Канад Улсын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаас хуваалцаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албатай хамтран өнөөдөр /2018.11.01/ хоёр сургалт зохион байгуулж байна.
Тодруулбал, МИАТ компанийн байранд болж буй “Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга аргачлал” сэдэвт сургалтад цагдаагийн алба хаагчдаас гадна энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бусад төрийн байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа юм.
Мөн “Галакси” цамхагт “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд дүн шинжилгээ хийх арга, аргачлал” сэдэвт сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цагдаагийн мөрдөгчид номын дуу сонсож байна.
Сургалтуудыг Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн албаны төлөөлөгчид лекц, семинар хэлбэрээр явуулж байна. Эдгээр сургалт нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санаачилгыг нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байв.