Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаярынд өнжлөө
Эх сурвалж: Өдрийн сонин Н.Гантулга
Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул эл эрхэм өдгөө Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагчаар ажиллаж байна. Монголын цагдаа, дотоодын цэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас албаа эхэлсэн тэрээр эрүүгийн төлөөлөгч, нийтийн хэв журмын ахлах байцаагч, улмаар төрийн хамгаалалтын тасгийн дарга, тусгай салбарын захирагч хүртлээ дэвшсэн намтар цадиг баялаг нэгэн. Ажил албаны зэрэгцээ байлдааны самбогоор хичээллэж дэлхийд хоёр удаа аваргалсан, мөн самбо, жүдо, үндэсний бөх гээд их спортод өөрийгөө зориулсан 30 шахам жилийнх нь түүх бичигдэнэ. Тэр бол өөрийнхөө амьдралыг өөрөө босгож, ялж дийлэхийн төлөө тэмцэж, зорьсон зорилгынхоо даваан дээр гарах гэж хөлс хүчээ шавхан зүтгэж өнөөгийн өндөрлөгт хүрсэн эгэл жирийн дархад хүмүүн.
Г.Эрдэнэбаяр гавьяаттай эхлээд ажил дээр нь уулзлаа. Спорт зааландаа өглөөнийхөө бэлтгэлийг хийсэн бололтой хөлс дуслуулчихсан, алчуур мөрөн дээгүүр хаяад цээж нүцгэн орж ирэв. Түүний удирдаж буй тусгай салбар Монголд террорист үйл ажиллагаа болсон үед, хүн малын онц ноцтой халдварт өвчин гарсан үед, байгалийн гамшиг болоод эмх замбараагүй байдал бий болсон үед таслан зогсоох, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
Эрхэм хурандаа Цагдаагийн дээд сургуулийн хууль, эрх зүйн ангийг дүүргэж “Эмх замбараагүй байдал бий болсон үед таслан зогсоох тактикийн зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Монголын хууль хүчинд анх удаа ийм сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнээр тодорсон гэдэг. “Таны өрөөнд хоёулаа ярилцаж сууна. Эхлээд ажил албаныхаа тухай танилцуулахгүй юу” гэж ерөнхий асуулт тавихад, Монголын цагдаа, дотоодын цэрэгт олон сайхан хүмүүстэй гар сэтгэл нийлж, тэдний удирдлагад ажиллаж иржээ. Энэ хүмүүсээ эхлээд ах нь дурсмаар байна гээд Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Р.Раднаадорж, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга хурандаа Б.Эрдэнэном, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга Д.Оюутболд болон Ц.Ариунбат хурандаа нарыг нэрлэнэ билээ. Тэгээд мэдээж одоо удирдлагад нь ажиллаж байгаа ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг хэлсэн. “Энэ хүний арга барил, хүнээр ажил хийлгэх увдис гэж лут юм байна. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, бусдыг удирдан манлайлж чаддаг чадвар нь гайхалтай” гээд ийм хүмүүстэй ажиллаж, нөхөрлөж ирснээр өнөөдөр би удирдах албан тушаалыг нэр төртэй хашиж байна хэмээн итгэл төгс хэлсэн юм. Байлдааны самбогийн спортыг анх заасан Монгол Улсын гавьяат багш цагдаагийн хурандаа С.Хаянгарваагийн тухай мөн өгүүлсэн.
“Та бол халуун цустай дархад хүн, дээрээс нь маш их зарчимч, ёс жудгийг эрхэмлэдэг нь мэдээж” гээд өөр рүү нь хандуулан асуух маягтай дөхтөл хүүхэд шиг инээд алдаад “Халуун цустай, цөстэй гэхээсээ илүү өөрийгөө мэдэрдэг, сэтгэлдээ уул усаа бодож омогшдог ийм л хүн юм, ер нь уулын хүмүүс ийм л байдаг байх” гэх хариулт өгсөн. Хүүхэд шиг инээд алдаад гэснээс улс орны цохилох зүрх болсон, үргэлжид түгшүүрийн дохион дор байдаг тусгай салбарыг удирдаж буй хурандаа жигтэйхэн сайхан инээмсэглэсэн өр зөөлөн хүн. Ажил албыг нь, туулж ирсэн зам мөрийг нь бодохоор хөмхийгөө зуусан шазууртай нэгэн санаанд буух нь бий. Үүргээ гүйцэтгэж явахдаа өөр байдаг байх л даа. Харин амьдрал дээр уулзаад ярилцахаар нэг л сайхан дүр зураг мэдрэгдэнэ. Австрали тивийг л үзээгүй, түүнээс биш дэлхийн олон орноор явж хүн төрөлхтний соёл, тухайн улсын онцлог амьдралынх нь философийг мэдэрсэн тэрээр “инээмсэглэл бол бусдад өгч байгаа маш том бэлэг” гэж хэлсэн. “Хамт олноо, сайн сайхан хүмүүсийг баярлуулахын төлөө өөрт байгаа бүхнээ чин зүрхнээсээ зориулж чаддаг” гэж яриан дундаа хэллээ. Уг үгнийх нь баталгаа олон зүйлээр хэмжигддэг. “Эрдэнэбаяр хурандаа надад тэгж тусалж байлаа. Амьдралаа босгоход гол багана минь болсон” гэж олон нөхөд, дархад найзууд минь хэлдгийг миний бие энэ зуурт шигтгээд орхиё. Нялх охинтойгоо хоёул амь зуухын тулд гудманд бусдын гар царайчлан суугаа хараагүй өвгөний тухай мэдээлэл зурагтаар цацагдангуут мань хүн тэр дор нь тухайн телевиз рүү холбогдож өвгөнтэй уулзаад “Дэлхийн зөн” байгууллагад хандан гэр оронтой болгож, бүрэн тавилгыг нь угсарч өгөөд нялх охин, өвгөн хоёрыг ёстой хагартал нь баярлуулсан байдаг. “Би чиний зүс царайг харж чадахгүй ч гэсэн ямар сайхан хүн бэ гэдгийг халуун дулаан сэтгэл, тусч чанар чинь хэлээд өглөө, хүү минь. Чи сайн сайхан амьдарна аа гэж” өргөө гэртэй болсон өвгөн галаа бадрааж суухдаа хэлсэн юм гэдэг. “Тэр хүний буян ирсэн байх аа, ах нь дараа жил нь гавьяат болсон юм шүү” гээд инээд алдаж байна. Гавьяат болсныхоо дараа ах дүү нартаа бүгдэд нь “гавьяатын хишиг” хэмээн хагас сая төгрөг өгч тэднийгээ баярлуулжээ. Олсноо бусадтайгаа хуваадаг энэ мэт олон жишээг нь дурдаж болох юм. “Хүнд битгий худал хэл. Бусдыг хэзээд ч гомдоож, хуурч болохгүй. Энэ бол миний амьдралдаа баримталдаг алтан зарчим” гэсэн нь огтоос эргэлзээгүйгээр үнэн сонсогдсон юм.
Бидний яриа хөөрөө хурандаагийн гэрт халуун тулганых нь дэргэд үргэлжиллээ. Тэднийх “Энканто” хотхонд дөрвөн өрөө байранд тэгш дүүрэн амьдарч байна. Таван хүүхэдтэй ажээ. Хүүхдүүд маань эхнээсээ тусдаа гарч байна даа гэж гэрийн эзэн хэлэв. Хань нь Доржготовын Баярсайхан гэж намуун дөлгөөхөн сайхан хүн. “Манай гэрийн хүн их тайван, барагтайд уурлана гэж байхгүй. Би болохоор цагдаа хүчний байгууллагад 30 жил нервтэж явна. Заримдаа ч ажлын их дарамт, стресстэйгээ гэртээ ирэх үе байсан. Ханийнхаа царайг хараад л сэтгэл уужирдаг, бурхан ингэж тааруулдаг юм билээ” гэж хэлэхэд нь амьдралын сайхан мэдрэгдэх шиг болсон сон. “Миний дүү ахынхаа бурхан тахилын өрөөгөөр нэг орохгүй юу” хэмээн найрсгаар өгүүлээд хойд талынхаа өрөөнд урилаа. Хамгийн түрүүнд аавын минь авдар гэж бурхан тахил өрсөн модон авдрын нүүрийг илбээд хэлж байна. Эрдэнэбаяр гавьяатын аав нь Хандын Гомбосүрэн гэж хүний дээд болсон дархад хөгшин байжээ. “Уул ус, байгаль дэлхий чинь ярьж чаддаггүй болохоос амьтай юм шүү. Нэг амьтных нь амийг, нэг ургамлынх нь үндсийг ч таслах учиргүй. Ялангуяа шоргоолжны үүрийг эвдэж болохгүй” гэж ачит эцэг нь захисныг хүү нь амьдралын туршид бодож явна. Гомбосүрэн гэж тэр хүн эмийн ургамлаар олон түмнийг эмчилдэг, дархад зоныхоо дунд “маарамба”-ын зиндаанд хүндлэгдсэн сайхан буурал 84 наслаад бурхны оронд оджээ. Аавынх нь ээж Ханд Удган гэж нутаг усандаа алдартай удган хүн байж. Мөн ээж Пунцайн Нямцэрэнгийн ээж буюу эмэг эх нь Хулган Удган гэж бас л алдартай удган байсан гэнэ.
Тэртээ дөчөөд оны эхээр ижий, аав хоёр нь Улаан-Уулын Өндөр Цахир хайрхны өвөрт гэр бүл болж гал голомтоо бадраахдаа эл авдрыг хоймроо тавьсан түүх бий. Хүү нь аав ээжийнхээ буян шингэсэн авдрыг хаяж гээлгүй өдийг хүргэж тэргүүн дээр нь эцэг өвгөдийнхөө ном судар, бурхан тахилыг залж явна гэдэг дээдийн хүндэтгэл юм даа. “Авдар дотор байх ёстой бүх зүйлийг хийсэн. Ухаандаа торго, хурганы арьс, архи гэх мэт бүх зүйл байгаа” гэж гэргий нь хэлсэн. Бурхны шүүгээний хажууд Өндөр Цахир хайрхных нь нарны гэрэл асгарсан зураг залаатай байна. Эл хайрхны өвөрт энэ гэрийн эзэн эхээс мэндэлж хүмүүн заяаг олжээ. Өндөр Цахир хайрхнаа шүтэн дээдэлж явах учиртай шүү гэх эцгийн захиасыг дагаж 2007 онд албан ёсоор тахиж эхэлсэн гэнэ. Тэр цагаас хойш нутгийн зон олон хайрхны тахилгыг хүлээдэг болсон гэдэг. Хайрхнаа дээдлэн тахисны дараа жил Эрдэнэбаяр гавьяат дэлхийн хошой аварга болж монгол төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн дэвжээнээ дахин мандуулж уул ус, ураг саднаа баярлуулжээ. Юмны ерөөл буян тэгж л хурдаг билээ сэн. Тив, дэлхийгээс хүртсэн медалиуд нь мөн л бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд залаатай. Хамгийн дээд талд алдарт эхийн одон харагдсан нь нүднээ содон тусч байгаа юм. Ижийнхээ алдарт эхийн одонг, мөн аавынхаа цэргийн гавьяаны улаан тугийн одонг эрхэм гавьяат бүх медалийнхаа дээд талд хүндэтгэн байрлуулсан нь тэр. Эцэг эхийн ач буян, энэрэл хайрыг тэгж зүрх сэтгэлээсээ дээдлэн шүтдэг нь онцгой санагдсан. Ер нь багын л эх эцгээ дээдэлдэг байсан нь яриа хөөрөөнөөс нь мэдрэгдэж байв. Бусад нь ижийнхээ өгсөн хоол ундыг голж, өөдөөс нь том дуугарч байхад “навшгар шар” нэртэй гавьяат л өгснийг нь үг дуугүй идчихээд суудаг байсан гэх. Ийм ерөөл билгэтэй түүнд эцэг эхийн буян нь ирж алдар хүндийн эзэн бололгүй ч яахав дээ гэх бодол давхар давхар төрж л байлаа.
Том өрөөнийх нь хойморт Дэлгэрхааны бадамласан цагаан оргил, Хорьдол Сарьдагийн уулс хошууран зүмбэрлэж харагдана. Унаган нутгийнхаа шүтээн цаст их уулсаа хоймроо залалгүй яав гэж. “Идэр гурван есийн энэ өдрүүдэд миний нутагт цасны цагаан будан татчихсан ёстой нэг эр хүний хийморь лундаа сэргэхээр байгаа даа” гэхүйд бадамласан цагаан оргилынх нь салхи алгадах шиг болж билээ. Дэлхийд хоёрт бичигддэг ноён оргил, 8611 метрийн өндөрт өргөгдсөн Пакистаны алдарт К2 уулын зургийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа 2014 онд Эрдэнэбаяр гавьяатын нэрэмжит спортын наадам Хөвсгөл аймагт болох үеэр дурсгажээ. К2 уулын ноён шовх оргил дархад зоны шүтээн Дэлгэрхааны оргилтой адил харагддаг нь сонин. Тэрхүү бэлгэшээлийг бодож уг зургийг дурсгасан ч байж магад. Энэ алдарт уулын оргилд Монголын нэрт тамирчин Гангаамаа гарч дэлхий дахинд шуугиан болж байсныг бид мэднэ. Гангаамаа тэд гэр бүлээрээ ойр байдаг хүмүүс юм билээ. Гэр орных нь энэ мэт олон сайхан зүйлтэй танилцаж хүүхдүүдийнх нь өрөөгөөр орж, бага хүү дөрвөн настай Баярбаясгалангийн “Монгол орноо дэлхийд мандуулна” гэх эрхэм зорилгыг сонсч, гэрийн эзний аймгийн заан цолны малгай, хажууд нь том хүү Цолмонтогтохын аймгийн начин цолны малгайг том өрөөний хойморт хүндэтгэн байрлуулсныг харж, ер нь бүх зүйл утга учиртайг мэдэрч зогслоо. Гал тогооны ширээнээ гэрийн эзэгтэйн хийсэн хоол цайг амтархан зооглох зуураа Баярсайхан эгчтэй өөрийнх нь тухай хөөрөлдөв. Аав нь Завханы Шилүүстэй сумынх юм байна. Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан Очирваанийн нутгийн хүн. Мөн олон хутагт хувилгаадын нутгийн хүн. Тэрээр Дилав хутагтынхаа тухай, Андиа гэгээнийхээ тухай баримтат кино бүтээжээ. Бас Жалханз хутагт, Ялгасан гэгээний тухай баримтат кино хийсэн. Монголд анх удаа хутагтын тухай баримтат уран сайхны кино хийсэн нь тэр юм билээ.
Тэр жил буюу 2009 онд Их Явуугийн 80 насны ойн яруу найргийн наадамд оролцохоор утгын их мэргэд, найргийн бурхадтай Завхан нутагт дөрөө мулталж билээ. Энэ үеэр зохиолчид Отгонтэнгэр хайрхны тухай “Мөнх тэнгэрийн цагаан уул” киног үзэж бүгдийнх нь сэтгэлд Очирваань хайрхны шүншиг орших шиг санагдсан сан. Тэгтэл тэрхүү киноны зохиогч, ерөнхий найруулагч, ерөөс их хутагтуудынхаа бүтээлийг бүтээсэн гавьяатан маань миний өөдөөс хараад гал тогооныхоо өрөөнд зөөлхөнөөр инээмсэглэн сууж буй энэ эрхэмсэг хатагтай болохыг мэдэж гэнэтийн баяр хөөрт умбаснаа нуух юун. Эрдэнэбаяр гавьяат “Манай гэр бүлийн хүн Завханы Шилүүстэйн гаралтай. Танай Бавуудорж найрагчтай ус нутаг нэг, дээрээс нь уран бүтээлчийн хувьд ойр” гээд инээвхийлж байсан. Ойроор барах уу, ерөөс зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн дунд явж ирсэн даруухан нэгэн ажээ. Дилав хутагтын тухай, Андиа гэгээнийхээ тухай нэг нэг уран сайхны кино хийх миний мөнхийн зорилго гэж хэлсэн нь ямар сайхан санагдсан гэж санана. Дилав хутагтын тухай “Цагаан дуганы гэгээ” уран сайхны кино хийсэн, хутагт судлаач соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхантай хэрхэн танилцсанаа, утсаар яриад шуудхан Завхан ниссэнээ, замд нисгэгч нь Отгонтэнгэрийг нар зөв тойрон эргэж маш ховор содон зурагнууд буулгаж авснаа, Дилав хутагтын тууринаас буцаж явахад есөн аргал замд таарч өвөр зүг рүү орсноо, мөн Отгонтэнгэрийн Бадархундага нуураас буцаж явахад чоно таарч өвөр рүү орсноо ихэд бэлгэшээсэн гээд олон чиг дурсамж дурдатгалын хуудсыг эргүүлсэн юм.
Баярсайхан эгч 2007-2010 онд Солонгос улсад байж тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын тухай “Солонгын орноор” баримтат цуврал кино хийж Монголын ард түмний хүртээл болгосноо яриан завсраа дуулгасан. Эрдэнэбаяр ах тэр хоёрын танилцсан түүх бас сонин. Нөхрийнхөө тухай хөрөг нэвтрүүлэг хийгээд танилцсан гэдэг. “Би оюутан байхдаа найзууддаа хэзээ ч бөх юм уу, цагдаа хүнтэй суухгүй гэж хэлж байсан удаатай. Гэтэл жинхэнэ цагдаа бөх хүнтэй суусан. Амьдралд хүн ам гарч болдоггүй юм билээ. Одоо манай найзууд надаас ам асуудаг юм” гэж гэрийн эзэгтэй инээд наргиан болгов. Тэрээр ханиараа бүр нэг чин зүрхнээсээ бахархдаг нь илт. Үг бүрээс нь ханиа хайрласан, ханиараа бахархсан өнгө аяс, аз жаргал, хайр энэрэл мэдрэгдэж байв. “Монголын эмэгтэйчүүд өнөөдөр ихэнх нь айдастай байдаг. Хэзээ нөхөр маань согтуу ирэх бол, согтуу ирээд яах бол гэж боддог. Гэвч надад тийм айдас байхгүй. Манай хүн архи, тамхи хэрэглэдэггүй. Амар амгалан, аз жаргалтай айл гэж байдаг бол манайх гэж би бардам хэлнэ. Хүүхдүүд маань аавыгаа нэг ч удаа согтуу байхыг хараагүй, албан ажлын ачааллаа хаалганы гадны үлдээгээд орж ирж чаддаг” гэх үгнээс амьдралын сайхан, аз жаргалын гэгээ гэрэл ундарч байв. Ханьдаа зориулж хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од гавьяаттай хамтран “Амин нутаг” дуун суварга бүтээж, Хөвсгөлийн сайхан дуучин Отгойн Баянмөнх дуулж амьдруулжээ.
Өнжиж буй айлын эзэн хурандаа хорин настай, хонгор зүстэй, халуун цустай дархад залуу Хөвсгөлийн цагдаагийн албанд шуугиан тарьж явсан нь ерээд оны эхэн үе. Түүнийх нь дурсгал болох нэгэн зураг бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд өлгөөтэй байна лээ. Тэр бол “Цагдаа-93” тэмцээнд түрүүлж мотоциклиор шагнуулсан ерэн гурван оны зураг. Үүнээс улбаалаад эрхэм хурандаа Монголын цагдаа, дотоодын цэрэгт ажиллахдаа гурван айхавтар зүйлтэй нүүр тулснаа сонирхуулсан юм. Тангараг өргөсөн цэргийн албан хаагч 30 шахам жилийн хугацаанд юу эсийг туулах билээ. Түүнээс гуравхан зүйлээ хуваалцсан нь Хөвсгөлд байх үеийнх нь явдал. Ерэн дөрвөн онд Хөвсгөлд цагдаа байхад нь шүүхээс ялын дээд хэмжээ сонссон нөхөр оргосон дуулиан гарчээ. Түүнийг хоёр төлөөлөгчийн хамт мөрдөн мөшгөж Хөвсгөлийн гүн хөх тайгыг мориор самнасан гэдэг. Ингээд намрын тэр өглөө оргодлыг ээж дээрээ очоод аяга цай уугаад хөдлөхөд нь аргагүйн эрхэнд буудаж шархдуулаад барьж авчээ. Өнөөх нөхөр чинь эхлээд тэр гурав руу, үндсэндээ хамгийн том бууг мөрлөж яваа Эрдэнэбаяр руу буудсан гэдэг. “Үс босоод чих хуураад явчих шиг болсон. Өөрийгөө амьд гэдэгт итгэж ядаж байсан” гэв. Дараагийнх нь хоёр тохиол хоёулаа онгоцны осолтой холбоотой. Ерэн таван оны Хөвсгөлд сүйрсэн онгоцны ослын хэргийн газарт цагдаагийн дарга Раднаадорж болон Баялаг-Эрдэнэ нарын хамт анх очжээ. 56 зорчигчтой онгоцноос нэг хүн амьд байсан нь Өлзийбаяр. “Тэр тухай ярих юм биш дээ. Ахад нь одоо аймшгийн кино шиг санагддаг юм” гэлээ. Мөн Эрдэнэтээс Завхан руу нисэхдээ Галтын Байшинт уулыг мөргөсөн онгоцны осол. ЦЕГ-ын дарга Д.Мөрөн Улаанбаатараас онгоц хөлөглөн очиж Хөвсгөлийн төвөөс Эрдэнэбаяр цагдааг аваад хэргийн газарт аваачиж мануулж хонуулсан байна. 29 зорчигтой онгоцноос нэг ч хүн амьд үлдээгүй бүгд сүйрсэн. “Амьд хүнээс ай, үхсэн хүнээс бүү ай” гэдэг үгийг тэр шөнө мэдэрч жинхэнэ утгаар нь мэдэрч хоносон гэдэг. Хэрвээ 29 гэмт хэрэгтэн байсан бол намайг алаад хаячихна биз дээ гэв. Ийм л баялаг намтартай сонин содон зүйлээр дүүрэн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, хурандаагийнд өнжлөө. Хүүхдүүдтэйгээ найз нь юм шиг харилцаатай гэр бүл гэдэг нь анзаарагдсан. Том хүү Цолмонтогтох ОХУ-д инженерийн чиглэлээр сургууль төгсөж одоо АНУ-д ажиллаж байгаа гэнэ. Том охин Цолмон Цагдаагийн академи төгссөн, нийслэлийн шүүхэд ажиллаж байна. Охин Нинжин Соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангид суралцаж байна. Хүү Цолмонбаатар Улаанбаатарын их сургуульд суралцаж байна. Бага хүү дөрвөн настай Баярбаясгалан. Тэднийх хоёр зээтэй гэнэ. Хүн зөв явбал бурхны шагнал өөрөө ирдэг гэдэг. Өлийн халзан давааныхаа 13 их овоонд сүслээд уул усаа сэтгэлдээ тээгээд нутгаасаа гарч байсан залуухан хүү өнөөдөр дархад түмний нэр нүүр, сүр сүлд нь болон дээдлэгдэж, дэлхийн дэвжээнд Монголоо мандуулсан эрхэм хүндэтгэлийн эзэн болжээ. Хань ижлээ халамж хайр, дээдийн хүндэтгэлээр өргөмжилсөн Эрдэнэбаяр гавьяатынх шиг өрх гэр Монголоор минь дүүрэн болтугай гэх ерөөлийн үгээр энэхүү туурвилаа өндөрлөе.