Сурагчид зөвлөлдлөө
Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” болон Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн сурагчдын уулзалт, зөвлөгөөн өнөөдөр /2018.12.11/ Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Сургууль бүрт ажиллаж буй Сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Өсвөрийн сэргийлэгчдийг идэвхжүүлэх, сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүдийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг явуулсан бөгөөд харилцан туршлага солилцсон юм.
Энэхүү бүлгэмүүдийн үйл ажиллагааг ирэх онд Монголын Сурагчдын холбоо, Ледир сурагч академийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үе шаттай сургалт явуулах, сургууль бүрт сэтгэл зүйчтэй зэрэг саналыг сурагчдын зүгээс гаргажээ. Мөн сургууль орчмын ТҮЦ-ийн үйл ажиллагаанд хяналтыг чангатгах, бүлгэмийн гишүүд үе тэнгийнхээ хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх, бага, дунд ангийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад бүх талаар тусалдаг байх тухай ч сурагчид хэлэлцсэн бөгөөд тэдний саналыг эрх бүхий байгууллагуудад уламжлах юм байна.
Энэхүү үйл ажиллагааг НИТХ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа.