Нийслэлийн цагдаагийн газрын тайлангийн хурал боллоо
Нийслэлийн цагдаагийн газар 2018 онд Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн шилдэг болон оны онцлох ажилтнуудаа шалгарууллаа.
Мөн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 101 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.
Шагнагдсан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Мөн тэргүүний хамт олноор Нийтийн хэв журам хамгаалах газар, хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар 6, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар 10, оны онцлохоор 3 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.