Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн оролцлоо
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал өнөөдөр /2026.07.10/ Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, төрт ёсны түүхэн уламжлалаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор энэхүү өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж ирсэн.
Энэ удаагийн Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4400 алба хаагч оролцож, цэргийн 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийг олон нийтэд танилцуулсан техникийн парад болов.
Хүндэтгэлийн ёслолын жагсаалд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн оролцож, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго удирдаж, салбарын даргаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарсанаа, Урьдчилан сэргийлэх албаны “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Солонго, Дотоодын цэргийн штабын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Х.Баднаажонон, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Харуулын ротын захирагч, хошууч П.Ган-Очир нар алхлаа.
Монгол төрийн сүр хүч үеийн үед мандан бадраг.



100 жил