КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР УУЛЗАЛТ, БАЙЦААЛТЫН ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА
Канад сангийн “Орон нутгийн санаачлага хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр олон улсын жишигт нийцсэн уулзалт, байцаалтын өрөөг Хан-Уул дүүрэг дэхь цагдаагийн 2-р хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газарт тус тус тохижуулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр (Ed Jager), Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Төв аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр нар оролцлоо.
Мөрдөн байцаалтын явцад бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд, гэмт хэрэгт холбогдсон этгээдээс мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны үед хувь хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг хамгаалах, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчоос ганцаарчилан мэдүүлэг авах тусгай өрөөг бий болгох хэрэгцээ шаардлага цагдаагийн байгууллагад гардаг.
Энэхүү шинээр байгуулсан өрөөнүүд нь дээрх шаардлагуудыг хангасан, олон улсын жишигт нийцэж байгаагаараа онцлогтой юм.