 4352 буюу 2.3 дахин, орон нутагт 1152 буюу 51.2 хувиар, бусад газар /хилийн чанадад/-т 1 буюу 33.3 хувиар тус тус өссөн.
Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.6, дээрэмдэх гэмт хэрэг 3.1 дахин, залилах гэмт хэрэг 2.8 дахин, мал хулгайлах гэмт хэрэг 44.9, хүчиндэх гэмт хэрэг 48.5, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 12.5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 52.3 хувиар тус тус өсч, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 43.5 хувиар буурсан.
Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 41.9, нийслэлд 44.0, орон нутагт 36.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 10.7, нийслэлд 13.4, орон нутагт 3.2 нэгжээр тус тус өссөн.
Гэмт хэргийн улмаас 12 хуулийн этгээд, 10924 иргэн хохирсноос 293 хүн нас барж, 2835 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хохирогч 5589 буюу 2.0 дахин, гэмтсэн хүн 1009 буюу 55.3, нас барсан хүн 110 буюу 60.1 хувиар тус тус өссөн байна.
Мэдээлэл хүлээн авах, шуурхай удирдлагын чиглэлээр: Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 149913 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 6947, зам тээврийн осол, хэргийн 26016, зөрчлийн 103114, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 12200, зарлан мэдээллийн 1242 дуудлага /үүнээс: сураггүй алга болсон хүн/,хүүхэд 168, олдсон хүн/хүүхэд 77/, бусад 394 бүртгэгдсэн ба үүнээс: гадаадын иргэнтэй холбоотой 77, архидан согтуурсантай холбоотой 37.830, цагдаагийн алба хаагчтай холбоотой 198, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 20 мэдээ, мэдээлэл бүртгэгджээ.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаараас цагдаагийн байгууллагын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарт ирүүлсэн 657 дуудлагыг хүлээн авч, хамтран ажилласан.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зарлуулахаар ирүүлсэн сураггүй алга болсон болон олдсон хүн/хүүхэд/, хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл, эд зүйлс, мал зэрэг нийт 67 мэдээллийг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр зарлан мэдээлсэн.
2.5.Урьдчилан сэргийлэх чиглэлээр: Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нарын гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх, ур чадварыг нэмэгдүүлж, ажлын байран дээр нь сурган дадлагажуулах ажлыг энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд баталсан удирдамжийн дагуу 173 хорооны 317 хэсгийн байцаагч, 161 хороо хариуцсан цагдаа, нийт 487 алба хаагчийг хамруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Үндэсний дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, үүрэн холбооны оператор компаниуд зэрэг 15 байгууллагын удирдах ажилтнуудыг оролцуулан “Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөвийг зөвлөе” арга хэмжээг 21 хоногийн хугацаатай зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, тэднийг зөв үйлдэлд уриалах чиглэлээр төрийн 596, төрийн бус 1223 байгууллагатай хамтран 543 удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион явуулж, 64600 иргэнийг хамруулан, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс арга хэмжээг иргэд олон нийтэд шинэлэг, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх чиглэлээр аймаг, дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд холбогдох саналыг хүргүүлж, нийт 41.812.250 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлсэн.
Нийслэлийн боловсролын газар, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагатай хамтран 0-10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн сургалтын менежер, арга зүйч, багш нарт цахим сургалт зохион явуулсан.
2.6.Хэвлэл, мэдээллийн чиглэлээр: Цагдаагийн байгууллагын албан ёсны www.police.gov.mn сайтад байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээтэй холбоотой 8 ярилцлага, цаг үе, үйл явдлын 51, видео мэдээ 14, бусад 18, нийт 91 мэдээ, мэдээллийг бэлтгэн байршуулсан нь давхардсан тоогоор 1.537.263 хүний хандалт авсан.
Хэвлэл, мэдээллийн төвийн фэйсбүүк цахим хуудаст 373 мэдээ, мэдээллийг нийтлэн иргэд, олон нийтэд түгээснийг давхардсан тоогоор 9.185.789 /reach/ хүн үзэж, 68293 /like and reaction/ хүн лайк дарж, 31.859 /share/ удаа хуваалцаж, 5.992 /comment/ хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Твиттер хуудаст 107 мэдээ, мэдээллийг байршуулсан.
2.7.Зохион байгуулсан спорт, урлагийн арга хэмжээний чиглэлээр: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй 10 байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдсан билльярд, гар бөмбөгийн “Нөхөрсөг-уулзалт” тэмцээнд 4 дүгээр байрт шалгарсан.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2022 оны сургалт, зөвлөгөөний үеэр “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 130 удирдах ажилтан оролцсон.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Жүдо бөх”-ийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” хөвгүүдийн 34, охидын 25 дахь тэмцээнийг Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран зохион явуулж, бага, дунд, ахлах насны 1428 тамирчин оролцсон.
“Хүч” спорт хорооны ахмад, залуучууд, өсвөр үеийн давхардсан тоогоор 106 тамирчин чөлөөт, жүдо, самбо, кураш, бүстэй бөх, хүндийн өргөлт, холимог тулаан, пауэрлифтинг, бокс зэрэг спортын 9 төрлөөр улс, олон улсын хэмжээний 12 удаагийн тэмцээнд амжилттай оролцож, нийт ганцаарчилсан төрөлд 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр “Дэд байр”, “Гутгаар байр” эзэлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэх арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран энэ оны 02 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Спортын төв ордон”-д зохион байгуулж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 16 анги, байгууллагын 250 алба хаагчийг хамруулсан.
Гурав. Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний ажлын талаар
Монгол Улсын Их Хурлаас 2022 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсвийг 289.0 тэрбум төгрөгөөр баталж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Худалдан авах ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-г батлуулан, хөрөнгө оруулалтад 11.1, урсгал төсөвт 17.0 тэрбум төгрөг тус тус тусгуулсан.
Тендер хүлээн авч байгаа 6, үнэлгээ хийгдэж буй 2, үр дүн гарсан 30 төсөл арга хэмжээ буюу давхардсан тоогоор нийт 38 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга, үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn, www.shilendans.gov.mn-нд болон өдөр тутмын сонин хэвлэлд холбогдох хууль, журмын дагуу байршуулж, олон нийтэд ил тод мэдээлэн ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, Сангийн яамны “Э-тайлан”-ийн системд нэгтгэн Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын автопаркийг шинэчлэх ажлын хүрээнд “Киа моторс монгол” ХХК-тай тусгай дуут гэрлэн дохио, техник хэрэгслээр тоноглосон 5 төрлийн 350 автомашиныг 4 жилийн хугацаатай түрээсийн журмаар худалдан авах гэрээ байгуулж, энэ оны 01 дүгээр улирлын байдлаар 336 автомашиныг хүлээн авч, Улаанбаатар цагдаагийн хүрээ болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хуваарилан олгоод байна.
“Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд 498 насанд хүрсэн хүн, 238 хүүхэд, нийт 429 сувилуулагч хүлээн авч, үйл ажиллагааны орлого 69.6 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 85.7 сая төгрөгийг төвлөрүүлэн, хөнгөлөлттэй үнээр цагдаа, дотоодын цэргийн 193 алба хаагч сувилуулсан байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР