МОНГОЛ УЛСАД “ХУРАНДАА” ЦОЛ ОЛГОЖ ЭХЭЛСНИЙ 86 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 86 жилийн ойг “Монгол хурандаа” нийгэмлэгээс Хил хамгаалах ерөнхий газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Улсын хэмжээнд 3000 гаруй хурандаа цолтон байдаг. Эдгээр хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулдаг. Одоогоос 86 жилийн өмнө цэрэг, цагдаагийн байгууллагад хурандаа цолыг олгож эхэлжээ. Хурандаа нарын өдрийг тохиолдуулан найман хурандаад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд 300 гаруй хурандаа цолтнууд хүрэлцэн ирсэн юм.
“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.